Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 020

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаар шийдвэртэй, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Б сумын 1 дүгээр багт оршин суух Р.Ө, Б сумын 4 дүгээр багт оршин суух Р.О нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч Р.Ө, Р.О, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүдлэн гарсан морь буюу 550.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Х-ийн А нь М.Х гэгчтэй хоорондоо сайн дураараа тохирч дөрвөн настай дөнөн үхрийн оронд дааганаас шүдлэн гарах морь сольж авахаар болсон. Иргэн М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн биеэр манайхаар очиж дөнөн үхрийг авч явсан. Дараа нь би өөрөө 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.Х-ын гэрт очиж дааганаас шүдлэн гарсан хар саарал зүсмийн баруун гуяны дээд хэсэгт доошоо харсан саран тамгатай, тамганы доод талд ганц хөндлөн зураас тамгатай морийг тохирсон ёсоор авсан. Уг морийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн адууны ижил дотроос алдсан ба эрж хайж байгаад тус сумын иргэн Р.Ө-ийн адууны ижил дотор байсныг хараад тэднийд очсон. Р.Ө-нд очиж учир байдлыг хэлж “дааганаас шүдлэн гарсан морь минийх байна, танай адууны ижил дотор явж байна. Миний бие М.Х-аас малаар сольж авсан” гэхэд “таных биш очих газартаа очоорой /заргалдаарай/” гэж явуулсан. Би Р.Ө-нд хэд хэдэн удаа очсон ба хууль хяналтын байгууллагад өгч шалгуул гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Р.Ө-аас шүдлэн гарсан морь буюу 550.000.00 төгрөг гаргуулж өгнө үү. Р.О-ыг энэ хэргийн хариуцагчаар  нэмж татаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Р.Ө-ийн тайлбарт: “Р овогтой Ө миний бие Х.А-ийн танай шүүхэд надаас шүдлэн гарсан морь буюу 550,000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Маргаж буй дааганы эзэн бол Р.Ө би биш харин миний дүү болох Р.О юм. Р.О нь сумын төвд амьдардаг тул түүний адуу мал над дээр байдаг ба байнга би хариулдаг. Р.О-ын өмчлөлийн 2 толгой эр даага 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр сүргээс тасраад алдагдсан. Тэр 2 даагыг эрж хайсны эцэст 7 дугаар сарын 17-ны өдөр Н гэх газраас би олж аваад гэртээ авч ирсэн. Тэр өдөр 2 дугаар багийн өдөрлөг болж байсан тул замд тааралдсан хүн болгонд үзүүлсэн. Түүнийг замд Ш.Б, Н.С, З, Н.Б, Н.А, Х.Е нар харсан болно. Тэгээд сумын цагдаа Б.Шаригатад хэлж үзүүлсэн. Тэр 2 даага тамгагүй байсан ба би даагыг олоход доошоо харсан саран тамга дарсан байсан. 7 дугаар сарын 19-ний өдөр сумын цагдаа Б.Шаригат нь дээрх үйл явдлыг шалгаж Х.А, М.Х нартай уулзаж ирсэн. Тэгээд сүүлд 8 дугаар сарын 02-ны өдөр Алтанцөгц сумын төлөөлөгч н.Есөн-Оргил комисс гарган шалгаж Р.О-ын даага мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгөөд явсан. Тэр хоёр дааганы нэг нь буюу хар саарал зүсмийн даага надад байна. Дааганы эзэн би биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй гэдгийг хэлмээр байна” гэжээ.

 

Хариуцагч Р.О-ын тайлбарт: “Р овогт О миний бие тус аймгийн Б сумын 4 дүгээр багт амьдардаг, ногоочин хүн юм. Нэхэмжлэгч Х.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хэдэн мал төрсөн ах Р.Ө-ийн малтай хамт байдаг. Ахын адуунд байсан миний им тамгагүй хул болон хар саарал зүсмийн 2 даага дэлийг нь зассан байсан 5 дугаар сарын 20-нд алга болсон гэж ахаас сонссон. 2 сар эрж хайсны эцэст 7 дугаар сарын 17-ны өдөр ах Ө “Н” гэх газраас олж авсан. Тэр үед даагануудад саран тамга дарсан байсан. Тэр тамга бол Х-ын дардаг тамга байсан. Гэртээ ирсний дараа тэр тамганы доор бид өөрийн “давхар харуул” тамгаа дарсан. Тэгээд сумын цагдаа Б.Шаригатад мэдэгдсэн ба тэр цагдаа Х, А нартай 7 дугаар сарын 19-ний өдөр очиж уулзаад ирсэн. 8 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгч Есөн-Оргил, цагдаа Б.Шаригат нар комисс томилон очиж асуудлыг шийдсэн. Х нь шүдлэн адуу алдсан гэж байгаа боловч маргаж буй адуу нь даага болох нь тодорхой болсон. Энэ үйл явдлыг цагдаа Б.Шаригат, төлөөлөгч Есөн-Оргил нар сайн мэдэж байгаа тул тэд нараас гэрчийн мэдүүлэг авах ёстой гэж үзэж байна. Тэр 2 даагыг би өвөл сумын төвд тэжээсэн ба үүнийг манай хөршүүд сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч адуугаа 7 дугаар сарын 20-ны өдөр алдсан гэж байгаа бол ах Р.Ө 7 дугаар сарын 17-ны өдөр Н-өөс олж авсан байна. Үүнийг 2 дугаар багийн иргэд бүгд харсан байна. 7 дугаар сарын 19-ний өдөр цагдаад үзүүлсэн. Гэтэл тэд нэхэмжлэлдээ огт үндэслэлгүй зүйл дурдаж бичсэн байна. Зун уг даагыг минийх гэж Х маргаж байсан бол одоо А маргаж байгаа нь ойлгомжгүй зүйл болоод байна. Энэ хоёр яагаад ээлжлэн зарга үүсгээд байна гэдэг нь анхаарал татаж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаар шийдвэрээр:

 

“1.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-г баримтлан хариуцагч Р.Ө, Р.О нараас шүдлэн гарсан морь буюу 550000 (таван зуун тавин мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17150 (арван долоон мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Х.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаартай шийдвэрийг гардан авч танилцаад анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх маргаантай адууны маргаанд шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад нэг талыг барьсан, бодит байдалд нийцсэн, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Шинжээчид маргаан бүхий адууны насыг үнэн зөв тодорхойлж чадаагүй, адууны жинхэнэ өмчлөгчийн тамгыг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Энэхүү дутуу дулимаг хийлгэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байна. Адууны шүдийг зөв тогтоож чадаагүйгээс болж маргаан хариуцагчид ашигтайгаар шийдвэр гарсан гэж үзэж байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна. Давж заалдаах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.А, миний өмгөөлөгч Я.Сьезд нар заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Р.Ө, Р.О нарт холбогдуулан шүдлэн морь буюу 550.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “М.Х-аас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дааганаас шүдлэн гарсан хар саарал зүсмийн, баруун гуяны дээд хэсэгт доошоо харсан сар, доод талд нь хөндлөн зураасан тамгатай адууг дөнөн үхрээр сольж авч, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр алдсан. Эрж хайхад Р.Ө-ийн адуун сүрэг дотор байсан бөгөөд түүнээс адуугаа буцааж авахыг шаардахад тэрээр таны адуу биш гэж өгөөгүй” гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаа эс зөвшөөрсөн үндэслэлээ “уг хар саарал зүсмийн даага нь Р.О-ых бөгөөд Р.Ө-ийн адуун сүргээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр алдагдсаныг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Н гэх газраас олсон. Уг даага алдагдсан үед тамгагүй байсан боловч хэн нэгэн доошоо харсан саран тамга дарсан байсан. Уг тамга нь М.Х-ын тамга юм. Даагаа олж авсны дараа бид уг тамганы доор өөрсдийн “давхар харуул” тамгаа дарсан. Цагдаагийн алба хаагч нар маргаж байгаа уг адуу нь даага болох нь тодорхой болсон учраас надад хариуцуулсан.” гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан маргаж буй адууны гэрэл зураг /хэргийн 10, 71, 73 дугаар тал/, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 44 дүгээр тал/, гэрч М.Х, Б.Шаригат нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар болон бусад баримтууд маргааныг хянан шийдвэрлэхэд хангалтгүй байхад шүүх хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад нийцээгүй байна. Учир нь маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй буюу зохигчийн тайлбар зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтийн шинжлэх ухаан, тооцооллын  үндэслэл тодорхойгүй, бүрэн бус, үнэн зөв болох нь эргэлзээтэй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан журмын дагуу нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх замаар маргаж буй адууны шинж байдлыг бүрэн, бодитой тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Тодруулбал, шинжээчийн дүгнэлтээр маргаж буй хар хээр зүсмийн адууны насыг  “нэг нас, зургаан сартай” гэж дүгнэсний шинжлэх ухаан, тооцооллын үндэслэл тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 4 дэх заалтаар шинжээчид тавьсан асуулт “г/” нь тодорхойгүйгээс /хэргийн 42 дугаар тал/ түүнд хариулсан шинжээчийн “...хос зураас тамга нь Р.Ө-ийн адуун сүргийн тамгатай таарч байна. Харин Р.Ө-ийн адуун сүрэгт маргаж буй морины эх нь байхгүй байна.” гэх дүгнэлт бүрэн бус, хангалтгүй болжээ. Шүүх шинжээч томилж нотлох баримт бүрдүүлэхдээ уг хар хээр зүсмийн адууны эх нэхэмжлэгчийн уг адууг худалдаж авсан гэх М.Х-ын адуун сүрэгт байгаа эсэхийг, доороо нэг зураастай доошоо харсан саран тамга нь М.Х-ын адуун сүргийн тамгатай тохирч байгаа эсэхийг тодруулж нягтлаагүй, гагцхүү хариуцагч нарын адуун сүргийн тамгатай харьцуулсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчмыг анхаараагүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Маргаж буй хар хээр зүсмийн адуунд эхлээд “доороо нэг зураастай доошоо харсан саран” тамга дарагдсаны  дараа түүний доор Р.Ө, Р.О нарын “давхар харуул буюу хос зураасан” тамга дарагдсан талаар талууд санал нэгдсэн, энэ талаар хэрэгт гэрэл зураг авагдсан бөгөөд “давхар харуул” тамга нь хариуцагч нарынх гэдэгт зохигч маргаагүйгээс гадна энэхүү илэрхий үйл баримт нь талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Харин эхлээд дарагдсан гэх “доороо нэг зураастай доошоо харсан саран” тамга нь гэрч М.Х-ын тамга мөн эсэх, уг тамгыг маргаж буй адуунд гэрч М.Х хэзээ дарсан нь түүний өгсөн гэрчийн мэдүүлгээс өөр хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч тал маргаж буй адууг өөрийн өмч гэж үзсэн үндэслэлээ буюу уг адууны хувийн шинж тэмдгийг “дааганаас шүдлэн гарсан морь” гэж, хариуцагч нар “даага” гэж тус тус маргаж тухайн маргаан гарсан цаг мөчид уг адууг “шүдлэн морь”  гэж тогтоогдвол нэхэмжлэгч Х.А-ийн өмч, “даага” гэж тогтоогдвол хариуцагч Р.О-ын өмч гэж үзсэн үнэн зөв эсэх нь эргэлзээтэй талуудын тайлбарт шүүх хөтлөгдөн “...маргаан бүхий морь “шүдлэн гарсан морь” биш “даага” байсан гэдэг нь, ...гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар маргаан бүхий морь “даага” болох нь тус тус тогтоогдож байгаа тул...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Адууны төлийг унага, 1 настайг нь даага, 2 настайг нь шүдлэн гэх бөгөөд маргаж буй адуу хэзээ төрсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн, хангалттай тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийн үндэслэл тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад шүүх уг адууг “даага байсан”, “даага мөн” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчжээ. Шүүхийн шийдвэр талуудын дэвшүүлсэн таамаглалд үндэслэгдэж болохгүй бөгөөд энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд харшилна.

 

Шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрч М.Х-т Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулан мэдүүлэг авахдаа тэрээр маргаж буй адууг “2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, цагаан гүүний унага. 2017 оны 10 дугаар сард ... би өөрийнхөө саран тамгыг дарсан. А-ээс би нэг шар авсан ба оронд нь шүдлэн морийг 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн. ... Ад даага худалдсан нь үнэн. Би саран тамгатай даага худалдсан ба одоо шүдлэн гарсан морь болсон.” гэж мэдүүлжээ. Гэрчийн уг мэдүүлгээс үзвэл, шинжээчийн дүгнэлт гарсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар уг хар хээр зүсмийн адуу нь хоёр нас дөрвөн сартай буюу шүдлэн морь байсан байна. Харин шинжээчийн дүгнэлтээр хар хээр зүсмийн адууг нэг нас зургаан сартай даага гэж тогтоосон үндэслэл тодорхойгүй учир эдгээр баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болсон байна.

 

Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийн агуулгыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд бүрэн эхээр нь тусгасан атлаа түүний хууль зүйн болон бодит үндэслэлийг /нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрхэн үгүйсгэсэн талаар/ дүгнэж бичээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна. Хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах бөгөөд шүүх уг хэсэгт маргааны үйл баримтад тохирох хуулийн заалтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах ёстой.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.150.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.150.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар Х.А-д буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК