Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0810

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ... ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах...гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэлийн төлөөлөгч ******* 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг даалгах тухай шаардлага бүхий хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.

Манай компанийн зүгээс хариуцагч болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай эвийн журмаар ярилцаж, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргасан. Мөн түүний дагуу цахим бүртгэлд хугацаа нь сунгагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нь орсон ба цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, санай компанийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/5626 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн ******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​ Иймд нэхэмжлэгч ******* ХХК-г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР