Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 016

 

Б.У-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00727 дугаар шийдвэртэй, Б.У-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/23 дугаартай “Б.Уг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус газрын гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин 1,350,000 төгрөг гаргуулах тухай.

           

Нэхэмжлэлд:  “Монгол улсын иргэн Б.У би Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн "Ажилд томилох тухай" 29 дугаартай тушаалаар гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэл зүйчээр 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн томилсон ба би уг ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Б.У-ыг ажилд түр томилох тухай" Б/08 дугаартай тушаалаар тус газарт гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн томилж ажлын байранд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаанд хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл ажил олгогч нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А/23 дугаартай тушаал гарган намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой. Ажил олгогч ажилтан Б.У надтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч надад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдэх хуудсыг миний бие гардан хүлээн авсны дараа 23 хоногт ажлаас чөлөөлсөн. Би 3 ой хүрээгүй 4 сартай хүүхэдтэй байгаа үед ажлаас чөлөөлсөн. Б.У намайг тус газрын гэрээт ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Энэхүү нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул миний гаргасан шийдвэрийн талаарх тайлбарыг хүргүүлж байна. Б.У-г ажлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар: Х.П миний бие 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажлаа авсан өдрөөс эхлэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, батлагдсан төсөв, цалин орон тоо, төсвийн зарцуулалт болон төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтийн явц, төсвийг зориулалтын дагуу зарцуулж байгаа байдалд хяналт тавьж ажилласан. Хяналт тавих явцад тус газрын 2019 онд батлагдсан төсөвт цалингийн сан 8 хүний орон тоогоор батлагдсан атлаа бүтэц орон тоог 20 хүнээр батлуулсан. Өөрөөр хэлбэл цалингийн сан батлагдаагүй 12 ажилтныг илүү орон тоогоор авч ажиллуулж байгаагаас НДШ-д өртэй, татварт өртэй, цалингийн зарцуулалт хэтрэлттэй, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй хүүхэд хамгааллын зардлаас илүү орон тоонд авсан гэрээт ажилтнуудыг цалинжуулдаг зэрэг зөрчлүүд илэрсэн. Б.У-ыг ажилд түр томилсон 2019 оны Б/08 дугаар тушаалын 4-т гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас цалинжуулахаар зөвшөөрсөн атлаа хүүхэд хамгааллын зардлаас цалинжуулж ирсэн бөгөөд тус зардлыг зөвхөн гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд зарцуулдаг буюу ажилтнуудыг цалинжуулдаг зохицуулалт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл тус байгууллагад санхүүгийн талаас батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй зүй бус зарцуулж Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа нь илт мэдрэгдсэн. Иймээс дээрх зөрчлүүдийг арилгуулах, төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан бүтэц орон тоо, цалингийн санд тохируулж ажиллах өөрөөр хэлбэл илэрсэн зөрчлүүдийг арилгуулах Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс арга хэмжээг авч ажилласан.Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, илүү орон тоогоор авч ажиллуулж байгаа гэрээт ажилтнуудын цалингийн санг шийдвэрлэж өгвөл цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, хүүхэд хамгааллын зардлыг зориулалтын дагуу зарцуулах талаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад өөрийн эрх мэдлийн хүрээнд хандсан. Харамсалтай нь шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнуудаас гэрээт ажилтнуудын цалингийн санг шийдвэрлэсэн шийдвэр ирээгүй. Мөн гэрээт ажиллагсдыг Хүүхэд хамгааллын зардлаар цалинжуулж байгаа зөрчлийг нэн даруй таслан зогсоож батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж зөрчлийг арилгуулан ажиллах талаар үүрэг өгсөн.Иймд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/04 дугаар бүхий "Төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг дээшлүүлэх, ажил эрчимжүүлэх тухай" албан даалгавар, ХНХСайдаас өгсөн үүрэг даалгавар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаас ирсэн чиглэл, зөвлөмж, Аймгийн санхүүгийн хяналт аудитын газрын даргын гаргасан дүгнэлтийн дагуу тус байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх, зөрчлүүдийг арилгуулах, төсвийн сахилга батыг хангах үүднээс бүрэн эрхийнхээ хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасан. Тус газарт Гэр бүл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан сэтгэл зүйчээр гэрээтээр ажиллаж байсан Б.У-ыг ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас буюу сонсох ажиллагааг холбогдох хуулийн дагуу гаргаж 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр танилцуулахаар утас руу нь холбогдоход утас нь холбогдохгүй байсан ба гэрт нь очиход өөрөө байхгүй. Цагааннуур тосгон руү явсан тул ээж нь болох Нямжав гуайтай холбогдож тухайн өдөр байгууллагад ирүүлж мэдэгдэх хуудсыг гардуулсан. Харин уг мэдэгдэх хуудсыг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан атлаа Б.У нь хөдөөгөөс ирсний дараа гарын үсэг зурж 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгууллагад хүргэж авсан болно. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь төсвийн ерөнхийлөн захирагч нь тус байгууллагын бүтэц орон тоог аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/283 тоот тушаалаар баталсан атлаа цалингийн санг чиглэлийн 3.4, 3.5, 3.6-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.”  гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00727 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаартай “Б.У-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.У-г Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан сэтгэл зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.У-ын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны төсвийг батлахдаа ажиллагсдын тоог нийт 8 байхаар /үүнээс төрийн захиргааны албан хаагч 4, үйлчлэх ажилтан 4 нягтлан бодогч 1, бичиг хэргийн ажилтан 1, жолооч 1, үйлчлэгч 1/ тогтоосон. Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тооны дээд хязгаарыг мөн 8 байхаар зохицуулсан байна.

2. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.У-ыг ажилд түр томилохдоо бүтэц орон тоонд байхгүй /урьд өмнө ч гэсэн байгаагүй/ сэтгэл зүйч гэсэн орон тоонд томилж, хүүхэд хамгааллын зардлаас 450,000 төгрөгөөр цалинжуулахаар болсон байна.

3. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/424 дугаар албан бичгээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад хандаж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох" гэсэн холбогдох заалтын дагуу байгууллагынхаа бүтэц, орон тоог цалингийн сандаа багтаан шийдвэрлэж ажиллах, байгууллагад үүсээд байгаа өр, төлбөрийг барагдуулах ажлын хүрээнд ажилтан, албан хаагчдад сар бүр тооцон олгож байгаа ур чадварын нэмэгдэл өгөхийг зогсоохоор чиглэл хүргүүлж байжээ. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийг хэрэгжүүлнэ”, 6.4.8.”төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”,16 4.5. агентлагийн дарга тус агентлагийн төсвийн, 16.5-т “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,            16.5.1-т “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;”, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга төсвийн шууд захирагчийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлж маргаан бүхий актыг гаргах байдлаар зөрчлийг арилгасан байдаг.

4. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2019 онд хүүхэд хамгааллын зардалд 84,900,000 төгрөг хуваарилагдсан байна. Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөв санхүүд хяналт шалгалтаар уг хүүхэд хамгааллын зардлыг зориулалтын бусаар захиран зарцуулж байгаа төсвийн шууд захирагчийн үйлдлийг зөрчил гэж үзсэн байна. Иймээс хариуцагч холбогдох хууль, эрх бүхий байгууллага болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийт 6 ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй, маргааныг гомдлын шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй байх тул шийдвэрт дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан тус газрын гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,350,000 төгрөг гаргуулах гомдол гаргаж, үндэслэлээ “ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “тухайн ажлын байрны орон тоо, цалингийн сан байхгүй” гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр тушаалаар тус газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэл зүйчээр томилон ажиллуулж, түүнийг хүүхэд хамгааллын зардлаас цалинжуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Б.У-ыг гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түр томилохдоо түүнийг тус газрын төсвийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж, үйлчилгээний зардлаас цалинжуулахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр Б.У-ыг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчийн ажлын байранд, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулахаар харилцан тохиролцож, талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн санаачилгаар, Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар, 5 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 187, 188, 189 дүгээр, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар албан бичгүүд, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/424 дүгээр, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/2276 дугаар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр албан бичгүүд, хариуцагч байгууллагын гэрээт ажиллагсдын 2019 оны цалин хөлсний тооцоо зэргийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 463 дугаар “Бүтэц, орон тоог батлах тухай” захирамжтай харьцуулан дүгнэвэл, хариуцагчийн “тус газрын бүрэлдэхүүнд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчийн орон тоо байхгүй, цалингийн сан нь батлагдаагүй” гэсэн хариу тайлбар үндэслэлтэй байна.

Ажилтан, ажил олгогчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үед ч тус байгууллагад гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчийн орон тоо байгаагүй, тухай орон тоо нь байнгын ажлын байр биш, гэрээгээр гүйцэтгүүлж байсан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд ажил олгогч байгууллагын бүрэлдэхүүнд тус ажлын байрны орон тоо байхгүй байгаа дээрх нөхцөл байдал нь ажилтан, ажил олгогчийн хооронд хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хугацаа нь дуусгавар болохоос нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй.

Учир нь талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн санаачилгаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Б.У-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, мөн зүйлийн 23.2.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ нь гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргээ гэрээнд заасан хугацаанд заавал, шударгаар гүйцэтгэх иргэний эрх зүйн зарчимд нийцнэ. Нөгөө талаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн холбогдох заалтыг баримтлаагүй буюу ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

Анхан шатны шүүх ажилтан Б.У-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан буюу уг гэрээний хугацаа дуусгавар болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар цаашид сунгагдсанд тооцох нөхцөл байдал нэгэнт үгүй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд ажилтан Б.У-ыг талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар /хэргийн 7-9 дүгээр хуудас/ Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан сэтгэл зүйчийн /гэрээт/ ажилд эгүүлэн тогтоож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт орууллаа.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00727 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...сэтгэл зүйчийн ажилд” гэсний дараа “талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ