| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00474/И |
| Дугаар | 131/ШШ2024/00508 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2024/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин *******ийг төрүүлсэн. Охиноо төрүүлээд удаагүй 1 сартай байхад нь өөрийн төрсөн эгч А.Гантүлхүүр, түүний нөхөр ******* нарт охиноо өргүүлсэн. Охиныг үрчилж авсан эцэг, эхээс нь хүүхэд гардаггүй, хүүхэдгүй байсан болохоор өөрийн төрсөн эгчдээ өргүүлсэн билээ. Гэтэл 2021 оноос хойш миний охины үрчилж авсан эцэг, эх нь салж хамт амьдрахаа больсон учир охиноо өөрийн нэр дээр болгох хүсэлтэй байна. Ээж А.Гантүлхүүр нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа, 2021 оны 10 дугаар сараас хойш охин Эрдэнэчимэг нь төрсөн аав Цэрэндорж, ээж ******* нартайгаа хамтран амьдарч эхэлсэн учир буцааж өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байгаа тул хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн охин н.Эрдэнэчимэгийг өөрийн төрсөн эгч Гантүлхүүрт 1 сар гарантай байхад нь өргүүлсэн. Одоогоор энэ хоёр хүн хамт амьдрахаа болиод 2 жил гаран болж байгаа. Миний охин н.Эрдэнэчимэг нь буцаад бид хоёр дээр ирсэн цуг амьдарч байгаа. Тийм учраас эргээд өөрийн асрамжид авч үрчлэлтийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь М.Цэрэндорж, ******* нараас охин болох Эрдэнэчимэгийг өргөж авсан нь үнэн. 2021 оны эхнээс өргөж авсан Гантүлхүүр болон Алтангэрэл миний бие таарамжгүй харилцаанаас болж шүүхээр салсан болно. Тийм учраас охин болох А.Эрдэнэчимэгийг төрсөн аав ээж болох М.Цэрэндорж, ******* нарын нэр дээр нь шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
2.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би н.Эрдэнэчимэгийг өргөж авсан. Гэр бүлийн таагүй харилцаанаас болж тус тусдаа амьдралтай болсон. Үрчлэлтийг хүчингүй болгоход ямар нэгэн гомдол саналгүй гэв.
3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсөн эцэг М.Цэрэндорж болон гуравдагч этгээд ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт, Эрдэнэцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс болон шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна. Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно., 61.1-т Үрчлэгч нь ...Ганц бие... болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно..гэж хуулиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг тусгайлан заажээ.
4. Иймд үрчлэгдэгч Эрдэнэчимэгийн төрүүлсэн эх болох *******ын нэхэмжлэлээр шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
5. Хүсэлт гаргагч ******* нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрүүлсэн өөрийн охин Эрдэнэчимэгийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүргэн ах *******, төрсөн эгч А.Гантүлхүүр нарт үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.
6. Улмаар охин Эрдэнэчимэгийг үрчилж авсан эцэг *******, эх А.Гантүлхүүр нараар овоглон төрсний гэрчилгээ авч төрсний бүртгэлд бүртгүүлж хамтран амьдарч байжээ.
7. Үрчлэн авсан эцэг *******, эх А.Гантүлхүүр нар нь 2021 онд гэрлэлтээ цуцлуулж, охин Эрдэнэчимэг нь 2021 оны 10 сараас хойш өөрийн эцэг, эхийн асрамжид өсч байгаа, үрчлүүлсэн эцэг, эх нь тусдаа амьдрах болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
8. Гуравдагч этгээд ******* нь үрчилж авсан охин Эрдэнэчимэгийн өөрийн төрсөн эцэг, эхийнх нь асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг зөвшөөрсөн байна.
9. Хэдийгээр үйл баримтаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, эцэг, эх байх эрхээ хасуулсан, эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа ..зэрэг хүүхэд үрчлүүлж болохгүй болон үрчлэлт хүчингүйд тооцуулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх ч зохигчдын хүсэлт, хэргийн нөхцөл байдал, хүүхдийн эрх ашиг сонирхлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох боломжтой гэж үзэв.
10. Иймд охин Эрдэнэчимэгийг *******, А.Гантүлхүүр нарт үрчлүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Эрдэнэчимэгийг *******, А.Гантүлхүүр нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар охин Эрдэнэчимэгийг түүний төрсөн эцэг, М.Цэрэндорж, эх ******* нарын асрамжид үлдээсүгэй.
3. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний бүртгэл сэргээхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА