Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00611

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00611

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.ийн А,

Хариуцагч:  Н.гийн Н.,

Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн үнэ 1,200,000 төгрөг, торхны бэлдэцийн үнэ 2,300,000 төгрөг, нийт 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/00

475/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Н.Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н.Н.гээс 5х6 харьцаатай торхны бэлдэц авахаар харилцан тохиролцож хөлсөнд нь өөрийн 2,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг түүний эзэмшилд шилжүүлсэн. Мөн Н.Н. нь 2022 оны өвөл идшиндээ хэрэглэх гэсэн юм, буцаагаад үхрээр нь өгье гээд надаас 1 бяруу авсан. Түүнээс үхэр болон торхны бэлдэцээ авъя гэхэд өгнө гэж явсаар өдийг хүрч байна. Би үхрээ одоо 1,200,000 төгрөгөөр үнэлж байна.

Иймд Н.Н.гээс үхрийн үнэ болох 1,200,000 төгрөг, торхны бэлдэцийн үнэ болох 2,300,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

1.1. Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 9 дүгээр сард Н.Н.гээс торхны бэлдэц 51 ширхэг модыг 2,300,000 төгрөгөөр үнэлж, өөрийн Мустанг-5 маркийн мотоциклиор сольж аваад, ачиж аваагүй хашаанд нь үлдээж, 3 ширхэг модыг хүнд зараад 48 ширхэг мод үлдсэн. 5*6 харьцаатай дүнзэн байшинд 48-56 ширхэг бэлдэц ордог. Тэгээд Япон явж ажил хийгээд мөнгө төгрөгтэй болоод байшингаа барья, модоо авах болтол бэлдэцийг надад хэлээгүй хүнд зарсан байсан. Зарсан хүнээс нь 30 ширхэг модоо авсан. н.Батбямба гэдэг хүн байсан. Одоо 18 ширхэг торхны бэлдэц модыг 1 бүрийн үнэ 60,000 төгрөгөөр тооцож, 840,000 төгрөг гаргуулж авна. Бас 2022 онд Н.Н.гээр дамжуулж, 2 бяруу авахаар 800,000 төгрөг өгсөн. Надаас 1 бярууг авахдаа ижил насны үхэр өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. Хязаалан үхрийн үнэ 1,200,000 төгрөг авна.

Гэвч бид шүүх хуралдаанд ярилцаад үхрийн үнэд 600,000 төгрөг, торхны бэлдэц 10 ширхэг мод буюу 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг өгч авахаар эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

2.  Хариуцагч Н.Н. шүүхэд гаргасан тайлбартаа: Г.А нь манай хадам ээжийн төрсөн эгчийн нь хүүхэд юм.

1. 2021 оны намар 9 сарын 10-ны үед 5*6 харьцаатай торхны гол хуваасан өрөөд босгоход бэлэн бэлдэц өгөөд /38 ширхэг/ оронд нь Г.А-н мустанг-5 маркын цагаан өнгийн унаж хэрэглэж байсан хуучин мотоциклиор нь сольсон юм. Ингээд манай хашаанаас бэлдэцээ аваагүй удсан. Энэ хугацаанд эзгүй байх зуурт тухайн бэлдэцийг хүн ачаад авчих бий гэж эргэж тойрч байсан. Тэгээд Г.А болон манай том хүү Б- нар Япон улс руу ажил хийхээр болж, 2023 оны 07 сард явсан. Явахдаа 38 ширхэг модноос 8 ширхэг модыг нь Г.А нь байшин барьж байсан Д- багшид өгсөн байсан. Д- багшийн байшинг барьж байсан манай найз Ш- хэлэхдээ мод дутчихсан, танай хашаанаас мод авч байна, та хоёр модоо зараа юу гэхээр нь Г.А руу яриад та модоо зарсан юм уу? гэж асуухад тийм тийм гэх хариу өгсөн. Тэгээд модыг нь тоолж үзэхэд 30 ширхэг болсон байсан. Тэгээд Г.А болон манай хүү Б нар Япон улс руу 3 жилийн хугацаагаар явсан байсан болохоор үлдсэн 30 ширхэг модыг нь өмхрүүлж муутгаж байхаар авъя гэсэн хүнд нь зараад буцаагаад шинэ мод болгоё, шинэчилье гэж нөхөр маань тус 30 ширхэг модыг Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Б-д 1,000,000 төгрөгөөр зараад мөнгийг нь авсан байсан. Гэтэл 2024 оны 01 сард Г.А нь Японоос хүрээд ирсэн. Манай хүү тэндээ ажиллаж л байгаа. Ирээд модоо авъя гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь бусдад зарсан, шинэ мод бэлтгэж өгнө гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.А нь хэсгийн төлөөлөгчид модыг минь зарсан байна, модоо авна гэх утгатай өргөдөл гаргасан байсан. Тэгээд А болон хэсгийн төлөөлөгч нар Б-д очиж 30 ширхэг модыг тоолсон байсан. Б-н эхнэр нь би өгсөн 1,000,000 төгрөгөө Н., В- нараас аваад энэ 30 ширхэг модыг нь өгнө гэж хэлсэн байсан. Ингээд хэсгийн төлөөлөгч намайг дуудаадта Б-д 1,000,000 төгрөгийг буцааж өг, А 30 ширхэг мод авахаар тоолж хүлээлцсэн. Олон таван юм ярихгүй 1,000,000 төгрөгийг нь өг гэсэн. Тэгэхээр нь 2024 оны 04 сарын 21-ний өдөр Б-н эхнэр Н-д 1,000,000 төгрөг, ачуулсан зардал 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг мод гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгээд Н- эгч Г.Атай таараад модоо аваарай гэсэн чинь дуугай яваад өгсөн гэсэн. Одоо тэр 30 ширхэг мод Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Б- гэдэг айлын хашаанд байгаа. Үүнийг Г.А өөрөө авна биз. Тийм учир торхны бэлдэцийн үнэ 2,300,000 төгрөгийг төлөхгүй.

2. 2022 оны өвөл 1 охин бяруу авсан нь үнэн. Буцаагаад үхрээр нь өгнө гэж тохирсон. Үүнийг 2023 оны 05 сард манайхыг хаваржаа дээр байхад Г.А манайх руу яриад Үхэр авч яваа И-т нөгөө шүдлэнгээ өгөөрэй, би мөнгийг нь авчихсан гэсэн. Тэгэхээр нь И-ыг ирэх үед 1 эр шүдлэн үхэр өгөөд машин дээрээ ирээд ачаад аваад явсан. Иймд үхрийн үнэ 1,200,000 төгрөгийг төлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

2.1. Хариуцагч Н.Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Манайх Г.Ад 38 ширхэг торхны бэлдэц зарсан. Үлдэгдэл 18 ширхэг модыг мэдэхгүй байна. Би ээждээ нэг бярууг нь гаргаж өгсөн. Тэр бярууг өгөөгүй гээд байгаа. н.И- гэдэг хүнд би бухандаа гээд өхөөрддөг бяруугаа ачуулаад явуулсан. Нэг бярууны мөнгийг хүнд өгсөн ч бяруугаа аваагүй байгаа. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Шүүх хуралдаанд бид ярилцаад эвлэрч байна. Г.Ад зүсээгүй 5 метрийн урттай мод 2 ширхэг, 6 метрийн урттай мод 3 ширхэг, дундуур нь зүсэхээр нийт 10 ширхэг торхны бэлдэц мод болно. 1 ширхэг модыг 60,000 төгрөгөөр үнэлж байна. Үхрийн үнэд 600,000 төгрөг өгнө.

Иймд Г.Ад торхны бэлдэц 10 ширхэг мод буюу 600,000 төгрөг, үхрийн үнэд 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Н.Н.д холбогдуулан үхрийн үнэ 1,200,000 төгрөг, торхны бэлдэцийн үнэ 2,300,000 төгрөг, нийт 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А ...Н.Н.тэй ярилцаад үхрийн үнэд 600,000 төгрөг, торхны бэлдэц 10 ширхэг мод буюу 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг өгч эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна... гэх тайлбар, хариуцагч Н.Н. ...Г.Ад торхны бэлдэц 10 ширхэг мод буюу 600,000 төгрөг, үхрийн үнэд 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна... гэх тайлбар тус тус гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагыг 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгөөр багасган, хариуцагч Н.Н. үхрийн үнэ 600,000 төгрөг, торхны бэлдэц 10 ширхэг буюу 600,000 төгрөг, нийт 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг төлөхийг зөвшөөрч, зохигч хоорондоо эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч Г.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н.гээс 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 33,350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н.д холбогдох үхрийн үнэ 1,200,000 төгрөг, торхны бэлдэцийн үнэ 2,300,000 төгрөг, нийт 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Н.Н. үхрийн үнэ 600,000 төгрөг, торхны бэлдэц мод 10 ширхэг буюу 600,000 төгрөг, нийт 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Г.Ад төлж барагдуулахаар, зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н.гээс улсын тэмдэгтийн хураамж 33,350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА