Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 018

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,        

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00764 дүгээр шийдвэртэй, Х.Х-ын нэхэмжлэлтэй, Н.С, М.Б нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч  М.Б, орчуулагч хэлмэрч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн С сумын нутаг дэвсгэр Ө гэх газарт байршилтай С-ийн намаржааны өтөг гэх Х.Х-ын эзэмшлийн газраас Н.С-ийн барьсан байшин, Н.Б-ийн барьсан хашаа хороог албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Х.Х миний бие С сумын нутаг “Хагалгаат”-ын адагт байгаа Ө гэх газар байршилтай Сийн намаржааны өтөг гэх нэршилтэй газрыг 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн С сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 48 тоот захирамжаар намаржааны зориулалтаар эзэмшилд авсан ба 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэгж талбарын 030901149 тоот дугаартай Газар эзэмших эрхийн 000683336 дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа. Гэтэл миний эзэмшилд байгаа энэхүү газарт давхцуулан иргэн С гэгч өвлийн байшин барьж, М.Б нь миний хашаа хороог дур мэдэн өөрчилж, өргөтгөн томсгож, хувийн хашаа хороо барьж, одоо нутагшин амьдарч байна. Хариуцагч Н.С, М.Б нарын хууль бус аргаар Х.Х миний хууль ёсны эзэмшил газрыг дур мэдэн эзэмшиж, өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьж босгон газар эзэмшигч миний газар эзэмших эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож, албадан нүүлгэх шаардлагыг С сумын Засаг даргын зүгээс мэдэгдэх хуудас өгч шаардлага хүргүүлсэн. Гэвч хариуцагч нар биелүүлээгүй. Газрын маргааныг зохицуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж, С сумын Засаг даргад хандаж өргөдөл өгсөн боловч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр С сумын Засаг даргын 01/252 тоот албан бичгээр хариу өгч, хариуцагч нар газрыг чөлөөлөөгүй. Тухайн маргаан бүхий газарт хариуцагч нар үл хөдлөх хөрөнгөө барьж байгуулан, сумын Засаг даргын зүгээс мэдэгдэх хуудас өгч, албадан нүүлгэхийг шаардсан боловч биелүүлээгүй, тухайн газарт хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа бөгөөд газрыг хууль ёсоор эзэмшигч Х.Х миний газар эзэмших эрхэд саад учруулж байна. Газрын тухайн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхийн хянан шийдвэрлэх маргаан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар С сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Ө гэх газарт байршилтай С-ийн намаржааны өтөг гэх Х.Х-ын эзэмшлийн газраас Н.С-ийн барьсан байшин, Б-н барьсан хашаа, хороог албадан нүүлгэж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Н.С-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “Миний бие Н.С нь Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг ба иргэн Х.Х-ыг сайн танихгүй, мөн одоогоор иргэн Х.Х нь хаана амьдардаг, ямар газар өвөлжиж, хаварждаг талаар мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан газар миний эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн хөрөнгө байхгүй. Иргэн Х.Х-ын гаргасан энэхүү нэхэмжлэлийн утгыг ойлгосонгүй. Иймд С сумын иргэн Х.Х нь ямар учраас огт үндэслэлгүй намайг өөрийн эзэмшил газарт байшин барьсан мэтээр гүтгэсэн шалтгааныг тодруулж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье. Х нь намайг сайн танихгүй атлаа миний оршин суудаг хаяг, утсыг таамгаар бичиж үндэслэлгүй намайг гүтгэсэн байна.” гэжээ.

 

Хариуцагч М.Б-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “Миний бие эхнэр хүүхдийн хамт тус сумын 3 дугаар багийн нутаг болох Б-ын нэртэй газар /хуучнаар "Цэндийн намаржаа" нэртэй газар/ оршин сууж амьдарч байна. Х.Х-ын намаржааны баруун урьд талд миний төрсөн дүү болох А-ын өвөлжөө оршдог ба миний бие өөрийн амьдрах байргүй тул дүү А-ын өвөлжөөнд 2 жил өвөлжсөн. 2018 оноос эхлэн А-ын байрыг чөлөөлөн өгч дээр дурдсан Б-ын гэдэг газар амьдрах болсон. Иймд миний бие Х-ын өргөдөлд дурдсан шиг түүний эзэмшил газар ямар нэгэн хашаа хороо барьсан асуудал байхгүй. Мөн өргөдөлд дурдсан "С-ийн намаржааны өтөг" гэдэг газар нь одоогоор сул байгаа ба Х-ын намаржааны баруун хойд талд оршдог. Google-ээс татаж авсан газрын зураг дээр Х-ын одоогийн намаржиж буй газар болон бусад айлуудын байршлыг тэмдэглэн хавсаргав. Иймд иргэн Х-ын миний хашаа хороог нүүлгэж өгөхийг хүссэн өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00764 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х-ын хууль ёсны эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн С сумын нутаг дэвсгэр Ө-ын намаржаа гэх газарт барьсан Н.С-ийн байшин, М.Б-н дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “1. Нэхэмжлэгч Х.Х нь С сумын нутаг дэвсгэр болох “Хагалгаат”-ын адагт байгаа “Ө” гэх газар байршилтай, “С-ийн Намаржааны өтөг” гэх нэршилтэй газрыг С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 48 дугаартай захирамжаар “намаржааны” зориулалтаар эзэмшиж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэгж талбарын 030901149 дугаартай, Газар эзэмших эрхийн 000683336 дугаартай гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа. Гэтэл тухайн эзэмшил газарт ямар нэгэн “газар эзэмших, ашиглах, өмчлөх” эрхийн зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэргүйгээр Н.С байшин барьж, Н.Б нь хашаа хороо барьж хууль бус оршин сууж, намар нь олон тооны малтай ирээд бэлчээрийг талхалж, өвс ногоог идээлж дуусгаад явдаг болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Х нь тухайн газрыг С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 48 тоот захирамжаар эзэмшиж байгаа болох нь захирамжийн хуулбар, газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг хууль ёсны нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Х.Х-д газар эзэмшүүлсэн С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 48 дугаартай захирамж болон 2016 оны 11 дүгээр сарын 24-нд олгогдсон газар эзэмших эрхийн 000683336 дугаартай гэрчилгээ эргэлзээтэй гэж нотлох баримтаар буруу үнэлж шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

3. Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар тухайн шатны Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж, 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар “Газар эзэмших гэрээ” байгуулж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар “Газрын даамал гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” хууль журамтай. Гэтэл маргаан бүхий газарт байршилтай байгаа Н.С-ийн өвлийн байшин, Н.Б-н хашаа хороонд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар “эзэмшил, ашиглалтад” олгож шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байхгүй байхад анхан шатны шүүх “хууль бус барьсан байшин, хашаа хороог” албадан нүүлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь “хууль бус, үндэсгүй шийдвэр” гэж үзэж байна.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Гэтэл хариуцагч нарын “газар эзэмших шийдвэргүй, мөн гэрээ, гэрчилгээ байхгүйгээр” дур мэдэн байшин, хашаа хороо зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж, газрыг хууль бус эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийг шүүхээс “дэмжих” шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Шүүхийн энэ шийдвэр нь “хүн бүр өөрийн хүссэн газрыг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр эзэмшиж болно” гэсэн далд санаа агуулж байна. Хэрэв “ямар ч шийдвэргүй газар эзэмшиж болдог” бол бидэнд ч гэсэн “эзэмших гэсэн бодож сэтгэсэн газар” байна. Энэ шийдвэр “буруу жишиг” тогтоох бий. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт X.Х нь гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газрын байршил, хаяг нь гэрээнд заасан байдалтай тохирохгүй, газрын төлбөр төлж байгаа нь нотлогдохгүй, нураасан чулуун хашаа хэнийх болох нь тогтоогдоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэгч талыг буруутгаад, хариуцагч талын буруутай үйл ажиллагаанд огт дүгнэлт өгөөгүй байна. Хэрэв Х.Х надад олгосон 2003 оны 10 дугаар сарын 16-нд “Газар эзэмшүүлэх тухай” 48 тоот дугаартай захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”, мөн “Газар эзэмших эрхийн 000683336 дугаартай гэрчилгээ” зэрэг нь хууль ёсны бус, хуурамч, хүчингүй эрхийн акт гэж үзэхээр бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлээр эрх бүхий этгээдийн шийдвэр гарч хүчингүй болох ёстой. Одоогийн нөхцөлд хүчин төгөлдөр байгаа газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших гэрээ, гэрчилгээг шүүх хэрэгт хамааралтай талаар үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж гомдол гаргаж байна.

5. Шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд шүүх хуралдаанд оролцсон хариуцагч М.Б нь “нэхэмжлэлийн шаардлага болгож буй байшин, хашаа хороо бол миний дүү А-ын эзэмшил өмчлөлийн хөрөнгө юм. Би хоёр жил түүний зөвшөөрснөөр ашиглаж байсан” гэж хариуцагчаар Н.А-ыг тодорхойлсон тул нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “Хариуцагч Н.Б-н шууд зааснаар Н.А-ыг хариуцагчаар сольж оролцуулахыг зөвшөөрч, шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэлт болгосон юм. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 105 дугаар зүйлийн 105.1, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтад бүрэн нийцэж байгаа бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан үндэслэл байгаа талаар шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Н.Б мэдүүлсэн байдаг юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Н.Б-н хариуцагчаар шууд зааж тодорхойлсон А-ыг нэхэмжлэгч тал зөвшөөрч, хүсэлт гаргаснаар хариуцагчаар татан оролцуулах, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан явдлыг хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Х нь Н.С, М.Б нарт холбогдуулан Х.Х миний хууль ёсны эзэмшилд байгаа “Өмнөголын намаржаа” гэх  газраас Н.С-ийн байшин, М.Б-н хашаа, хороог албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “С-ийн намаржааны өтөг гэх нэршилтэй газрыг 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн С сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 48 дугаартай захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000683336 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байгаа, 700 м.кв газарт байшин, хашаа хороо барьж газар эзэмших эрхэд саад  учруулж байна” гэж тайлбарлаж, хариуцагч Н.С “нэхэмжлэлд дурдсан газарт миний өмчлөлийн болон эзэмшлийн ямар нэгэн хөрөнгө байхгүй” гэж, хариуцагч М.Б  “Х-ын намаржааны баруун урд талд миний төрсөн дүү болох А-ын өвөлжөө оршдог ба би өөрийн амьдрах байргүй тул 2 жил өвөлжсөн. Түүний эзэмшил газарт хашаа, хороо барьсан асуудал байхгүй” гэж тус тус эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон Х.Х-ын “Өмнөголын намаржаа” гэх газарт байрлах намаржааны газарт хариуцагч нарын эд хөрөнгө байгаа эсэх, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хуульд заасан тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журам зөрчигджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан “...шүүгчээр үзлэг хийлгэх болсон шалтгаан, үндэслэл нь маргаан бүхий газарт хариуцагч Н.С-ийн байшин, хариуцагч М.Б-н барьсан хашаа, хороо байгаа эсэх талаар үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2019/02585 дугаар  шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэж, үзлэг хийсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хүсэлтэд дурдсан үндэслэлүүдийг үзлэгээр бүрэн хийгээгүй, үзлэгийг зөвхөн маргаан бүхий объектуудын хэмжилтээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн маргаж буй газарт хариуцагч нарын байшин, хашаа, хороо байгаа эсэх нь тодорхойгүй, газрын кадастрын зураг аваагүй, кадастрын зурагтай харьцуулаагүй дутуу хийжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд А-ыг хамтран хариуцагчаар татаж, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэхийг тогтоох, Х.Х-ын эзэмшил газрын цэгийг олж тогтоох шаардлагатай байх тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2019/02748 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ