Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0133

 

      

 

 

 

 

 

    2024          02           14                                     128/ШШ2024/0133

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:З.Г/РД:ЧВ**********/

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч:О.Ч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:Д.Э

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.Н нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Хоёр.Хэргийн процесс, үйл баримтын талаар:

2.1.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дүгээр захирамжийн хавсралтын 122 дахь хэсгээр ****** дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны ард байрлах гараашуудыг буулгах шийдвэрийг гаргажээ.            

2.2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн **-**/**** дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч д “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын */***дүгээр захирамжийн хүрээд ****** дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны ард байрлах гараашуудыг буулгаж чөлөөлөхөөр болсон тусгагдсан байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэж мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

2.3.Нэхэмжлэгч нараас нараас Нийслэлийн Засаг даргын хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг гаргасан байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл.

3.1.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дугаартай захирамжийн хавсралтын 122 дэх хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нэхэмжлэлийн утга: Нийслэлийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа учир доорх нэхэмжлэлийг гаргасан болно. ****** дүүргийн 15 хороо, 19 дүгээр байрны 1,2 дугаар орцны хойно өнгө үзэмж муутай төмөр гарааш байсан бөгөөд түүнийг тойрсон маш их овоорсон хог, баас шээс байсныг тус байрны хэсэг оршин суугч нийлж цэвэрлээд дахин хог байлгамааргүй байна хэмээн ярилцаж байгаад эндээ өнгө үзэмжтэй бусдад садаа болохооргүй хэдэн гарааш бариулахыг зөвшилцөөд мөн газар доогуурх газар доогуур нь /ДП/ хоорондын 10 000 вольтын өндөр хүчдэлийн шугам байгаа/ өндөр хүчдэлийн шугамыг далдлах үүднээс 33 айлын 150-аад оршин суугч нэгдэж тус дүүргийн газрын албаны дарга н.Б-ы зөвшөөрлөөр уртаашаа 90 метр, өргөөшөө 5 метр коридор бүхий газрыг "Өнөр" СӨХ-ийн удирдлагатай мөн иргэдтэй зөвшилцөж 2008 онд уг газарт 33 айл өөрсдийн хөрөнгөөр нийт 33 гарааш барьсан болно. Түүнээс хойш уг газарт ямар ч хог хаягдал дахин овоорч байгаагүй. Одоогоор уг гараашны байгаа байдал хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн асуудал байхгүй харин өндөр хүчдэлийн аюултай байдлыг нэг талаас далдалж байгаа юм. Бидний эзэмшиж буй энэхүү газрын хэмжээ нь 90 метр, өргөөшөө 5 метр хойд талын цэцэрлэгийн хашааг налуулан барьсан гараашнууд юм. Баруун талд нь өндөр хүчдэлийн /ДП/ байрласан, түүнтэй залгаа гараашнууд юм. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжийн зорилт нь Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах хэмээн тодорхойлсон байдаг. Бидний 33 айлын гараашийг буулгаснаар энэхүү зорилтын нэг хэсэг хэрэгжих боломжтой юу гэдэгт бидний зүгээс эргэлзээ төрж байна. Учир нь:

****** дүүргийн 15 хороо, 1 дүгээр хороолол ерөнхийдөө бидний гараашийг буулгаагүй байсан ч ногоон байгууламж хийх газрууд зөндөө байдаг. Жишээлбэл өнөөдрийн байдлаар 19 байрны урдуур дулааны шугам сольсон одоо хүртэл тохижилт хийгээгүй энэхүү газар нь одоо улаан шороо эргэлдсэн газар болсон. Манай гараашийг авснаар байрны хоёр талдаа шороотой нөхцөлд амьдрах нөхцөл бүрэлдэнэ. Харин ч эрүүл амьдрах орчин нь улам муудах болно. Газар ашиглуулалтыг  нэмэгдүүлье гэвэл манай гараашнаас илүү бусдад саад болж буй 19 байрны баруун талд байрлах хоолны газрыг олон жилийн өмнө нураах жагсаалтад орсон байсан боловч өнөөдрийг хүртэл энэ хоолны газар байсаар л байдаг. Мөн манай 19 байрны зүүн талд байрлах маш үзэмжгүй 2 давхар маш гараашийг нуранги үүснэ гэх үндэслэлээр энэ гараашнууд мөн л жагсаалтад орсон байгаа өнөөдрийг хүртэл байлгасаар байдаг. Бид үүнийг иргэдийгээ алагчилж үзсэн эрхийг нь хөндсөн асуудал хэмээн ойлгож байгаа. Мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн газар ашиглах гэрээний дагуу манай гараашны газрыг “*-**” сууц өмчлөгчдийн холбооны ашиглуулахаар өгсөн байдаг. Нийт Сууц өмчлөгчдийн холбооны 23621м.кв талбай хуваарилж өгснөөс уг гараашны газар бас багтсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны зөвшилцөхгүйгээр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүйгээр шууд бидний эрхэнд халдах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын иргэд бидний зүгээс дээрх гараашны эзэмшиж буй үйлдэл нь хууль ёсыг гажуудуулаагүй, зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн аргаар гараашийг эзэмших эрхтэй болсон хэмээн үзсэн болно. Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т  хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно гэснийг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хуулийн 15.1.1-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны өмчид машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж эд хөрөнгө орно гэснийг тус тус зөрчсөн үйлдэл болох мөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь Нийслэл хотын хэсэг бүлэг иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн хэмээн бидний зүгээс үзэж байх тул бидний 33 иргэд танай шүүхэд хандах үндэслэл болж байгаа юм. Нэхэмжлэгч нарын зүгээс энэхүү нийслэлийн Засаг дарга Д.С-н гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дугаартай захирамж гарсныг мэдээгүй байсан ба энэхүү захирамжийг гарсныг 2023 оны 5 сарын 20-доор мэдэцгээсэн болно. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гомдол гаргаад 2023 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн **- **/**** дугаартай хариу мэдэгдэх гарсныг 2023 оны 07 дугаар сарын 09-нд цахимаар хүлээн авсан болно” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 3.Г нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай */***дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай */*** дугаар захирамжийг гаргасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт байрлаж байсан тухайн гараашнуудын суурь газрыг эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч газрыг чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын */***дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий, зөрчил арилгах захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг хуульд заасны дагуу эзэмшдэггүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар..... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байх бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */*** дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “газар чөлөөлөхөөр гаргасан захиргааны актад холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч З.Г нь ****** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны 1, 2 дугаар орцны хойно 33 автомашины гражийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж байна.

            2.2.Үүнийгээ нотлох баримтаар “*-**” СӨХ-ийн захиргаа, суугчидтай хийх тохижилтын гэрээг эх хувиар, Ц.У-н 2003 оны Газар ашиглалтын түр гэрээ,  Я.Ш-н 2009 онд байгуулсан Газар ашиглалтын түр гэрээ, “*-**” сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ, тус сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газрын кадастрын зураг зэргийг нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувиар шүүхэд гаргаж өгсөн болно. /ХХ-н 14-30 дахь тал/

            2.3.Эдгээр баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй  байна.

            2.4.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дүгээр захирамжийн Хавсралтын 122 дахь хэсгээр ****** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны хойно баригдсан 33 тоосгон гараашийг буулгах, газрын зөрчлийг арилгахаар тус тус шийдвэрлэсэн байна.

2.5.Уг захирамжийн Хавсралтын 122 дэх хэсэгт заасан 33 гараашийн 1 гарааш нь З.Г-н өмчлөлийн гараашид хамаарч байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба тэрээр шүүхэд Сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газар дээр тус холбооны зөвшөөрлөөр баригдсан гарааш тул өмч маань  Үндсэн хуулийн дагуу хамгаалагдах ёстой” гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан.

2.6.Нэхэмжлэгч З.Г-н шүүхэд нотлох баримтаар өгсөн “*-**” СӨХ-ийн захиргаа, суугчидтай хийх тохижилтын гэрээ нь нэхэмжлэгчийн гараашийн газар ашиглах гэрээ гэдэг нь нотлогдохгүй, сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглах эрхийнхээ хүрээнд бусдад газар ашиглуулах эрх олгодог этгээд биш юм.

2.7.Харин Ц.У-х, Я.Ш нарын ****** дүүргийн Газрын албатай байгуулж байсан  гэх гэрээний хүчин төгөлдөр байдал нотлогдоогүй, эдгээр иргэд газар ашиглах түр гэрээ байгуулж байсан нь нэхэмжлэгч З.Ганбатыг газар ашиглах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй болно.

            2.8.Дээрх байдлуудаар нэхэмжлэгч З.Г нь гарааш өмчилдөг гэх боловч тэрээр гараашийн өмчлөгч болох талаар нотлох баримт болон газар ашигласан төлбөр төлсөн баримт байхгүй, уг  гарааш нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй үйл баримтууд тогтоогдож байна.

            2.9.****** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны 1, 2 дугаар орцны хойно 33 автомашины гараашийг бүхэлд нь буулгаж, тохижилтын ажил хийгдэж эхэлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг няцаах баримт алга байна.

2.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны */***дүгээр захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** дугаартай “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг биелүүлж гарсан” гэж маргасан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Шүүх анх газар ашиглах зөвшөөрөлтэй баригдсан буюу газар ашиглах эрх зүйн харилцааны дүнд бий болсон иргэний өмчид хамгаалал хийх, эсхүл газар ашиглах эрх нь дуусгавар болсон автомашины гараашнуудыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд амарч суух ногоон орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн нийтийн эрх ашигт хамгаалалт хэрэгтэй юу гэдгийг харьцуулан  дэнсэлж үзэж дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж байна.Үүнд:

3.2.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл иргэн нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах бол  Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийг төлбөр төлөх, эзэмших бол гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай байна.

3.3.Дүүргийн Засаг даргаас З.Г-д газар ашиглах зөвшөөрөл огт олгож байгаагүй тул газрыг хууль ёсны дагуу ашиглаж ирсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, мөн зүйлийн 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 8.1.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж заасан байна.

3.5.Дээр дурдсанаар нэхэмжлэгч З.Г нь  гараашийн өмчлөгч гэж амаар тайлбарлаж байгаа гэх боловч  тэрээр гараашийн өмчлөгч гэдгийг нотлох бичгийн нотлох баримт байхгүй байна.

3.6.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З.Г нь өөрийн гараашийн өмчлөх эрхээ  дээрх хуульд зааснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдэг нь нотлогдох тул ийнхүү бүртгүүлээгүй учраас тэрээр  гараашийн өмчлөгч гэдэг нь нотлогдохгүй байна.

3.7.Иймд шүүхэд З.Г-н хамгаалагдах ёстой гэж тайлбарлаж байгаа хөрөнгийн “өмчлөх эрх” нь нотлогдохгүй байгаа учраас түүнээс өмчийн хамгаалалт хийлгэхээр шаардсаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

3.8.Газрын тухай хуулийн мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх,  ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас дүгнэвэл иргэн, аж ахуйн нэгжид ямар газраа ашиглуулах, хэзээ ашиглуулах, ямар зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаа шийдвэрлэх бүрэн эрх нь иргэдийн өөрсдийнх нь сонгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хамаарч байна.

3.9.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/**дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх зорилтоор “дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна” гээд энэ төлөвлөлтийн хүрэх түвшинг тогтоосны дотор цэцэрлэгт хүрээлэн, амралтын талбайг 18 гэсэн суурь түвшинээс 24 гэсэн хүрэх түвшинг тогтоожээ.

3.10.Мөн Үндсэн чиглэлийн 9.4.2-т “..., орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ...” гэж, 9.4.6-д “ Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, ..., ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршлыг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан, бүртгэлжүүлэх, хамгаалах ажлыг зохион байгуулна” гэж тусгажээ.

3.11.Ийнхүү нийслэлийн иргэдийн өөрийгөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгээ баталж, энэхүү бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргаас  дээр Үндсэн чиглэлийн дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг чөлөөлөх, уг чөлөөлсөн газартаа хотын стандартад нийцсэн байгууламж барихаар тогтоосныг нь шүүх нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа нь мөн гэж үзсэн бөгөөд шүүхээс бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.

3.12.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.Г-н “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дүгээр захирамжийн Хавсралтын 122 дахь хэсгээр ****** дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны хойно баригдсан 33 тоосгон гарааш гэсний өөрийн гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.13.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дүгээр захирамжаар зохих зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг чөлөөлж байгаа нь “хувийн өмчийг хураан авч байгаа” ажиллагаа биш, эдгээр “газрыг албадан чөлөөлөх”, “газрыг хураан авах” гэдэг нь хууль зүйн өөр ойлголтууд бөгөөд тусдаа хууль зүйн үр дагавартай учраас Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл биш болно.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Хурлын ирцийн талаар:

5.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх хүсэлтийг ирүүлсэн талаар шүүгчийн туслахаас бичгээр тэмдэглэл үйлдсэн, ингэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал байлцуулах саналаа ирүүлээгүй байна.

5.2.Шүүхээс өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд эвлэрэн хэлэлцээгүйн дээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байсан тул анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан хугацаа 2 сар гаруй хоногоор хэтэрснийг харгалзан үзээд,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хийхээр шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-н  гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн */***дүгээр захирамжийн Хавсралтын 122 дахь хэсгээр ****** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны хойно баригдсан 33 тоосгон гарааш гэсний өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ