Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2024/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан  Ц овогт Б-ийн Т-ээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Т нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Завхан аймгийн Их-Уул сумд 1969 онд төрсөн. Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант багт 1986 оны 7 дугаар сараас эхлэн 1989 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах болоход малчнаар ажиллаж байсан ажилд орсон гарсан тушаалын хуулбаргүй, архивын баримтгүйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Аймгийн архивын лавлагаа авахад архивт баримтгүй байдаг. Тухайн үед малчнаар ажиллаж байсан байдал миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн Байдаг боловч архивын баримт, ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалын хуулбар Байдаггүй юм.. Иймд холбогдох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын дагуу миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Ц овогт Б-ийн Т нь  Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан: 

- Ц овогт Б-ийн Т-ийн ИЗ........ дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/878 дугаартай “...Б.Т нь 1986-1989 онд Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант бригадад мал маллаж байсан тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд  1986-1989 оны Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн даргын тушаал  1986 оны цалингийн цэсэнд холбогдох баримт олдохгүй 1987-1989 оны цалингийн цэс архивт шилжигдэн ирээгүй байна...” гэсэн лавлагаа

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/127 дугаартай “...Б-ийн Т /ИЗ........../ нь ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн албан бичиг,

- Ц овогт Б-ийн Т-д Завхан аймгийн Булнай Сүхбаатарч нэгдлээс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон: “1987 онд 1-12 сар, 1988 онд 1-12 сар, 1989 онд 1-12 сарын ажилласан хоног, авсан цалин хөлсний талаар тэмдэглэгээ хийгдсэн...” бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-“Нөхөр Б-ийн Т-д 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Хүн амын нийгэм-соёл, ариун цэвэр ахуйн үйлчилгээг сайжруулах хоёр жилийн аяны ажилд өндөр амжилт гаргасан учир БНМАУ-ын Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны сайшаалын үнэмлэх мөнгөн шагналаар сайшаан шагнав...” гэсэн баярын бичиг,

-Сүхбаатарч нэгдлийн зөвлөлөөс “...Б-ийн Т-д танаа сүүлийн 2 жил дараалан 100 эм хониноос 100-103 хурга бойжуулан төл малаа мэнд өсгөж үлгэр дуурайлал үзүүлсэн явдалд талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав...” гэсэн баярын бичиг,

-Б-ийн Т-ийн ............... дугаартай 2013-2015 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-0914001434 дугаартай Ц овогт Б-ийн Т /ИЗ............/  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ц овогт Б-ийн Т нь  Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант бригдад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т-ээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт Б-ийн Т нь Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.      

            2. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   57 дугаар

зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН