| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00473/И |
| Дугаар | 131/ШШ2024/00597 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2024/00597
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин байрлах, *******-д холбогдох
Баянхонгор сумын 2, 3, 7, 9 дүгээр багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт, интернэт орчин бүрдүүлэх, гамшгийн үеийн дохиоллын сирена суулгах ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 7/57 дугаар гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, хийсэн ажлаа хүлээлгэн өгч, ажил хүлээлцүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Баянхонгор сумын 2, 3, 7, 9 дүгээр багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт, интернэт орчин бүрдүүлэх, гамшгийн үеийн дохиоллын сирена суулгах ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 7/57 дугаар гэрээ байгуулсан.
Гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч хугацаандаа хийж дуусгаагүй тул захиалагч талаас гүйцэтгэгч талтай харилцан тохиролцож, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад бүрэн оруулна гэж сунгалтын гэрээг байгуулсан.
Гэтэл тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажлаа хийж дууссан нь тодорхойгүй, хийгдэж дууссан бол ажлаа хүлээлцэж өгөлгүй явсан.
Ингээд аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1 а/615 дугаар албан бичгээр ажлаа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгаж, хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй.
2. Хариу тайлбарын агуулга: Манай компани нь *******тай 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 7/57 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр Баянхонгор сумын 2,3,7,9 дүгээр багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт, интернэт орчин бүрдүүлэх, гамшгийн сирена суулгах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх зардал захиалагчийн гүйцэтгэлийн санхүүжилтээр хийгдэхээр байсан. Тодруулбал захиалагч нь ажлын тодорхой үе шатуудаас хамаарч баталгаажсан гүйцэтгэлээр ажлын төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээнд гүйцэтгэлийн хуваарь, хэмжээг зааж өгсөн байдаг.
Гэтэл захиалагч нь төсөв татагдсан гэх нэрээр гүйцэтгэлээ хугацаанд нь компанид олголгүй удаашруулж, гүйцэтгэлийг бүрэн бус байдлаар компанид шилжүүлж байсан нь өөрөө ажлыг гүйцэтгэх хугацааг удаашруулахад хүргэсэн байна.
Компанийн зүгээс захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ хэдийгээр захиалагч буюу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болж хугацаа хожимдуулсан боловч бүрэн гүйцэтгэж одоо захиалагч нь тухайн гэрээний зүйлийг ашигласаар л байгаа. Харин санхүүжилтийг дутуу олгосон бөгөөд манай компани нь захиалагчаас авлагатай байгаа болно.
Захиалагч нь хийгдсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэйгээ мэдэж байгаа гэж бодож байна. Манайх ажлыг бүрэн дуусгаад хүлээж авах талаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захиалагчид хандсан боловч захиалагчид хандсан боловч захиалагч нь өөрөө ажлыг хүлээж авах үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн.
Ажлыг хүлээж авах талаар албан бичгээр компаниас хүсэлт хүргүүлсээр байтал ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй, өөрөө хүлээж аваагүй атлаа яагаад шүүхэд гэнэт хандаж байгааг огт ойлгохгүй байна.
Аймгийн Засаг дарга ажил хүлээлгэж өгөх талаар нэхэмжлэл гаргаагүй байсан бол манай компани ажил хүлээж авахыг захиалагчид даалгах тухай нэхэмжлэл гаргах бодолтой байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ын Баянхонгор сумын 2, 3, 7, 9 дүгээр багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт, интернэт орчин бүрдүүлэх, гамшгийн үеийн дохиоллын сирена суулгах ажлын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, хийсэн ажлаа хүлээлгэн өгч, ажил хүлээлцүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Баянхонгор аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Баянхонгор сумын 2, 3, 7, 9 дүгээр багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт, интернэт орчин бүрдүүлэх, гамшгийн үеийн дохиоллын сирена суулгах ажлын гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан зохигчийн шаардлага гаргах, уг шаардлагаа хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдав.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч *******-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ын Баянхонгор сумын 2, 3, 7, 9 дүгээр багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт, интернэт орчин бүрдүүлэх, гамшгийн үеийн дохиоллын сирена суулгах ажлын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, хийгдсэн ажлаа хүлээлгэн өгөхийг даалгах, ажил хүлээлцүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ