| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00163/И |
| Дугаар | 155/ШШ2024/00378 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00378
| 2024 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00378 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.ын М.,
Хариуцагч: Мын О.,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 63,628,000 (жаран гурван сая зургаан зуун хорин найман мянга) төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг П.М.аас гаргуулах тухай 155/2024/00163/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М., түүний өмгөөлөгч Н.Т, хариуцагч М.О., түүний өмгөөлөгч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.М. нь хариуцагч М.О.д холбогдуулан 63,628,000 (жаран гурван сая зургаан зуун хорин найман мянга) төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч М.О. нь нэхэмжлэгч П.М.т холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг П.М.аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч П.М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгч М.О.тай Барьцааны гэрээ байгуулж, харилцан тохиролцож, 21,000,000 төгрөгийг Мөрөн 7 дугаар багт байршилтай, үйлчилгээний байр (гэрчилгээний дугаар *********, улсын бүртгэлийн дугаар *****, 2730м.кв газрын хамт зээлийн гэрээний барьцаанд барьцаалж, үнэлгээг 200,000,000 үнэлж) барьцааны гэрээг нотариатчаар баталгаажуулан гэрээ хийж, улмаар уг гэрээний нөхцөлд ...2013 оны 06 сарын 04-нөөс эхлэн сар бүр зээлийн хүү 378,000 төгрөг төлөх, бөгөөд зээлээ 2014 оны 06 сарын 04-ний өдөр төлж дуусгах-аар тохиролцож гэрээ байгуулсан юм. Мөн М.О., бид хоёр 2012 оны 06 сарын 05-ны өдөр ...21,000,000 төгрөгийг 1,7 хувийн хүү болох 378,000 төгрөгийг 06 сарын 05-наас эхлэн сар бүр төлж байх нь үнэн болно гэж хэлэлцэн тохирч, гарын үсэг зурцгааж, нотариатчаар баталгаажуулан тамга даруулж бичгээр хэлцэл хийсэн. Дээрхи гэрээний дагуу миний бие 2013 оны 06 сарын 05-ны өдөр 21,000,000 төгрөгийг М.О.д дансаар шилжүүлж өгсөн ба уг мөнгөөр ноолуур авч өгнө гэсэн боловч хууран мэхэлж банкныхаа өрийг төлсөн байсан. Түүнээс хойш М.О. нь зээлж авсан мөнгөө огт өгөхгүй байгаа бөгөөд байнга л мөнгөө авах, өгөх талаар ярилцсаар өдий хүрлээ. 2015 оны намар 10 сард *** улсын дугаартай пургон машиныг 5,000,000 төгрөгт тооцож, М.О.аас авсан. Би Цагаан-Үүр сумын Энхбаяр гэдэг хүнд зарсан. Бид малын түүхий эд, ноолуурын худалдааг хамтдаа хийдэг байсан ба байнга л мөнгөө авах талаар нэхдэг, өгнө гэдэг байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсээр л зээлсэн мөнгөө эргүүлж өгнө гэж байнга хэлсээр бодсоор л өдий олон жил өнгөрсөн болно...2013 оны 06 сарын 05-ны өдрөөс хүүг...126 сараар тооцоход 47,628,000 төгрөг, үндсэн мөнгө 21,000,000 төгрөг, нийт 68,628,000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2015 оны 09 сард пургон машиныг 5,000,000 төгрөгт хүүнд төлөх төлбөрт тооцож авсаныг хасаад 63,628,000 (үндсэн зээл 21,000,000 төгрөг + хүү 42,628,000) төгрөгийг М.О.аас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Нэхэмжлэгч П.М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Олон жил өнгөрсөн учир зарим зүйлийг андуурч нэхэмжлэлдээ буруу бичсэн байна. Би тухайн үед банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан байсан. М.О. нь Төмөрбулаг сумаас ноолуур авч өгөхөөр тохирч, би бэрийнхээ хамт 21,000,000 төгрөгийг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. Тухайн үед баримт үйлдсэн боловч олдохгүй байна. Гэтэл М.О. хэд хоногийн дараа нөгөө мөнгийг зээлийн төлбөрт банк татаад авчихлаа. Зээл дахиад авах гэтэл хугацаа хэтэрсэн зээлтэй гээд өгөхгүй байна. Танд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ барьцаалья, банкинд зээлтэй юм чинь 21,000,000 төгрөгийг банкны хүүгээр тооцож, сар бүр 378,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөөд мөнгийг буцааж өгнө гээд нотариатч дээр очиж, барьцааны гэрээ байгуулан, хэлцэл бичиж гарын үсэг зурж гэрчлүүлсэн. Тэр хэлцлийг М.О. өөрөө бичсэн. 2013 оны 09 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 10 сард пургон машиныг 5,000,000 төгрөгөөр үнэлж хүүнд тооцож өгсөн. Үүнээс хойш мөнгийг маань өөрөө болон хүүхдүүд нь өгнө гэсээр өдий хүрсэн. М.О. мөнгөө өгөөгүй учраас барьцаанд өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ банкны барьцаанд тавьж зээл авахыг манай хүүхдэд зөвшөөрч, гэрчилгээний хугацааг сунгаж, итгэмжлэл хийж өгсөн. М.О. надаас авсан 21,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөг өгөхөөр эвлэрэхгүй байгаа тул анх шүүхэд гаргасан үндсэн мөнгө 21,000,000 төгрөг, хүү 42,628,000 төгрөг, нийт 63,628,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ багасгаад одоо үндсэн мөнгө 21,000,000 төгрөг гаргуулж авна гэв.
3. Хариуцагч М.О. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 63,628,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд. 1. Би П.М.тай...21,000,000 төгрөгийн нэхэмжлэлд бичигдсэнээр...2013 оны 06 сарын 04-ний өдрөөс эхлэн, сар бүр зээлийн хүү 378,000 төгрөг төлөх бөгөөд зээлийн хүүгээ 2014 оны 06 сарын 04-ний өдөр төлж дуусгахаар тохиролцон гэрээ байгуулсан...нь хэрхэн ямар учиртайг ерөөсөө ойлгосонгүй. 2. Нотариатаар батлуулсан барьцааны гэрээний хувьд П.М. нь бусдаас зээл авах сонирхлыг агуулсан байж болох талтай. 3. Хэлцэл хийсэн...гэдгийг би бас ойлгосонгүй. Сар бүр 378,000 төгрөгийг хүүд төлнө гэсэн нь П.М.ын санаа юм. Яагаад...хүү, түүний төлбөр тооцоод, түүнийг олон сараар тооцож байгааг нэхэмжлэгч хариуцагч надад тайлбарлах болов уу. 4. П.М. нь... 2013 оны 06 сарын 05-ны өдөр 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийг миний дансанд шилжүүлэн өгсөн...гэжээ. Миний дансанд тэр өдөр тийм мөнгө шилжиж ирээгүй болно. Мөн 21,000,000 төгрөгөөр банкны зээл төлөгдөөгүй. 5. Бид хоорондоо бизнес хийхдээ хүмүүсийн адилаар мөнгө төгрөг авч өгөлцдөг байсан. Харин 21,000,000 төгрөг болон түүний хүү 378,000 төгрөг, үүнийг 12 сараар тооцоод 4,536,000 төгрөг хугацаа хэтрүүлсэн хүү тооцоход 47,628,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно...21,000,000 төгрөгийг миний бие ямар нэгэн хэлбэрээр (дансаар) аваагүй юмаа, үүнийг М. өөрөө мэдэх учиртай бөгөөд ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй байхад хийсэн мэтээр шүүхэд хандсан нэхэмжлэлдээ тэмдэглэжээ. М. нь 2012 оны 06 сарын 05-ны өдөр хэлцэл хийсэн мэт зүйлийг бичээд нотариатчаар батлуулсан гэсэн атлаа 2013 оны 06 сарын 05-ны өдөр буюу бүтэн нэг жилийн дараа 21,000,000 төгрөгийг М.О. миний дансаар шилжүүлэн өгч мөн би тэр мөнгөөр нь ноолуур авч өгнө гэж тэгээд хууран мэхлээд банкны өрийг төлсөн болгожээ. Тэгсэн атлаа шүүхэд гаргаж өгсөн баримтад тэр талаарх ямар ч баримт өгөөгүй байх юм. Тэгээд надаас байнга мөнгөө нэхдэг талаар худлаа зүйлийг бичсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 21,000,000 төгрөг надад хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 24, 85 дахь тал)
4. Хариуцагч М.О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Би 21,000,000 төгрөгийг ямар ч хэлбэрээр аваагүй. Энэ тухай баримт байхгүй. П.М.ын надад хэлсэн зүйлийг би бичсэн, түүнээс мөнгө зээлж аваад хүү төлнө гэж тохиролцоогүй. Барьцааны гэрээ, хүү төлөх тухай баримтад гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийн гэрээ байгуулаагүй байж, барьцааны гэрээ байгуулсан нь хууль бус байна. Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түүнийг наймаа хийхэд нь ашигтай гэж бодож өгсөн. П.М.т 500,000 төгрөг болон пургон машиныг 5,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Гэхдээ өгөх ёстой мөнгөндөө өгсөн байх. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хугацаа дууссан байсан тул сунгалт хийлгээд буцааж өгсөн. Банкны зээлийн барьцаанд байгааг мэдсэн. Олон жилийн хугацаанд итгэлцэлийн үндсэн дээр гэрчилгээгээ аваагүй байсан. П.М. 21,000,000 төгрөг өгсөн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
5. Хариуцагч М.О. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барьцаалагч П.М., барьцаалуулагч М.О. бид барьцааны гэрээг байгуулж, уг гэрээг нотариатч О.Н************эрчилж баталгаажуулсан байдаг. Энэхүү гэрээ нь ямар зээлийн гэрээнд үндэслэсэн нь тодорхойгүй байдаг. Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн байх тул 2013 оны 06 сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, уг гэрээнд тэмдэглэгдсэн 2009 оны 01 сарын 10-ны өдрийн гэрчилгээг мөн газрын гэрчилгээний хамт хариуцагч П.М.аас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд дурдсан өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус П.М.ын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт байгаа гэжээ. (хавтаст хэргийн 82-83 дахь тал)
6. Хариуцагч М.О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.М. нь миний 2500м.кв талбай бүхий газар, 1890м.кв талбай бүхий объектын хоёр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байгаад 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлсөн байсан. Энэ хугацаанд 200,000,000 төгрөгийн зээл авч ашигласан байсан. П.М.ын нэхэмжилж байгаа 21,000,000 төгрөг надад хамааралгүй учраас барьцааны гэрээг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгч П.М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О. надаас авсан 21,000,000 төгрөгийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ тавьсан, мөн манай хүүхдэд итгэмжлэл хийж, банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Банкны барьцаанаас авсан, одоо надад байгаа, 21,000,000 төгрөгийг өгвөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг нь М.О.д өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
8. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Барьцааны гэрээ, М.О.ы иргэний үнэмлэх, 21,000,000 сая төгрөгийн хүү 378,000 төгрөгийг сар бүр төлөх тухай бичилттэй баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Y-***** дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Э-********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, С.Энхбаярын ...*** дугаартай пургон машин худалдаж авсан үнэн болно... гэх бичилттэй өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн П.М.ын Зээлийн мэдээллийн лавлагаа (иргэн) сайнскор, ХААН банкны зээл товч лавлагаа, ХААН банкны ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2010.01.01-2016.07.01), 42-27 БУА улсын дугаартай пургон автомашины зургийн хуулбар, М.О.ы 2016 он, 2019 онд тус тус М.Г-д олгосон итгэмжлэл, М.О. Б.Б-, Б.С- нарын 2020 онд С.Г-Ж.Д- нарт олгосон итгэмжлэл, Б.С-н 2021 онд М.Г-д олгосон итгэмжлэл, ХААН банкны товч лавлагаа зэрэг нотлох баримт ирүүлсэн. (хавтаст хэргийн 3-10, 30-34, 59-79, 80, 106-110 дахь тал)
9. Хариуцагчаас: Хариу тайлбар өгсөн. (хавтаст хэргийн 24, 85 дахь тал)
10.Шүүх: Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.О.д холбогдох 2012-2013 оны зээл олгосон, хаасан талаарх баримтыг ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар, Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар, Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар, Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбараас тус тус гаргуулан, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29, 35-41, 43-51 дэхь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П.М. нь хариуцагч М.О.д холбогдуулан 63,628,000 (жаран гурван сая зургаан зуун хорин найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь зээлийн хүү 42,628,000 (дөчин хоёр сая зургаан зуун хорин найман мянга) төгрөг авахгүй, үндсэн мөнгө 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийг гаргуулж авна гэх тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагаа 42,628,000 (дөчин хоёр сая зургаан зуун хорин найман мянга) төгрөгөөр багасгаж байна.
Шүүх нэхэмжлэгч П.М.ын нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгөөс 15,500,000 (арван таван сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
а. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би тухайн үед банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан байсан. М.О. нь Төмөрбулаг сумаас ноолуур авч өгөхөөр тохирч, би бэрийнхээ хамт 21,000,000 төгрөгийг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. Гэтэл М.О. хэд хоногийн дараа нөгөө мөнгийг зээлийн төлбөрт банк татаад авчихлаа. Зээл дахиад авах гэтэл хугацаа хэтэрсэн зээлтэй гээд өгөхгүй байна. Танд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ барьцаалья, банкинд зээлтэй юм чинь 21,000,000 төгрөгийн хүүг банкны хүүгээр тооцож, сар бүр 378,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөөд мөнгийг буцааж өгнө гээд нотариатч дээр очиж, барьцааны гэрээ байгуулж, хэлцэл бичиж гарын үсэг зурж гэрчлүүлсэн. Тэр хэлцлийг М.О. өөрөө бичсэн. 2013 оны 09 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 10 сард пургон машиныг 5,000,000 төгрөгөөр үнэлж, авсан мөнгөний хүүнд тооцож өгсөн. Үүнээс хойш мөнгийг маань өөрөө болон хүүхдүүд нь өгнө гэсээр өдий хүрсэн. М.О. мөнгөө өгөөгүй учраас барьцаанд өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ банкны барьцаанд тавьж зээл авахыг манай хүүхдэд зөвшөөрч, гэрчилгээний хугацааг сунгаж, итгэмжлэл хийж өгсөн. М.О. надаас авсан 21,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөг өгөхөөр эвлэрэхгүй байгаа тул анх шүүхэд гаргасан үндсэн мөнгө 21,000,000 төгрөг, хүү 42,628,000 төгрөг, нийт 63,628,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ багасгаад, одоо үндсэн мөнгө 21,000,000 төгрөг гаргуулж авна гэж тайлбарлав.
б. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би П.М.аас 21,000,000 төгрөгийг ямар ч хэлбэрээр аваагүй. Энэ тухай баримт байхгүй. П.М.ын надад хэлсэн зүйлийг би бичиж, гарын үсэг зурсан, түүнээс мөнгө зээлж аваад хүү төлнө гэж тохиролцоогүй. Зээлийн гэрээ байгуулаагүй байж, барьцааны гэрээ байгуулсан нь хууль бус байна. Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түүнд наймаа хийхэд нь ашигтай гэж бодож өгсөн. П.М.т 500,000 төгрөг болон пургон машины үнэ 5,000,000 төгрөгийг өгөх ёстой мөнгөндөө өгсөн байх. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хугацаа дууссан байсан тул сунгалт хийлгээд буцааж өгсөн. Олон жилийн хугацаанд итгэлцэл дээр үндэслэн гэрчилгээгээ аваагүй байсан. П.М. 21,000,000 төгрөг өгсөн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.
3. Хариуцагч М.О.ы 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
а. Хариуцагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.М. нь миний 2500м.кв талбай бүхий газар, 1890м.кв талбай бүхий объектын хоёр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байгаад 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлсөн байсан. Энэ хугацаанд 200,000,000 төгрөгийн зээл авч ашигласан байсан. Зээлийн гэрээ байгуулаагүй байж, барьцааны гэрээ байгуулсан нь хууль бус, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 21,000,000 төгрөг надад хамааралгүй учраас барьцааны гэрээг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авна гэж тайлбарласан.
б. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрсөн. Үүнд: М.О. надаас авсан 21,000,000 төгрөгийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ тавьсан, мөн манай хүүхдэд итгэмжлэл хийж, банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Банкны барьцаанаас авсан, одоо надад байгаа, 21,000,000 төгрөгийг өгвөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг нь М.О.д өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлалаа.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч П.М. шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ.
Зохигч хоорондоо 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 21,000,000 төгрөгийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч хариуцагч М.О. барьцааны гэрээнд заасан тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй бөгөөд тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий пургон автомашиныг П.М.т өгсөн. Мөн хариуцагч нь банкны барьцаанд тавихыг зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний хугацаа болон итгэмжлэлийн хугацааг сунган ашиглуулж байсан болох нь зохигчийн тайлбар, 3 жилийн хүчинтэй хугацаатай 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулсан итгэмжлэлүүд зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 106-109 дэхь тал)
Дээрх үндэслэлээр хариуцагч М.О. нь барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзлээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
а. Зохигч хоорондоо 21,000,000 (хорин нэг сая) төгрөг өгсөн, авсан талаар маргаж байгаа бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанд өгч, барьцааны гэрээ байгуулсан, 21,000,000 (хорин нэг сая) төгрөгийн хүү төлөх талаар баримт үйлдсэн тухай маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч П.М. нь 21,000,000 (хорин нэг сая) төгрөг хариуцагч М.О.д өгсөн гэж дүгнэлээ.
Зохигчийн хооронд 21,000,000 төгрөгийн хүү 378,000 төгрөгийг сар бүр төлөх тухай баримт үйлдэн, барьцааны гэрээ байгуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Мөрөн сумын----------------тоотод оршин суугч П.М.т иргэн 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт оршин суугч М.О. нь (21,000,000) сая төгрөгийн (1,7) хүү болох 378,000 төгрөгийг 06 сарын 05-наас эхлэн сар бүр төлж байх нь үнэн болно гэх бичилттэй баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 4-6 дахь тал)
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2-д Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан шаардлагыг 21,000,000 төгрөгийн хүүнд 378,000 төгрөгийг сар бүр төлөх тухай баримт хангасан байх тул талуудын хооронд хийсэн энгийн хэлцэл гэж үзнэ. Тодруулбал талууд тус баримтын агуулгыг тусган, гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрснөө баталгаажуулсан. (хавтаст хэргийн 6 дахь тал)
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу П.М.т 21,000,000 төгрөгийн 1,7 хувийн хүү болох 378,000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр М.О. төлж байхаар тохиролцсон гэж үзнэ. Тодруулбал П.М.т 21,000,000 төгрөгийн 1,7 хувийн хүү болох 378,000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр М.О. төлж байхаар тохиролцсон зохигчийн хооронд хэлцэл хийжээ.
Хариуцагч М.О. хэлцэл болон барьцааны гэрээнд заасны дагуу 21,000,000 төгрөгийн хүүнд тооцож, нэхэмжлэгч П.М.т 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 42-27 БУА улсын дугаартай пургон маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн болох нь зохигчийн тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Э-н өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 79, 9 дэхь тал)
Хариуцагч М.О. ...Би П.М.аас 21,000,000 төгрөгийг ямар ч хэлбэрээр аваагүй. Энэ тухай баримт байхгүй. П.М.ын надад хэлсэн зүйлийг би бичиж, гарын үсэг зурсан, түүнээс мөнгө зээлж аваад хүү төлнө гэж тохиролцоогүй... гэж маргаж байгаа боловч ямар шалтгаанаар барьцааны гэрээ болон хүү төлөхөөр зөвшөөрсөн баримт үйлдсэн тухайгаа тодорхой тайлбарлаж чадахгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч П.М., хариуцагч М.О. нар зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, зээлийн хүү тогтоож, тодорхой хугацааны дараа буцааж өгөх талаар тохиролцон, П.М.т зээлийн хүүнд тооцож 500,000 төгрөг, пургон маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна тус тус заажээ.
Гэтэл зохигчийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 2 дугаар хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалттай 1890кв.м талбайтай улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, тус газарт байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын --------------- дугаар бүхий 2590м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э-********** дугаартай газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээ нь дээрх хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй болохыг зааснаар зохигч нь барьцааны гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцааж авна. Мөн нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдана.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 21,000,000 төгрөгөөс хариуцагч М.О.ы өгсөн 5,500,000 төгрөгийг хасаад 15,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П.М.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч М.О. нь П.М.т холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.М. нь барьцааны гэрээгээр шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өгөхийг зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх... шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар зохигчийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Хариуцагч М.О. нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэх үндэслэлээр шаардах эрхтэй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох зохигчийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч П.М.аас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 2 дугаар хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалттай 1890кв.м талбайтай улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тус газарт байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ********* дугаар бүхий 2590м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э-********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж, хариуцагч М.О.д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П .М.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,090 төгрөг, хариуцагч М.О.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,500,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 235,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 546,290 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохыг дурдлаа.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Y-***** дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Э-********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, -------------БУА улсын дугаартай пургон машины зургийн хуулбар, нотлох баримтын шаардлага хангахгүй, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн П.М.ын Зээлийн мэдээллийн лавлагаа (иргэн) сайнскор, ХААН банкны зээл товч лавлагаа, ХААН банкны ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2010.01.01-2016.07.01), М.О.д холбогдох 2012-2013 оны зээл олгосон, хаасан талаарх баримтыг ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар, Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар, Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар, Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбараас гаргуулсан баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 7-8, 80, 30-34, 59-78, 110, 43-51 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.О.аас 15,500,000 (арван таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.М.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д заасныг баримтлан зохигчийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч П.М.аас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 2 дугаар хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалттай 1890кв.м талбайтай улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тус газарт байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ********* дугаар бүхий 2590м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э-********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж, хариуцагч М.О.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.М.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,090 төгрөг, хариуцагч М.О.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О.аас улсын тэмдэгтийн хураамж 235,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.М.т, нэхэмжлэгч П.М.аас улсын тэмдэгтийн хураамж 546,290 төгрөг гаргуулж, хариуцагч М.О.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА