| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00124/и |
| Дугаар | 141/ШШ2024/00154 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2024/00154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .... аймгийн ...... сумын ....... багт оршин суух хаягтай М овогт Б-ын Б-ы “Ажиллаж байсан байдал болон нас тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх-Амьдрал нэгдэл болон Дэлгэрэх ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан. Мөн би 1970 онд төрсөн боловч 1972 онд төрсөн гэж гэрчилгээ дээр буруу бичсэнийг 1970 он болгож өгнө үү ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М овогт Б-ын Б нь 1970 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болох нь.
- М овогт Б-ын Б-ы ИО................. дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 1974-1982 оны 8 жилийн сургуулийн монтажны зураг 1 ширхэг,
- Б-ын Б-ы “...эрэгтэй, 1972 оны 02 дугаар сарын 23-нд Тэс суманд төрснийг 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэв. Төрүүлсэн эцгийн нэр Ц-ын Б, эхийн нэр Ц-ийн М...” гэсэн бичилт бүхий төрсний гэрчилгээний хуулбар,
-2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0596010 дугаартай “...М овогт Б-ын Б 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ИО........” гэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
- Б-ын Б-ыг 1970 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрөгсдийг бүртгэх анкетын бүртгэлд бүртгүүлэхдээ: “...Овог Б, нэр Б эрэгтэй, төрсөн он сар өдөр-1970.02.23, эцэг эх Ц-ын Б, эхийн нэр Ц-ийн М..” гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
-Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 000000254 дугаартай: “...Б.Б нь 1970 онд төрсөн ба одоо 54 настай байх боломжтой байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Гэрч У.Ж-ы: “...Намайг хүүхэд байхад Б.Б-ы аав болох Б-тай манайх нэг газар өвөлждөг манайхан хоорондоо айл саахалт байсан учраас би Б.Б-ыг 1970 онд төрж байсан талаар нь мэддэг юм. Тухайн үед манай аав ээж бид нар гэртээ гарсан хүүхэд гээд очиж их хардаг байсан. Тэгээд Б.Б-ны гэрийнхэн хөдөөгийн айл байсан учраас 1972 онд буюу 2 жилийн дараа гэрчилгээг нь авахдаа тухайн оноор авчихсан байсан гэж Б.Б хэлж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн М овогт Б-ын Б нь 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:
-Завхан аймгийн Тэс сумын Дэлгэрэх нэгдлээс Б-ын Б-нд 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нээж олгосон: “...1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дэлгэрэх нэгдлийн малчнаар, 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дэлгэрэх ХК-ны бүх гишүүдийг хурлын 1-р тогтоолыг үндэслэн малчны ажлаас чөлөөлөв гээд 1991 онд 1-12 сар, 1992 онд 1-12 сар, 1993 онд 1-4 сар...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар,
-0917000096 дугаартай “М овогт Б-ын Б-нд” /ИО......./ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1990 оны 07 дугаар сар, 1993 оны 5 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0596010 дугаартай “...М овогт Б-ын Б-ы 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ИО72022311...” гэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Гэрч Д.С-гийн: “...Би Б.Б-тай хамт нэг нутагт буюу нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас Б.Б-ныг 1991 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн Тэс сумын Дэлгэрэх нэгдэл Дэлгэрэх ХК болтол ажиллаж байсан талаар мэддэг юм. Б.Б нь Завхан аймгийн Тэс сумын Дэлгэрэх нэгдэлд 1991 онд анх малчнаар ажиллаж байгаад Дэлгэрэх ХК болтол буюу 1993 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тэр үед Б.Б нь аав ээжийнхээ хамтаар эм хонь маллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч М овогт Б-ын Б-г 1970 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 54 настай болохыг, мөн 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б-ы шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлаа болон нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Б-ын Б-ыг 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 54 настай болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Б-ын Б нь 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дэлгэрэх ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН