Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 021

 

А.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай   

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00715 дугаар шийдвэртэй, А.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, М.Б-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, охин А.Г-г асрамжид авах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хуваарьт хөрөнгө болох 18,000,000 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт нь болон охин А.Г-д оногдох хэсэг болох 8,666,666 төгрөг нийтдээ 26,666,667 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие эхнэр болох М.Б-тэй 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд гэр бүл болоод 2 жил гаруй болсон. Эхнэр М.Б биднийг хүндэлдэггүй, байнга маргаан гаргадаг. Гэрлэхээс өмнө би чамаас жирэмсэн болсон гэснээр гэрлэсэн ба 5 сарын дараа охин төрүүлсэн. Харин охин маань одоо 1 нас 6 сартай. Хүүхэд төрүүлсний дараа М.Б бид хоёр сайхан амьдарчих байх гэж бодсон. Сүүлийн үед эхнэр маань ааш зан муудаж эцэг эх дүү хамаатан саданг хүндэлдэггүй төрхөмдөө байн байн явдаг болсон. Би түүний нөхрийн хувьд хүүхдээ бодож эхнэрт юу ч хэлдэггүй байсан. Төрхөмдөө очоод намайг зоддог гэж худлаа ярьдаг, гүтгэдэг. Би түүний хэлж байсан үгэнд гомдоод гэр бүлийн талаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Бид хоёр эвлэрсэн боловч эвлэрснээс хойш мөн гэр бүлийн таарамж муудаж хэрүүл маргаан үүсгэдэг, худал ярьж намайг гүтгэдэг болсон ба түүний төрөл садангийн хүмүүс ирж, эхнэр болох А.Б-д гэр бүлийн талаар ойлгуулан сайн сайхан амьдрахын талаар хэлж байсан удаатай. Цаашид эхнэр болох М.Б-тэй хамт амьдрах боломжгүй, айдас түгшүүртэй амьдралд амьдрах нь надад хэцүү байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Г-г миний асрамжид үлдээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “А.А нь шүүхийг төөрөгдөлд оруулахыг завдаж өөрийгөө гайхалтай эр хүн болгож харин намайг муухай хүн болгохыг харуулж тэрээр гэр бүл болохоосоо өмнө жирэмсэн болсон, улмаар хүчээр гэрлэсэн, мөн намайг гэр бүлийн гишүүдийг хүндэлдэггүй ааш муутай мэтээр ор үндэслэлгүй утгагүй зүйлүүд бичсэн байна. Бодит байдалд тийм биш. А.А бид хоёр сайн дурын үндсэн дээр танилцаж, дурлаж үерхэж байгаад 2017 онд казахын ёс заншлын дагуу хуримаа хийсэн. А.А маш их хартай ба энэ шалтгаанаар би ажлаасаа гарч гэртээ хүүхдээ харж, гэр орны ажлыг л хийдэг болсон. А.А намайг бусдаас хардаж сэрддэг ба тэрээр гэрээсээ гарахдаа намайг гэрээс гаргахгүйн тулд гэрийн болон хашааны хаалганы гадна талд том, том чулуу тавьж явдаг байсан. Нэг удаа гэрийн балконд 2 цагаар түгжиж явсан тохиолдол гарч байсан. Нөхөр А бид хоёр Казахстан улсад оршин сууж тэнд амьдарч үзсэн. А гадаад улсад сургуульд явсан ба өвс татдаг муу зуршилтай. Би уг муу зуршлыг өмнө мэддэггүй байсан ба гэр бүл болсноос хойш мэдсэн. А мансуурсан үедээ унтаж байгаад гэнэт босож ирээд хутга бариад хэн нэгнийг хөөж байгаа юм шиг сонин зан үйл гаргадаг. Ингэхдээ надад халдаж байгаагүй. Гэхдээ би надад болон охиндоо муу юм тохиолдох бий гэж маш их айдаг. Заримдаа А намайг мафийн бүлгийн гишүүн гэж үндэслэлгүй зүйл хэлж байсан. Энэ бүхэн түүний татаж буй өвстэй холбоотой. Үүнээс гадна А видео тоглоом хэтрүүлж тоглодог. Түүнчлэн А охин Г-г харж ханддаггүй, нэг ч удаа охиндоо зориулж хувцас хунар зэрэг эд зүйл авч өгч байгаагүй. Би нөхөртөө зүй ёсны шаардлага тавьж уг муу зуршлаа болих хэрэгтэй гэж байнга хэлдэг. Үүнээс болж таарамжгүй байдал гардаг. Гэр бүл цуцлуулах хэмжээнд хүрсэн асуудалд нөхөр А буруутай. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Гэхдээ охин Г-г өөрийн асрамжид авна. Учир нь охины хүмүүжил түүний ирээдүй надад маш чухал болно.” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд: “Нэгэнт нөхөр А-аас гэрлэлтээ цуцлуулах болсон тул хуваарьт хөрөнгө болон гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой маргаанаа үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. А бид хоёр сайн дурын үндсэн дээр танилцаж, дурлаж, үерхэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр казахын ёс заншлын дагуу хуримаа хийсэн. 9 дүгээр сард өрх тусгаарлан гарч Бүгд Найрамдах Казахстан улсад амьдрахаар болсон. Казахын ёс заншилд гэр бүл болоход охин \бэр\ талаас түүний төсек орон (ор дэвсгэр)-ийг өгдөг. Хэрэв манай төрхмөөс төсөк орон ор дэвсгэр болгож ор хөнжил, тавилга гэх мэт гэр орны эд хогшил өгсөн тохиолдолд А бид хоёр эдгээрийг Казахстан улс руу тээвэрлэх шаардлагатай байсан. Тийм учраас нөхөр А төсек орон (ор хөнжил) авах мөнгийг бэлнээр авъя гэсэн санал гаргасан. Ингээд А бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Казакстанд байхад төрсөн ах Ө-өөс төсөкийн мөнгө гэж 3000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7,381,650 төгрөг дээр нь 618,350 төгрөгтэй тэнцэх хэмжээний тенге (ойролцоогоор 88,335 тенге) нэмж нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Гэтэл уг 8,000,000 төгрөгт төсекийн зүйл худалдаж аваагүй, А уг мөнгийг аваад эцэг эхдээ өгсөн. Түүнчлэн миний ээж Жакеш надад 10,000,000 төгрөг өгсөн. Би уг 10,000,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг аваад үлдсэн 9,400,000 төгрөгийг хадам ээж Сд өгсөн. А бид хоёр Казакстанд ломбард ажиллуулж ашиг олсон ба 2018 онд Ниссан кашкей маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Миний бие Казахстан Улсад байгаа орон сууцанд маргахгүйгээр 18,000,000 төгрөгийг авмаар байна. Иймд хариуцагч А-аас хуваарьт хөрөнгө 18,000,000 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон охин А.Г-д ноогдох хэсэг болох 8,666,666 төгрөг нийтдээ 26,666,667 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “1.Төсек орон буюу хуваарьт хөрөнгөнд М.Б-ийн төрсөн ах Ө гэгч 8,000,000 төгрөгийн хуваарьт хөрөнгө өгсөн гэдэг нь худлаа. Биднийг Казахстан Улсад амьдарч байхад М.Б нь Турк Улсад очиж биеэ үзүүлнэ, оношилгоо шинжилгээ хийлгэнэ бас эмчлүүлнэ гэж зардал мөнгийг эцэг эхээс аваад олж өг гэж байнга шахаж дарамталдаг болсон. Би аав ээжээсээ 10,000,000 гаруй төгрөг олж туслахыг хүсэхэд одоогоор өгөх боломжгүй гэж тухайн үед өгөөгүй. М.Б нь өвчингүй, эрүүл байсан ба мөн нэг залууг дагаж Турк Улсад эмчлүүлэх, шинжлүүлэх нэрээр нэг сар зугаалан явах, тэнэх зорилготой байсныг нь аав ээж мэдээд мөнгө өгөөгүй байсан. Гэтэл М.Б нь төрхмөөс мөнгө авна гэж тэднийг элдвээр дарамтлан дээрх сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 3000 ам.долларыг төрхөм талаас 2017 оны намар байх авхуулсан нь үнэн. Тухайн үеийн ханшаар тенгегээр бодоход 7,000,000 орчим төгрөг байсан байх. Энэ мөнгийг миний аав, ээжийн өгсөн 7,000,000 төгрөгт дүйцэх 3000 ам.доллар бүгд 6000 ам.доллар Турк Улс руу бид хоёр явсан ба миний аав ээж нэмж дахиад 10,000,000 төгрөгийн тусламж өгч шинжилгээ, эмчилгээгүй зугаалж явж ирсэн. Хуваарьт хөрөнгө буюу төсөк орон гэх казахын ёс жаяг, зан заншил болох ёстой журмаар хийгддэг болохоос хэдэн халтар мөнгийг надад өгсөн гэснээр төсөк орон буюу төрхмийн өгөх ёстой инж болчихгүй гэдгийг эрхэм шүүгч анхаарна уу. Иймд хуваарьт хөрөнгөнд надад өгсөн гэх доллар, тенге, төгрөг гэгчийг нь би аваагүй, аваад өөрийн ээждээ өгөөгүй. 2. М.Б миний ээжид мөнгө өгсөн бол түүнийг нь би мэдэхгүй. Ниссан-Кашкей машин авч өгсөн гэдэг нь мөн худал. Энэ машиныг би зээлээр авсан ба зээлээ төлж чадахгүйг мэдсэн эзэн нь буцаагаад авчихсан. Харин бусдын нэрд байсан ломбардыг хэдэн сар газар түрээслэн ажиллуулсан, бараг түрээсийн төлбөрт унаж хаагдсан. Иймэрхүү хоёр хүний дунд ам хэлэлцээр хэдэн сар ломбардыг ажиллуулсан үед олсон ашгийг эхнэр бид хоёр өдөр тутмын хэрэгцээндээ зориулчихсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00715 дугаар шийдвэрээр:

 

“1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг баримтлан А.А, М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А-ийн Г-г эх М.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг тус тус баримтлан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А-ийн Г-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.5, 129 дүгээр зүйлийн 129.2-ыг тус тус баримтлан хариуцагч М.Б, охин А.Г нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бэлэн мөнгө бүгд 15326132 төгрөг, мөн хариуцагч М.Б-ийн хуваарьт хөрөнгө бэлэн мөнгө 7381650 төгрөг нийтдээ 22707782 төгрөгийг нэхэмжлэгч А.А-аас гаргуулан хариуцагч М.Б-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 3958885 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхээс гэр бүлийн гишүүдийн хуваарьт болон дундын эд хөрөнгийг тодорхойлохдоо “М.Б нь өөрийн хуваарьт хөрөнгө болох мөнгөн хуримтлал 9.989.200 төгрөгийг гэр бүл болсны дараа дундаа хамтран өмчлөхөд зориулж авснаар энэ мөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд хамаарна” гэж дүгнэсэн. Уг мөнгө нь одоогоор бодитойгоор байхгүй, гэр бүлийн хэрэгцээ, шаардлагатай зүйлсэд зарцуулагдаад дууссан атал шүүх уг мөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг 10 сая орчим төгрөгийг МБ нь манай ээж С-д өгсөн гэж нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй, нотолгоогүй зүйл бөгөөд хэрхэн үрэгдэж дууссаныг сайн мэдэхгүй. Бид хамтран Казахстан улсад амьдарч байхад манай аав, ээж 7500 доллар нэмж өгөөд бид хоёр ломбард түрээслэн ажиллуулсан.Тэгээд дээрх мөнгөнүүд гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаад л дууссан. Нэгэнт гэр бүлийн хэрэгцээнд дундаа зарцуулсан мөнгийг нөхөж нэгнээс нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус. Миний хувьд ажил төрөл хийж мөнгө олдог байсан, манай ээж ааваас ч нийт 35.000 доллар бид 2-т өгч, ломбард ажиллуулж байгаад ашигтай ажиллаагүй, гэр бүлийн хэрэгцээнд дундаа хэрэглэж дууссан зүйл их байгаа. Мөн шүүхээс Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар төрхөм талын бэлгийн журмаар инж болгон өгсөн бэлэн мөнгө 3.000 ам.доллар буюу 7.381.650 төгрөг нь М.Б-ийн хуваарьт хөрөнгө байна гээд надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь уг мөнгөн дээр миний аав ээжээс өгсөн 3.000 ам долларыг нэмээд нийт 6.000 ам.доллараар бид хоёр Турк Улсад аялж зугаалахдаа хамтран зарцуулсан. М.Б нь өөрийн үзэмжээр уг мөнгөө захиран зарцуулсан болохоос би уг мөнгийг нь зөвшөөрөлгүйгээр авч зүй бусаар зарцуулсан зүйл байхгүй. Уг мөнгөнүүд гэр бүлийн дундын хэрэгцээнд зарцуулагдаад, аялж зугаалаад дууссан, бодитойгоор байхгүй болохыг аль аль тал нь нотлон мэдүүлж, тайлбар гаргасаар байхад надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс миний нэр дээр байсан Ниссан Кашкай маркийн машиныг гэр бүлийн дундын өмч гэж үзэн 13.000.000 төгрөгөөр үнэлгээг тогтоон хуваахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь Казахстан улсад ломбард ажиллуулж байхад Турк Улсын иргэн хүн уг машиныг манай ломбардад барьцаанд тавьж зээл авсан. Ингэж ломбардын үйлчилгээ үзүүлэхдээ машиныг миний нэр дээр шилжүүлэн зээл авсан. Уг хүн нь зээлээ төлөхгүй байж байгаад хожим мөнгөө төлөөд машинаа буцаан авсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон машины бүртгэлийн хуудас нь энэ машин миний өмч гэдгийг нотлохгүй. Тухайн үед миний нэр дээр бүртгэгдсэнийг л нотлох баримт юм. Иймд хэрэг шийдвэрлэхээс өмнө уг машиныг эзэн нь авсан, Монгол Улсад байхгүй, миний өмч биш хөрөнгийг дундын өмчид тооцон хуваахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан М.Б нь нэхэмжлэлийн шаардлагадаа хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлээгүй атал шүүх санаачилгаараа тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн гурав дахь хэсэг, дөрөв дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч М.Б-д холбогдуулан “гэрлэлтээ цуцлуулах, охин А.Г-г өөрийн асрамжид үлдээх тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага, М.Б нь А.А-т холбогдуулан “хуваарьт хөрөнгө 18,000,000 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон охин А.Г-д ноогдох хэсэг болох 8,666,666 төгрөг нийт 26,666,667 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, хариуцагч М.Б “гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, охин А.Г-г өөрийн асрамжид авна” гэж, А.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан судалбал, А.А, М.Б нар нь гэр бүл болсноос хойш таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай байдаг, уг харьцааны улмаас 2018 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санал, санаачилга гаргаагүй байх тул цаашид хамт амьдрах боломжгүй гэж дүгнэн, шүүхээс А.А, М.Б нарт эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар охин А.Г-г эх М.Б-ийн асрамжид үлдээж, эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон боловч М.Б-ийн хуваарьт хөрөнгө гэх 10.000.000.00 төгрөгийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.

 

Хариуцагч М.Б нь гэр бүл болохоос өмнө 10.000.000.00 төгрөгийн мөнгөн хуримтлалтай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч гэр бүл болсны дараа уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр банкнаас гаргаж, өөрөө сайн дураараа захиран зарцуулсан, харин гэр бүлийн хэрэгцээнд, эсхүл бусад байдлаар зарцуулснаа нотолж чадаагүй байна. Тэрээр уг хуваарьт хөрөнгөө хадам ээж Х.С-д өгч хадгалуулсан гэх боловч гэрч Х.С-ийн шүүхэд өгсөн мэдүүлгээр уг тайлбар нь үгүйсгэгдсэн байна.

 

Иймд М.Б нь өөрийн хуваарьт хөрөнгө 10.000.000.00 төгрөгийг хадгаламжаас гарган авч, өөрөө сайн дураараа захиран зарцуулсан байхад Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож, гэр бүлийн гишүүдэд хуваарилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, хуваарьт эд хөрөнгөд тооцуулж,  гаргуулахаар М.Б-ийн  шаардсан 10.000.000.00 төгрөгийн талаар гэрлэгчид гэр бүл болсны дараа, хамт амьдрах хугацаанд түүний хадгаламжаас гарган авч хэрхэн зарцуулсан талаар талууд зөрүүтэй тайлбарлажээ. Уг 10.000.000.00 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө мөн эсэх талаар бодитой тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж, хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

 

            Хэрэгт цугларсан баримтууд, шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл, хариуцагч М.Б нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэсэн журмыг зөрчсөн боловч нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийн заалтыг хүлээн зөвшөөрч, энэ талаар гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах, холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн “10.000.000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд ээж Х.С-д өгсөн гэдэг нь нотолгоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээн авч, хариуцагч М.Б-ийн эцэг, эхээс охин нь нөхөрт гарах үед заншил ёсоор инж болгож өгсөн 3000.00 доллар буюу 7.381.650.00 төгрөгийг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь заалтын дагуу түүний хуваарьт хөрөнгөд тооцож, мөн түүнчлэн талууд гэрлэснээс хойш, хамтран амьдрах хугацаанд бий болсон 13.000.000.00 төгрөгийн үнэтэй Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгслийг мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн зүйлийн 126.2.1 дэх заалтын дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож, гэр бүлийн 3 гишүүнд хуваарилах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгслийг эзэнд нь буцааж өгсөн гэж тайлбарлах боловч уг тээврийн хэрэгсэл нь гэрлэгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын  албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13.000.000.00 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд тэнцүү хэмжээгээр хуваарилж, /4,333,333х2/ 8,666,666.00 төгрөг, түүнчлэн М.Б-ийн хуваарьт хөрөнгө болох 3.000.00 доллар буюу 7.381.650.00 төгрөгийг, нийт нийт 16.048.316.00 төгрөгийг нэхэмжлэгч А.А-аас гаргуулж хариуцагч М.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 10.618.350.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулав. Мөн шийдвэрийн 5 дахь заалтын А.А-аас тэмдэгтийн хураамжид 271.488.00 төгрөг гаргуулсныг “238.192.00 төгрөг гаргуулахаар тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.489.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгоно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00715 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бэлэн мөнгө бүгд 15326132 төгрөг, мөн хариуцагч М.Б-ийн хуваарьт хөрөнгө бэлэн мөнгө 7381650 төгрөг, нийтдээ 22707782 төгрөгийг” гэснийг “нийт 16.048.316.00 /арван зургаан сая дөчин найман мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг” гэж, мөн заалтын “3958885 төгрөгийг” гэснийг “10.618.350.00 /арван сая зургаан зуун арван найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг” гэж, 5 дахь заалтын “271488 (хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун наян найман) төгрөгийг” гэснийг “238.192.00 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.489.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                                                                  

Д.КӨБЕШ