Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0007

 

Б.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Б Хохирогч Г.Х Ялтны өмгөөлөгч Д.О Ялтан Б.О Нарийн бичгийн дарга Б.Г нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой Б.О-д холбогдох,  эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 А овогт Б-ны О. Ялтан Б.О нь 2016 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг багийн 5-14-40б тоотод Т.Х-г үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн хэвлийн тус газарт нь 3 удаа хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А овгийн Б-ны О-г танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар шүүгдэгч Б.О-г 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, 2 Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.О-н цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1., 88.1.3.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, хар өнгийн богино түрийтэй үдээстэй эм гутал нэг хос, хөх өнгийн нимгэн торон материалтай энгэр хэсэг зөрдөг цамц 1 ширхэг, хөх өнгийн сэмрэлттэй жинсэн өмд 1 ширхэг, улбар шар саарал алаг өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн энгэр хэсэгтээ товчтой ноосон цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

Ялтны өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн шүүх хурал дээр гаргаж өгсөн шүүгдэгч Б.О-н биед тухайн үед учирсан гэмтлийг харуулсан фото зургуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй тул нотлох баримтаар үнэлээгүй гэжээ. Өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн эдгээр гэрэл зургуудыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулбарлаж өгсөн бөгөөд энэ нь хэрэгт байгаа. Б.О-н биед цагдан хоригдох үед үзлэг хийж бичиж тэмдэглэсэн гэмтлүүдтэй тохирч байгаа юм. 

Шүүх энэ 2 нотлох баримтыг харьцуулан судалсангүй. Мөн түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.2-т өмгөөлөгч нь “...нотлох баримтыг ...гаргаж өгөх ...түүнийгээ шалгуулан хавтаст хэрэгт тусгуулах...эрхтэй” гэж заасны дагуу гаргаж өгч байгаа нотлох баримт юм. Өмгөөлөгчийн гаргаж өгсөн гэрэл зургуудыг үнэлэхгүй юмаа гэхэд мөрдөн байцаагчийн хэрэгт цуглуулж ирүүлсэн цагдан хорих байрны үзлэгийн тэмдэглэлийг хэрхэн үнэлж байгаагаа шийтгэх тогтоолд дурьдаагүй байна.Эдгээр нотлох баримтуудаар хохирогч Х нь эхлээд Б.О-г зодсон гэмтэл учруулсан болох нь нотлогдож байгаа бөгөөд заавал хэрэг тогтоосон байхыг шаардахгүй юм,хохирогчийн буруутай үйлдэл байгаа байдалд өмгөөлөгчийн зүгээс О-г танхайн сэдэлтээр биш харин хохирогчийн үйлдлийн улмаас шууд бус санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа юм. Шүүх шүүгдэгч О-г ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөх,доромжлох зэргээр танхайрах явцдаа хутга мэс хэрэглэн бусдын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэсэн нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч О, хохирогч Х нар нь өмнө нь болсон таарамжгүй харьцааны талаар маргаж гомдож хэрэлдсэн болох нь өөрсдийнх нь болон гэрч 3 У-н мэдүүлгээр нотлогдож байгаа тул хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй энэ хэргийг үйлдсэн гэж үзэх үндэстэй. Үүний дээр хохирогч бас хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас танхайрсан гэж үзэх үндэслэлгүй болж байгаа юм. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар зүйлчилж Б.О-д хуульд зааснаас доогуур ял оногдуулна уу гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОЛТ нь:

“А” овгийн Б-ны О нь 2016 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг багийн 5 дугаар хороолол 14 дүгээр байрны 40б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус тоотод хамтран байр түрээслэн амьдардаг Т.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үсдэлцэж ноцолдсон зодолдож улмаар Т.Х-н хэвлийн баруун доод хэсэгт 3 удаа хутгаар хатгаж “хүнд” зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Т.Х-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 22-ны өдөр О-н түрээсэлж байгаа 5-14-40б тоотод найз У болон түүний хүүхдийн хамт байсан. О ажилдаа явлаа гээд гэрээсээ 9 цагт гараад 20 цагийн үед гэртээ ирсэн..., ...Г гэдэг ах 0.5 литрийн Соёрхол архи 4 шилтэй пиво авч ирсэн. Г ахын авч ирсэн пивоноос У бид хоёр уусан. Харин архийг нь Г ах О ах хоёр хувааж ууж байхад О У бид хоёрыг архинаас уу гэхээр нь би архи уудаггүй гэхэд чи яагаад архи уудаггүй юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. О Г нар архийг тал хүртэл нь уусан. Г ах би гэр бүлтэй, гэртээ харилаа та нар сайхан амраарай гэж хэлээд 01 цагийн үед гэрээс гарсан. Бид нар унтах гээд ороо засаж байхад О намайг гичий минь чи долоон унтаа биз дээ, би архи ууж байхад чи яагаад архи уухгүй байгаа юм бэ гэж хэл амаар доромжилсон. Би нэг хэсэг О-н араас юу ч хэлэхгүй сууж байгаад аргаа бараад 02 цаг өнгөрч байхад О-тэй маргалдсан. Тухайн үед У хүүхдээ тэврээд орон дээр хэвтэж байсан. Би У-н утсыг аваад интернэтэд орж байхад О миний үснээс зулгаагаад гар, зайл гэж хэлсэн. Би О-д хандаж чи унтаач ээ, би чамтай хэрэлдэж маргалдмааргүй байна гэж хэлсэн. Би У-г хоёулаа явах уу гэж хэлэхэд хувцсаа аваад хүүхдийнхээ хувцсыг өмсүүлж байхад О У бид хоёрын цүнхийг ухаад байхаар нь би танай гэрээс юу ч аваагүй гэж хэлээд бүх хувцасаа нэгжүүлсэн. У бид хоёрыг гарах гэхэд О чи намайг байнга муулдаг, одоо чамайг хүнээр зодуулна гэж хэлээд найз М руу залгаад хаана явж байна, хурдан хүрээд ир, Х чамайг зодсон гээд яриад байна гээд ярихаар нь би У-н хамт гарах гэхэд 4 О гадна хаалгыг дотор талаас нь цоожлоод чамайг зодуулна гээд байсан. Би О-с гэрийн түлхүүрээ өгөөч гарлаа гэхэд түлхүүрээ олохгүй байна гэж худлаа яриад гаргахгүй байж байгаад над руу тулж ирээд миний үснээс зулгаагаад хамт газар зассан ор руу унаад би түрүүлээд босож ирээд О-н хөл рүү хоёр удаа өшиглөөд би зүгээр байгаараа гэж хэлсэн. О газраас босож ирээд хөхөвчнөөсөө хар иштэй жижиг хутга гаргаж ирээд далайхаар нь би хутгатай гарыг нь бариад авахад миний хэвлий хэсэг рүү хутгалсан. Би О-н хутгатай гарыг тавихгүй барихад О нөгөө гарандаа хутгаа шилжүүлээд намайг хоёр удаа хэвлий хэсэг рүү хутгалсан. Би О-н араас тэврээд чи намайг хутгалчихлаа ш дээ гэхэд О намайг дахиж хутгалах гээд байсан..., ...Шөнийн цагаар их өвддөг, хэвлий хэсгээр базлаад хэцүү байна... гэсэн /хх-ийн 26-р хуудас/ мэдүүлэг, “...О босч ирэнгүүтээ нүд ирмэхийн зуур баруун гараараа намайг хутгалсан. 1 удаа хутгалахаар нь би гарыг нь барьж автал нөгөө гартаа хутгаа бариад 2 удаа хутгалсан. Би араас нь тэвэрчихээд байхад хутгалах гээд улайраад дайраад байсан...” гэсэн /хх-ийн 227-р хуудас/ мэдүүлэг, Гэрч Х.У-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...О гэнэт газраас босч ирээд хөхөвчнөөсөө хар өнгийн иштэй гэрийнхээ жижиг хутгыг гаргаж ирээд Х-н хэвлий хэсэг рүү нэг удаа шууд дүрээд хутгалсан. Х О-н хутга барьж байсан гарыг бариад О-н хойноос нэг гараараа тэврээд намайг О-н хутгыг аваадах гэхээр би дотроо О Х-г өнгөцхөн хатгачихлаа гэж бодоод О-с хутгыг нь авах гэхэд О зүүн гараараа хутгаараа зүсчих гээд хоёр тийшээ цавчаад өгөхгүй байснаа баруун гараараа хутгаа бариад Х-н хэвлий хэсэг рүү 2 удаа шууд хутгалсан. Тэр үед Х намайг хутгалчихлаа гээд уйлаад газар унасан. Би утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгөх гэхэд О би цагдаад дуудлага өгчихөнө гэж хэлээд миний утсыг булааж аваад 99-тэй дугаар руу залгаад гүйгээд гарсан..., …О манай ах байна гэж хэлээд булааж аваад ярихад цаанаас нь цагдаа байна, яг хаана юм бэ гэхэд О ахаа бид нар дуудлага өгөөгүй зүгээр гэхээр нь би араас нь цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхэд цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд эмнэлэгт дуудлага өгөөд Х бид хоёрыг эмнэлгийн машинд суулгаж эмнэлэг рүү хүргүүлсэн... гэсэн /хх-ийн 73-р хуудас/ мэдүүлэг, ...О босч ирээд хөхнийхөө завсраас хутга гаргаж ирээд нэг удаа хутгалсан. Х хойноос нь тэвэрч аваад хутгатай гарыг нь бариад одоо боль, У хутгыг нь аваарай гэхээр нь би хутгыг нь авах гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд нөгөө гарандаа хутгаа шилжүүлж 2 удаа Х-г хутгалсан... гэсэн /хх-ийн 229-р хуудас/ мэдүүлэг,

Ялтан Б.О-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Х чанасан гэдэс идэж байсан хар өнгийн иштэй хутгийг бариад чи намайг хутгал гэхээр нь Х-н гарнаас хутга аваад цамц руу нь хатгачихсан юм шиг байсан. Тухайн үед Х-тай зууралцаж байсан... гэсэн /хх-ийн 13-р хуудас/ мэдүүлэг, 5 “...Би хутга хөхөвчиндөө хийсэн байсан. Тэгээд Х-г 2 удаа хутгалсан. Тэгээд Х намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн /хх-ийн 224-р хуудас/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл Б.О-н санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Х-н биед хүнд гэмтэл учирсан байна. Гэвч хэрэг үйлдэгдсэн газар, нөхцөл байдал, хэргийн сэдэлт, шалтгаан зэргээс үзвэл тухайлбал тэд түрээслэн амьдарч байсан байрандаа байсан, шүүгдэгч, хохирогч нь найзууд бөгөөд тухайн үед хувийн харьцаанаас болж маргалдаж улмаар дээрх хэргийг үйлдсэн байх бөгөөд харин бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, шинж байдал тогтоогдохгүй байгаагаас үзвэл Б.О-н үйлдлийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэхээргүй байна.

Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ялтан Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм хорын хохиролд 2.142.600 төгрөг төлж барагдуулсан, түүнчлэн цаашид хохирогчид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзээд түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой байна. Харин анхан шатны шүүхэд ялтны өмгөөлөгчөөс гаргасан “...Б.О Т.Х-д зодуулан гэмтэл авсныг нотлох гэрэл зургийн баримтуудыг” Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс цуглуулан, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй учраас өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт гэж үзэж шүүхийн хэлэлцүүлэгт үнэлэх боломжгүй боловч хохирогч Т.Х нь Б.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үсдэлцэн ноцолдож зодолдсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог..., шинжээчийн дүгнэлтээр Б.О-д биед учирсан гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч түүний биеийн зарим хэсэгт улайлт, зулгаралт үүссэн байхыг үгүйсгээгүй байна. Мөн ялтны өмгөөлөгчийн “...хэрэгт эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Б.О-д хуульд зааснаас доогуур ял оногдуулна уу...” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. .. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 317 дугаар зүйлийн 317.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.2., 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймгийн Прокурорын газраас А овогт Б-ны О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.т заасан 6 гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй. 2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1.,2., 3 дугаар заалтыг: - Шүүгдэгч А овгийн Б-ны О-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1.д заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар шүүгдэгч Б.О-г 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэсүгэй гэж, - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар Б.О-д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 3. Ялтны өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧ Ц.ТУЯА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР