Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 019

 

Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Х.С-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “8.000.000.00 төгрөг гаргуулах” тухай.

Нэхэмжлэлд: “Х.С нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс ямар ч үндэслэлгүйгээр 8.000.000.00 төгрөг шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 8 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн боловч сум хөгжүүлэх санд авсан мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд Х.С-ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 8.000.000.00 /найман сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.С-ээс зээл 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг шуудангаас гардан авсан бөгөөд эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төсөл бичиж шалгарсны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргатай зээлийн гэрээ байгуулж 8.000.000.00 төгрөг авсан. Уг зээлээр авсан мөнгийг хувийн тодорхой шалтгааны улмаас буюу бизнес маань алдагдалтай байсны улмаас хуваарийн дагуу төлж чадаагүй нь үнэн. Гэтэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ уг зээлийн эрх зүйн харилцаанаас тэс өөр намайг 8 сая төгрөгийг Өлгий сумын Засаг даргаас эсхүл түүний ажлын албаны санхүүгээс шууд очоод тоолоод авчихсан юм шиг тайлбарлаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Түүнчлэн, гэрээний эрх зүйн харилцаатай холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх анзаараагүй явдалд мөн гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас хариуцагч Х.С-д холбогдуулан 8.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч нь танил талаа ашиглан, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр сум хөгжүүлэх сангаас 8.000.000.00 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч Х.С нь нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

            Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэн, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Гэвч  шүүх нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхдөө зарим алдаа гаргаж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн алдаа гаргасан байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хариуцагчийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үйл баримт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдохгүй байна. Харин хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай төлбөрийн хүсэлт, Төрийн сангийн дансны хуулга, Капитал банкны “Депозит дансны харилцагчийн хуулга” зэрэг баримтуудаар хариуцагч Х.С нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 8.000.000.00 төгрөгийг зээлээр авсан болох нь тогтоогджээ.

            Иргэдэд сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг судлан үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг тус тус баталжээ. Хариуцагч Х.С нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас зээл авах үед энэ журам үйлчилж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, шинэчлэн баталсан.

            Тухайн үед мөрдөгдөж байсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.2.-т тус сан нь Төрийн санд тусгай данстай байхаар, 1.3.-т Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглосон, 1.6.-д сангаас иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.5.-д заасан зорилгоор жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгохоор, 3.2.2, 3.2.3.-т сумын Засаг даргын иргэд, аж ахуйн нэгжээс санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхийг тус тус журамласан байна. Үүнээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг буцаан төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох зориулалттай байна.

            Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн үндэслэл зэргээс үзвэл хариуцагч Х.С-д сум хөгжүүлэх сангаас 8.000.000.00 төгрөгийн зээлийг дээрх журмын дагуу, журамд заасан нөхцөл, зориулалтаар олгосон нь тогтоогдоогүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалт, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хуульд зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй ба хариуцагч Х.С нь энэ үүргээ биелүүлээгүй, авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хийж байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болжээ. Харин шүүх хэргийн үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болсноос гадна зээлийн мөнгийг “... сум хөгжүүлэх санд” олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь журмын 3.2.4.-т эргэн төлөгдсөн зээлийн орлогыг тус сангийн дансанд төвлөрүүлэх нь сумын Засаг даргын үүрэг байхаар журамласан.

            Хариуцагч Х.С нь анхан шатны шүүхэд хуульд заасан буюу шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй боловч давж заалдах шатны шүүхэд  “нэхэмжлэгчийн гэрээний эрх зүйн харилцаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн агуулгатай гомдол гаргаж, түүний өмгөөлөгч энэ талаар “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу олгогдох ёстой бөгөөд уг журамд зааснаар тус зээлийг 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй олгоно. Энэ тохиолдолд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр олгосон зээлийн гэрээний хугацаа 3 жилийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт дахь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа /2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр/ өнгөрсөн” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ.

            Талуудын хооронд зээлийн гэрээ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын дагуу, бичгээр байгуулагдсан нь нотлогдоогүй, талууд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон нь баримтаар тогтоогдоогүй, зээлдэгч зээл авснаас хойш эргэн төлөлт хийж байгаагүй учир талууд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэж шүүхээс дүгнэн, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

            Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт дахь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өнгөрсөн” гэх гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, зээлийн гэрээ Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу бичгээр байгуулагдаагүй тохиолдолд хариуцагч талын тайлбарыг үндэслэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг хэрэглэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт нийцэхгүй, давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь зохих журмын /зориулалт, нөхцөлөөр/ дагуу байгуулагдсан” гэсэн таамаглалд үндэслэгдэж болохгүй бөгөөд шийдвэрт хууль ёсны байх шаардлагаас гадна бодит үндэслэлтэй байх шаардлага давхар тавигдах юм. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзал ба үндэслэлийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй боловч өөрийн үндэслэл, тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

            Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.С-ээс 8.000.000.00 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК