Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 123/2017/0016/з |
Дугаар | 252 |
Огноо | 2018-05-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 252
“МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 123/ШШ2017/0038 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0116 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгч “МА” ХХК-ийн захирал Ц.Цэдэндамба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 123/ШШ2017/0038 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0116 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзийгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг буруугаар тайлбарлаж, нэхэмжлэгч байгууллагын газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, тус хэмжээгээр нь гэрээг нь шинэчилж хийсэн огноогоор газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг тооцож, газар эзэмших эрх нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүсэж үүнээс өмнөх хугацааны эзэмшиж байсан асуудал дууссан байдлаар ойлгогдохоор дүгнэсэн. Гэтэл энэ нь Газрын тухай хуулийн гол агуулга, бодит байдал, өнгөрсөн үйл баримттай нийцээгүй.
5. Нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан нь хариуцагч Засаг даргын 2016 оны газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/086 дугаар захирамжийн дагуу газрын хэмжээнд өөрчлөлт орсныг баталгаажуулсан болохоос бус шинээр анх олгож байгаа үйл баримт биш зөвхөн техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчих, хариуцагч Засаг даргын хувьд хяналт тавихгүй байх боломжийг бий болгох үндэслэл болох ёсгүй ба хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн.
6. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь 2-оос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргасан. Нэхэмжлэгч нь 1026 га газрынхаа маргаж буй 161 га газарт уг хуулийн дагуу тариалалт хийгээгүй байсан нь уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-д заасан эрх, үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь баримтаар тогтоогдож байхад уг хуулийг хэрэглээгүй.
7. Мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж зардал гаргаж, орлого олсон бол түүнийгээ тайлагнах ёстой гэтэл тайлагнаагүй үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлагнасан баримт хэрэгт авагдсан байхад уг үйл баримттай холбогдуулан дээрх хуулийг хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна.
8. Түүнчлэн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд өөрийн газраа гэрээнд заасны дагуу бусдад ашиглуулах тохиолдолд зохих журмаар газрыг эзэмшүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ тус компанид шилжүүлсэн гэх зүйл биш бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “МА” ХХК-ийн хувьд тариалалт хийгээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх баримтууд байхад түүнийг анхаарч үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж үндэслэл бүхий гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь буруу болсон.
9. Хариуцагчаас дахин захирамж гаргаж шинээр газар эзэмшүүлсэн мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, учир нь газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг захирамжаар шийдвэрлэж, гэрээнд өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгчид ашигтайгаар, түүний хууль зөрчсөн үйлдлийг дээрх үйл баримтаар буруу тайлбарлан хаацайлж байгаа нь бидний хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан буруу шийдвэр болсон.
10. Тариалангийн зориулалттай газарт хуулийн хүрээнд ямар хяналт тавьж байнгын арчлалт хамгаалалт, үржил шимийг нь хадгалах нь хариуцагчийн хувьд хуулиар хүлээсэн маш тодорхой үүрэг юм.
11. Иймд, дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
13. Нэхэмжлэгч “МА” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тус сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
14. Нэхэмжлэгч нь Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 36 дугаар захирамжаар Агьтын хөндийд үр тариа тарих зориулалтаар нийт 1254 га газар эзэмших эрхтэй болж, мөн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/085 дугаар захирамжаар түүний эзэмшлийн талбайн 143/423 хэсгийн “441 га” гэснийг “291 га” болгон багасгаснаар дээрх 2007 оны 36 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрын хэмжээнд өөрчлөлт орж, шинээр нийт 1026 га газрыг эзэмшүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 жилээр байгуулсан үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаангүй болно.
15. Харин нэхэмжлэгч нь “...гэрээний хугацаа дуусаагүй байхад талбайгаа ашиглаагүй гэж үзэх нь хууль бус...” гэж, хариуцагч нь “...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан нь газрын хэмжээнд өөрчлөлт орсныг баталгаажуулж байгаа болохоос бус шинээр газар олгож байгаа биш...” гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”...2 дараалан ашиглаагүй...” гэх хугацааг тооцох асуудлаар тус тус маргасан байна.
16. Шүүхүүд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг үндэслэн хугацааг гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцох талаар зөв дүгнэжээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан, захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эзэмших газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан шийдвэр болох 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/085 дугаар захирамжийг үндэслэн шинэчилэн байгуулсан мөн өдрийн гэрээний дагуу талуудын эрх, үүрэг тодорхойлогдох учиртай.
17. Иймээс дээрх гэрээний хугацаа болоогүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч нь газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хууль зөрчсөн байх тул түүний “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх гомдол үндэслэлг
18. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 123/ШШ2017/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0116 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ