Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02097

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 21 181/ШШ2024/02097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, "ЗСГ ББСБ" ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Б/РД:.../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сарын 3%-ийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр ЗГ/22/0101130108000553 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 4,450,000 төгрөгийг зээлж "ІРНONE 13 PROMAХ" гар утсыг Ант молл дэлгүүрээс худалдан авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт дагуу огт хийгээгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хаяг тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг буцаасан байна. Бид түүнтэй удаа дараа холбоо барих гэж хичээсэн ч чадаагүй ба бүртгэлтэй хаягт нь удаа дараа очсон ч тийм хүн байдаггүй гэсэн болно. Иймд түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "ЗСГ ББСБ" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Бг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

А.Б нь Баянзүрх дүүргийн, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр байр, 61 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/01560 дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу А.Б /РД:.../-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Б /РД:.../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Бг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч "ЗСГ ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ, Ц.Даваацэрэн нарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА