Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/69

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.Эрдэнэтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чихт боржигон овгийн Базарын Эрдэнэтулгад холбогдох эрүүгийн 1717000260025 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 5, аав, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянхошууны 2-3 тоотод оршин суух, улсаас Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнуулсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чихт боржигон овгийн Базарын Эрдэнэтулга /РД:ЗБ90121711/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Эрдэнэтулга нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 4-8 тоот хашааны гадна талд иргэн Н.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эрдэнэтулга нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 4-8 тоот хашааны гадна талд иргэн Н.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Эрдэнэтулга мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

...2017 оны 08-р сарын эхээр гэртээ би эхнэр Гандэлгэр, Мөнхтогоогийн эхнэр Сугармаа, Элбэгбаяр нартай архи уусан. Тэгээд манай эхнэр Гандэлгэр бааранд орно гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд түүнээс болж эхнэртэйгээ маргалдсан чинь манай эхнэр хүүхдээ аваад гараад явсан. Тухайн үед цаг нилээн орой болчихсон байсан. Гадаа гэгээтэй байсан. Тэгээд би эхнэрийн араас гараад зүүн тийшээ яваад өөрийнхөө эгнээний урд талын буюу Баянхошууны 3 дугаар гудамжны зүүн үзүүрт очоод хохирогч Энхбат ах нэг өндөр залуутай зогсож байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод хүүхэд тэвэрсэн хүүхэн харагдсан уу гэж асуусан. Тэгсэн чинь Энхбат ах тийм хүн харагдаагүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёрын нэг нь надаас тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Миний санаж байгаагаар Энхбат ахтай зогсож байсан өндөр залуу нь чи ямар том дуутай бацаан бэ гэхээр нь би тэр өндөр ахтай зодолдсон. Тэгтэл Энхбат ах намайг салгахаар нь би Энхбат ахыг хүзүүгээр нь гараараа тэвэрч байгаад газраас чулуу аваад толгой руу нь цохьсон. 2-3 удаа толгой руу нь цохьсон. Тэгээд би гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

 

1.2. Хохирогч Н.Энхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед Суутбаатартай Чандмань дэлгүүрийн гадаа тааралдаад бид хоёр 0.5 литрийн 1 шил Ерөөл гэдэг нэртэй архи хувааж уугаад манай гэр лүү буюу Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 4-8 тоотод очоод Суутбаатар гадаа үлдээд би гэрлүүгээ орж хувцасаа сольж өмсчихөөд гараад иртэл манай арын эгнээ буюу Баянхошууны 3 дугаар эгнээний зүүн үзүүрээс 25-30 орчим насны үл таних залуу гүйж ирээд бид хоёроос хүүхэдтэй хүүхэн хаашаа явсан бэ гэж асуусан, манайх хойшоо харсан хаалгатай юм. Тэгэхээр нь би баруун зүг рүү нэг эмэгтэй хүн явсан, мөн бишийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн, тэгээд бид хоёр тамхи асуусан, тэгтэл ямар том гарууд вэ гээд Суутбаатарыг цохиж унагаад өшиглөсөн. Би чи болиоч ээ гээд хэлтэл намайг араас хүзүүгээр боож тэврээд нэг гараараа газраас чулуу аваад толгой руу 3, 4 удаа цохьсон. Тэгээд би гарыг нь тавиулаад гэрийнхээ хашаа руу зугтаж ороод зүүн айлын Отгонбаатараар цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгээд хашааны гадаа гараад иртэл Суутбаатар гадаа байсан, нөгөө залуу алга болсон байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25 дугаар хуудас/

 

1.3. Гэрч А.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай хажуугийн хашааны Энхбат ах 2017 оны 08 дугаар сарын 07-ны орой 20 цаг 50 минутын үед Отгоо гээд хашгираад байхаар нь гараад хартал хашаандаа толгонйоос нь цус гарчихсан сууж байсан. Тэгээд би хашаа руу нь орохоор явж байхад Баянхошууны 2 дугаар эгнээний зүүн үзүү рлүү хар өнгийн шорттой залуу гүйж явснаа буцаад баруун үзүүр лүү нь гүйгээд явсан. Тэгээд би эхнэр Энхжаргалын 88757385 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Ш.Суутбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Энхбаттай Чандмань дэлгүүрийн гадаа таараад бид хоёр 1 шил Ерөөл нэртэй архи хувааж уугаад Энхбатын гэр лүү явсан. Би гэрийнх нь гадаа үлдсэн. Энхбат гэртээ орж гутлаа сольж өмсчихөөд гарч ирээд зогсож байтал Энхбатын арын эгнээний зүүн үзүүрээс 30 орчим насны үл таних залуу гүйж ирээд 2 хүүхэдтэй хүүхэн хаашаа явсан бэ гэж асуусан. Би хараагүй гэж хэлтэл Энхбат гудамны баруун үзүүр лүү явсан гэж хэлтэл намайг тэр залуу цохиж унагаад 2.3 өшиглөсөн. Тэгтэл Энхбат намайг өмөөрөөд чи болиоч гэтэл тэр залуу Энхбатыг хүзүүгээр тэвэрч боож байгаад чулуугаар толгойруу нь 2-3 дуаа цохисон. Тэгээд Энхбат гэрлүүгээ зугтаад орсон. Би газар хэвтээд үлдсэн. Тэгээд тэр залуу гүйгээд явсан би хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Н.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед би архи уугаад нилээн халамцуухан Чандмань дэлгүүрийн замын урд талд гэр лүүгээ явж байтал 3 залуу тааралдаад би нэг залуутай нь муудалцсан. Тэр залуу намайг нэг цохичихоод явсан. Би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Тэгээд би Суутбаатар, Энхбат хоёр цээж нүцгэн хүнд зодуулсан гэхлээр нь тэр залууг та хоёрыг зодсон байж магалдгүй гэж ярьсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

1.6. Гэрч О.Мөнхтогоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна нэг өглөө ажлынхаа Эрдэнэтулга, түүний эхнэр Гантэлгэр, манай эхнэр Сугармаа, Элбэгбаяр бид 5 хамт манай гэрт  буюу Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 2-4 тоотод 1 шил архи уугаад, тэнгдээсээ гараад Чандмань дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Соёрхол архи, 2.5 литрийн Нийслэл пиво 2 билүү 3-г аваад Баянхошууны 2-3 тоотод Эрдэнэтулгын гэрт очиж ууцгаасан. Дахиад 1 шил Сархад гэдэг архи Элбэгбаяр авчраад ууцгаасан. Тэгээд Эрдэнэтулга эхнэртэйгээ муудалцаад эхнэр нь 4 настай охиноо дагуулаад гараад явсан. Эрдэнэтулга араас нь Баянхошууны 3 дугаар эгнээний зүүн үзүүрээр тойроод хайгаад явсан. Удалгүй Эрдэнэтулга эхнэр хүүхдээ олсонгүй гээд орж ирсэн. Тэгэж орж ирэхдээ 2 хүнтэй муудалцаад зодолдсон гэж хэлсэн. Би яг хаана хэнтэй муудалцсан талаар нь нарийн асуугаагүй, би нилээн халамцуу байсан. Тэгээд манай эхнэр бид 2 хоёр хүүхдээ аваад Эрдэнэтулга 2 настай бага хүүгээ аваад бид хамтдаа манайд очсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Э.Сугармаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын эхээр манай нөхөр Мөнхтогоо хамт ажилладаг Эрдэнэтулга, түүний эхнэр Гандэлгэр, Элбэгбаяр бид 5 манай гэрт 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад манайхаас гараад Чандмань дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Соёрхол архи, 2.5 литрийн Нийслэл пиво 2-г аваад Баянхошууны 2-3 тоотод Эрдэнэтулгын гэрт очиж ууцгаасан. Тэгээд архи ууж байхдаа Эрдэнэтулгын эхнэр Гандэлгэр бид 2 бааранд орчихоод ирье гэсэн чинь Мөнхтогоо, Эрдэнэтулга 2 дургүйцсэн. Тэгээд Гандэлгэр нөхөртэйгээ муудалцаад том охиноо дагуулаад гараад явсан. Тэгээд Эрдэнэтулга бага хүүгээ аваад манайд очиж унтсан мэдүүлэг. /хх-ийн 38-39 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Г.Гандэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэтулга бид 2 байж байхал үдээс хойно Мөнхтогоо, Сугармаа, Элбэгбаяр 3 манайд ирсэн. Тэгээд би Элбэгбаярын хамт дэлгүүр орж 1 шил архи, 2 том пиво авчирч уусан. Тэгээд Сугармаа бид 2 баар орьё гэсэн чинь Эрдэнэтулга уурлаад нөхөр бид 2 хэрэлдсэн. Тэгээд би охин Марлааг авч гараад Рэгцэгийн эгнээнд байдаг найз Аагийгийнд очиж хоносон. Тухайн үед гадаа шөнө болсон байсан. Тэгээд маргааш өглөө Мөнхтогоогийн гэрт очиход тэнд Эрдэнэтулга унтаж байсан мэдүүлэг. /хх-ийн 40 дугаар хуудас/

 

1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дүгээр сарын 12-ны өдрийн 303 дугаартай дүгнэлтэд: 

- Н.Энхбатын биед тархи доргилт, толгойн зулайн гол хэсэг болон зулайн урд духны дээд хэсэгт шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 48 дугаар хуудас/

 

1.10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Б.Эрдэнэтулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч О.Мөнхтогоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Эрдэнэтулгатай хамт онцгой байдлын газар ажилладаг. Эрдэнэтулга нь дөлгөөн, хүнтэй нийтэч янз бүрийн арга хэмжээ хөтөлдөг. Нүүрэмгий, хүнд тусархуу, тамхи татдаг. Хааяа нэг архи уучихдаг. Архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Ч.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Эрдэнэтулгыг 2 жилийн өмнөөс мэднэ. Би хамт Онцгой байдлын газар ажиллаж байсан. Хөдөлмөрч ааш зан сайтай, хүнд тусархуу. Намайг байхад Эрдэнэтулга архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан. Эрдэнэтулга нь дуу дуулчихдаг. Урлагийн арга хэмжээ хөтөлдөг байсан. Үүрэг даалгавар сайн биелүүлдэг хүүхэд байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар хуудас/

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Эрдэнэтулга нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэтулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэтулга нь торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэтулга нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чихт боржигон овгийн Базарын Эрдэнэтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эрдэнэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Эрдэнэтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Эрдэнэтулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэтулгад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ