Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2024/00438

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:  ******* ******* ХХК

Хариуцагч:  *******гийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэл 1,135,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Т.*******ийн хүсэлтийн дагуу 2023 оны 06-р сарын 28 -ний 23-275 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 6-н сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан болно. Гэтэл иргэн Т.******* нь тус компанийн ШТС- уудаас 2023 оны 06-р сарын 28, 29 7-р сарын 01-ний өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө нийт 2,270,200 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Т.*******тэй холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Т.******* нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд Т.*******ийн 2023 оны 06 - р сарын 28, 29 болон 7-р сарын 01-ний өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 2,270,200 төгрөг, энэхүү ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ -ний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов ) 1,135,100 төгрөг, НИЙТ 3,405,300 ( Гурван сая дөрвөн зуун таван мянга гурван зуун ) төгрөг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус *******зэгэстэй ХХК нь Т.*******өөс зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох нийт 3,405,300 төгрөгийг нэхэмжилснээс Т.******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******зэгэстэй ХХК нь Хаан банк дахь 5540398350 тоот дансанд 3,405,300 төгрөг орж дууссан учир хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******зэгэстэй ХХК нь Т.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,135,088 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,405,300 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69440 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 34,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******зэгэстэй ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч *******зэгэстэй ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,405,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69440 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 34,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******зэгэстэй ХХК -д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА