Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00859

 

“Кредит Монгол” ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1006 дугаар магадлалтай,

“Кредит Монгол” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

А.Уянгад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.274.837.615 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаагаар хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

зээлийн гэрээний 1.2-т “...зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 6.0%...” гэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн, хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг зөрчсөн болохыг тогтоолгох, ...6% гэснийг 4 хувь болгон багасгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд Б.Алтангэрэлийн “...хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийг хүчингүйд тооцуулах” тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга, Б.Баднайсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Уянга нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн 1000/13/08/185 дугаартай гэрээ байгуулан 511.000.00 ам долларыг сарын 6,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Мөн зээлийн барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 53 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 2048 м.кв талбайтай, Ү-22040477209 тоот улсын бүртгэлийн дугаартай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, 136004/0020 тоот дугаартай 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан. Зээлдэгчээс зээлийн хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд А.Уянгаас зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.052.101.478,95 төгрөг, авлага 39.600 төгрөг, нийт 2.053.141.078.95 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 53 тоотод байрлах Үйлчилгээний зориулалттай 2048 м.кв талбайтай, Ү-22040477209 тоот улсын бүртгэлийн дугаартай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 136004/0020 тоот дугаартай 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхийн үнээс хангуулах шийдвэр гаргаж өгнө үү.

“Кредит Монгол” ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 12-нд нэхэмжлэл гаргасан, мөн өдрөөс шүүх хуралдаан зарласан 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх зээлийн үндсэн хүү 99.134.00 америк доллар, нэмэгдүүлсэн хүү 19.826.80 америк доллар, нийт 118.960.80 америк доллар буюу 221.696.536.49 төгрөгөөр анх гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч А.Уянга, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Иргэний харилцааны чөлөөт байдал болон талуудын хүсэл зоригийн агуулгыг зөрчсөн тухайд:

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан заалтад нийцээгүй Зээлийн гэрээ гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т, 41.1-т “...Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна..." гэж заажээ. Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолд “...Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан “хүсэл зоригийн агуулга” гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн мөн чанар, харин мөн зүйлийн 41.2.-т заасан “хүсэл зоригийн илэрхийллийн утга” гэдгийг энэхүү гадаад илрэлийн гол санаа гэж тус тус ойлгоно. Хүсэл зоригийн агуулгыг тодорхойлоход үгийн шууд утгыг, хүсэл зоригийн илэрхийллийн утгыг тодорхойлоход учир санааг гол төлөв анхаарна..." гэж тайлбарлан хэрэглэдэг. Иргэний эрх зүйн маргааны хэрэгт цугларсан, авагдсан баримт болох “Мэргэн Девелопмент" ХХК нь Кредит Монгол ББСБайгууллага зээл авах тухай хүсэлтийг хүргүүлж байсан ба Баянзүрх дүүргийн 14-р хороо, Нарантуул захын баруун талд 10 давхар бүхий худалдаа, үйлчилгээний барилгын карказын санхүүжилтэнд 800.000.000 төгрөгийг анх хүсэж байсан болох нь ийнхүү нотлогдоно.

Гэтэл Кредит Монгол ББСБ нь уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд хуулийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Уянга нь санхүүжилт зайлшгүй шаардлагатай байсныг онцгой анхаарч иргэнээр хандсанд зээл олгох эсэх судалгаа хийж эхэлсэн болох нь ил байна. Энэ нь нэхэмжлэгч тал А.Уянгад гарцаагүй санхүүжилт хэрэгтэй байдлыг ашиглаж, мөн барилгын сезон нь дуусаж байсныг далимдуулан хариуцагчид өөрийн давуу байдлаа ашиглан 800 000 000 төгрөг бус харин түүнтэй тэнцэхүйц 511 000 ам.долларын зээлийг олгосон хувийн хэрэг болон “Мэргэн Девелопмент” ХХК-ийн 2013 оны 08-р сарын 08-ны өдрийн 23/019 дугаар бүхий компанийн удирдлагын хурлын тэмдэглэлээр бүрэн тогтоогдож байна. Монголбанкны 2013 оны 08-р сарын 08-ны өдрийн албан ёсны төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.570,32 төгрөг байсан ба хэрэв энгийн арифметик үйлдлээр бодвол 800.000.000 төгрөг нь 509.450 ам.доллартай тэнцэж байгааг анхаарч үзэх хэрэгтэй.

2. “Кредит Монгол ББСБ” ХХК болон иргэн А.Уянга, Б.Ууганбаяр, Б.Алтангэрэл болон “Мэргэн Девелопмент” ХХК-ийн байгуулсан 1000/13/08/185 дугаар зээлийн гэрээ нь хууль болон журамд нийцэж байгаа эсэх тухайд:

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т дэх заалтыг Кредит Монгол иргэн А.Уянгад зээл олгосон гэсэн харилцаанд баримтлаагүй байна.

2.1 Хуулийн “...тодорхой зориулалт...” гэсэн шаардлагын тухайд:

Талуудын байгуулсан 1000/13/08/185 дугаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т үндсэн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон байна. Зээлдүүлэгч Кредит Монгол нь 2012 оноос эхлэн байнгын ажиллагаатай байгаа цахим хуудсанд 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар шүүхийн зүгээс үзлэг хийснээр бүтээгдэхүүн гэсэн цэсэнд хэрэглээний, барьцаат, KIVA, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар зээл олгохоор заасан байх ба үндсэн хөрөнгийн зориулалттай зээлийн зориулалт гэсэн зүйл огт байхгүй болно. Шүүхийн журмаар нэхэмжлэгчээс гаргуулан авсан Зээлдэгч Кредит Монгол нь хууль болон өөрийн мөрддөг зээлийн үйл ажиллагааны журмуудыг зөрчиж зээл олгосон болох нь тодорхой байна. Кредит Монгол өөрийн давуу байдлыг ашиглан их хэмжээний ам.долларыг, зөвхөн өөрт ашигтай нийтэд мэдээлээгүй өндөр 6 хувийн хүүтэй олгох боломж гарч ирсэн ба үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бүрдсэн. Дээрх зүйлээс үндэслэн зориулалтын дагуу зээл олгох хуулийн шаардлагыг зөрчсөн болох нь илт байна.

2.2 Хуулийн “...хүүтэй...” гэсэн шаардлагын тухайд:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хуулийн этгээдүүд нь энэ хуулийн дээрх заалтыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо үүнд хяналт тавин ажилладаг юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, мөн хуулийн 38.6-д заасныг баримтлан шүүхийн зүгээс “Кредит Монгол” ББСБ ХХК-ийн цахим хуудас, мөн Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд гэрч оролцуулан үзлэг хийсэн. Нийтэд мэдээлсэн 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар орон сууцны барьцаат ам.долларын зээлийн хүүний дээд хэмжээ 4 хувь байна. Гэтэл Кредит Монгол нь иргэн А.Уянгад орон сууцны барьцаат зээл олгохдоо нийтэд мэдээлсэн хүүнээс 2 хувийг үндэслэлгүйгээр нэмж 6 хувийн хүүтэйгээр гэрээлсэн болох нь ийнхүү зах зээлийн шударга байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талд ашигтай, өөртөө илт давуу байдал бий болгож, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон нь ийнхүү нотлогдоно. Дээрх зүйлээс үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зохицуулсныг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн болохыг энд тодруулж байна.

2.3 Хуулийн “...эргэж төлөгдөх барьцаатай...” байх шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан шүүхийн журмаар нэхэмжлэгчээс гаргуулсан Гүйцэтгэх захирлын 2010 оны 06/11 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан үндэслэлүүдийг шүүх анхааран үзэх хэрэгтэй.

Дээрх зүйлээс үндэслэн ОСБЗээлийн барьцаа хөрөнгө нь орон сууц байхаар журамласан байна. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т "...орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг.." ойлгоно гэж хуульчилсан. Гэтэл Талуудын байгуулсан гэх 2013 оны Зээлийн барьцааны БГ 1000/13/08/185 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн 2894 м.кв талбайтай газар эзэмших эрх гэжээ. Хэрэгт хүргүүлсэн байгаа Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000238642 дугаар бүхий гэрчилгээнд үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга гэснээр орон сууц биш болох нь давхар нотлогдоно.

Улмаар “Мэргэн Девелопмент” ХХК-ийн зүгээс өөрийн өмчлөлийн барилгыг иргэн А.Уянгын зээлийн барьцаанд бариулах талаарх эрх бүхий хувьцаа эзэмшигч нарын албан ёсны зөвшөөрөл байхгүй болно. Харин дээр дурдсанаар “Мэргэн Девелопмент" ХХК нь ББСБайгууллагаас хүсэж байсан 800.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулах хүсэлтийг гаргаж байсан байдаг. Уг барьцааны гэрээнд “Мэргэн Девелопмент” ХХК нь зөвхөн харилцагчаар оролцсон байх бөгөөд барьцаалуулагчийн эрх үүрэг эдэлж оролцсон талаар гэрээнд нэг ч үг, үсэг байхгүй учир үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль ёсны гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл..." хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу ийнхүү талуудын байгуулсан гэх Зээлийн барьцааны БГ 1000/13/08/185 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь учир дутагдалтай болж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Манай хуулийн этгээд болох “Мэргэн Девелопмент” ХХК нь анх “Кредит Монгол” ББСБайгууллагад 2013 оны 07-р сард Баянзүрх дүүргийн 14-р хороо, Нарантуул захын баруун талд 10 давхар бүхий худалдаа, үйлчилгээний барилгын карказын санхүүжилтэнд 800.000.000 төгрөгийг анх хүсэж байсан. Гэтэл “Кредит Монгол” ББСБ ХХК нь зээлийн хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд санхүүгийн судалгаа хийхэд зээлийн эргэн төлөлт хийх хүндрэл үүсч байна...” гэсэн утга бүхий үндэслэлийг заасан юм. Харин дараа дахин “Кредит Монгол” ББСБ ХХК-тай уулзаж санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа тухай, мөн барилгын сезон дуусах гэж байгаа, карказын цутгалтыг яаралтай дуусгах шаардлагатай байгааг учирласан. Ингээд “Кредит Монгол” ББСБ ХХК-ийн зүгээс төгрөгөөр зээл олгохгүй харин түүнтэй тэнцэх ам.долларыг сарын 6 хувийн хүүтэй авах саналыг эргүүлэн надад тавьсан. Гэхдээ хувь хүн, иргэн А.Уянгаар ам.долларын зээлийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж эгөх боломжтой гэж надад тулгасан. Миний хувьд яалт ч үгүй барилга угсралтын ажил зогсох гээд байсан тул “Кредит Монгол” ББСБ ХХК-тай зээлийн харилцаанд орохоос өөр аргагүйд хүрсэн юм. “Кредит Монгол” ББСБ ХХК нь анхнаасаа надад өөрсдийн танилцуулгад байсан ОСБЗээлд л зориулан манайхаас зээл олгож байгаа гэж тайлбарлан, ойлгуулсан юм. Миний зүгээс орон сууц худалдан авах шаардлагагүй харин манай хуулийн этгээдэд барилгын угсралтын ажлыг цаг агаар хүйтрэхээс өмнө дуусгахад шаардлагатай санхүүжилт хэрэгтэй байгаа гэдгийг удаа дараа хэлсэн боловч ийнхүү Зээлийн гэрээнд үндсэн хөрөнгийн зориулалт гэсэн атлаа ОСБЗээлийн нөхцөлөөр зээл олгох шийдвэр гаргасан юм. Зээлийн гэрээг байгуулах үед “Кредит Монгол” ББСБ ХХК-ийн салбарын захирал болон эдийн засагч нар нь таны гэр бүлийн хүн заавал гэрээнд гарын үсэг зурах ёстой журамд нь тэгж заасан гэж ойлгуулан, миний нөхөр Б.Алтангэрэлийг дуудаж ирүүлэн гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан. ББСБ нь гэрээний дагуу 511.000 ам.доллар зээлийн дансанд орсон гэсэн ба миний бие уг зээлийн дүнг “Мэргэн Девелопмент” ХХК-ийн дансанд шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Гэтэл 505.890 ам.доллар шилжиж орж ирсэн байсан. Ингээд яагаад 511.000 ам доллар гэсэн атал ийнхүү багасав гэж асуусанд 1 хувийн шимтгэл авсан гэж надад тайлбарласан юм. Миний гэх зээлийн төлбөрт “Мэргэн Девелопмент” ХХК-иас мөнгө авч нийт 208.045 ам.долларыг төлсөн байдаг юм. Ингээд эдийн засаг хямарч ноён ам.долларын ханш огцом өсч, барилгын ажил удааширсан давагдашгүй хүчин зүйл бий болсон. Зээлийг төлөхөд хүнд байсан учир хүсэлт гаргасан боловч “Кредит Монгол” ББСБ ХХК нь бидний асуудлыг огт харгалзан үзээгүй юм. “Кредит Монгол ББСБ” ХХК болон иргэн А.Уянга, Б.Ууганбаяр, Б.Алтангэрэл болон “Мэргэн Девелопмент” ХХК-ийн байгуулсан ЗГ1000/13/08/185 дугаар зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “...Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү: 30 хоногт 6,0 хувь...” гэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг зөрчсөн болохыг тогтоолгох,  6 хувийн хүүг 4 хувь болгон багасгахыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Бид даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Алтангэрэл: “Кредит Монгол” ББСБ ХХК нь иргэн А.Уянга болох миний эхнэртэй 2013 оны 08 сарын 08-ны өдөр 1000/13/08/183 дугаар Зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээнд “...Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 13-15 тоот хаягт орших Алтансүхийн Уянга /РД.ЧС8210016С. /цаашид “Зээлдэгч” болон зээлдэгчийн хамтран үүргийг гүйцэтгэгч Баттулгын Ууганбаяр /РД:Ч085032515/ нар /хамтад нь “Талууд” гэнэ/...” гэж зээлдэгч болон хамтран зээлдэгчийг тов тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл миний бие уг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх этгээд огт биш бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заагдсан байна. Гэтэл уг гэрээнд ямар нэгэн оролцоогүй иргэн намайг “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд дуудаж 1000/13/08/183 дугаар Зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж шаардан зуруулсан юм. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “...Зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан бөгөөд миний дансанд “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн мөнгө хөрөнгө шилжүүлээгүй, мөн тухайн байгууллагад миний нэр дээр ямар нэгэн зээлийн данс нээсэн түүнээс мөнгө зарцуулсан үйлдэл миний хувьд байхгүй юм.

Иймд “Кредит Монгол ББСБ” ХХК нь иргэн А.Уянга болон Б.Ууганбаяр нартай 2013 оны 08-р сарын 08-ны өдөр байгуулсан 1000/13/08/183 дугаартай Зээлийн гэрээнд иргэн Б.Алтангэрэл нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй болохыг тогтоолгох, 2013 оны 08-р сарын 08-ны өдөр байгуулсан 1000/13/08/183 дугаар Зээлийн гэрээнд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцох шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-д заасныг баримтлан хариуцагч А.Уянгаас 2.274.798.015,44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгож, бие даасан гуравдагч этгээд Б.Алтангэрэлээс гаргасан хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй болохыг тогтоож, зээлийн гэрээнд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцуулах шаардлагыг, хариуцагчийн сөрөг шаардлагыг бүхэлд нь, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 39.600 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйл, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Намъяанжугийн гудамж, 53 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204047209 дугаартай 2048 м.кв 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болон Баянзүрх дүүргийн 14-р хороо, 136004/0020 нэгж талбарын дугаар бүхий, №0378903 дугаартай 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.684.890,07 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 140.400, гуравдагч этгээдээс төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн 152.752 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хангагдсан шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 11.531.940,08 төгрөгийг хариуцагч А.Уянгаас гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Б.Алтангэрэлд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1006 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Уянгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.414.652 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Давж заалдах шатны шүүхийн магадлалын нэгдүгээр үндэслэлийн талаар 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1006 дугаар магадлалд “...Шүүх иргэн Б Ууганбаяр, “Мэргэн Девелопмент” ХХК-ийг тэдний хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан”...зээлдэгчийн үүргийг хамтран гүйцэтгэгч болох гуравдагч этгээд Б.Ууганбаярыг хариуцагчаар татаж өгнө үү” гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус заасны дагуу шүүх зээлийн болон барьцааны гэрээгээр үүргийг хамтран гүйцэтгэгч болсон Б.Ууганбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах талаар нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ...” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохироогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай дараах байдлаар зөрчилдөж байгаа бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

-“Кредит Монгол ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдын өөрийгөө төлөөлүүлэх эрхийг С.Чинзоригт анх олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл олгосон он, сар, өдөргүй байсан учир шүүх уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байна гэж үзээд итгэмжлэлээ дахин хийлгэх шаардлага тавьсан байсан. С.Чинзориг нь дээр дурьдсан хүчин төгөлдөр бус итгэмжлэлдээ хавсаргаж Б.Ууганбаярыг хамтран хариуцагчаар татуулах гэсэн он сар өдөргүй, албан бичгийн шаардлага хангаагүй хүсэлт гаргасан байсныг Анхан шатны шүүх мөн дахин хийж ирүүлэхийг шаардсан байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй С.Чинзориг нь Б.Ууганбаярыг хамтран хариуцагчаар татуулах тухай зохих шаардлага хангаагүй хүсэлт гаргасан болж байгаа буюу С.Чинзоригт ингэх эрх хэмжээ тухайн үед үүсээгүй гэсэн үг юм.

-Нэхэмжлэгч нь шүүхээс шаардсаны дагуу итгэмжлэлээ зөвтгөн шинээр гаргаж өгсөн. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг нь Б.Ууганбаярыг хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлт шинээр гаргаж өгөөгүй учраас Анхан шатны шүүх энэ талаар хүсэлт гаргаагүй гэж үзсэн болно.

-Хамтран хариуцагчаар Б.Ууганбаярыг татаагүй нь ‘Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчлөө” гэж бид үзээгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн гомдол санал огт гаргаагүй болно. Харин хариуцагч А.Уянга нь авсан зээл зээлийн хүүгээ хугацаанд нь төлдөггүй, шүүх хуралдааныг хийлгэдэггүй, удаа дараа хүсэлт гомдол гаргаж хойшлуулдаг зэрэг ажиллагаа нь үнэхээр нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Давж заалдах шатны шүүхийн хоёрдугаар үндэслэлийн талаар Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Мөн шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ууганбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мэргэн Девелопмент” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил нарт хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан хэргийн оролцогч нарт “...шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцээгүй бөгөөд дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

-Гуравдагч этгээд Б.Ууганбаяр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мэргэн Девелопмент” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил нарт нэхэмжлэл гардуулсан тухай болон эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэ баримтуудаар тэд эрх үүргээ мэдэж авсан болох нь нотлогдсон байгаа төдийгүй ИХШХШ тухай хуульд заасан бүхий л боломжийг ашиглаж анхан шатны шүүхийн хуралдааныг хийлгэхгүй байхаар улайран тэмцэлдэж байгаа билээ.

-Анхан шатны шүүх хуралдаан 10 гаруй удаа хойшилход энэ хүмүүс бүгд шүүх хуралдаанд оролцож эрх, үүрэг тайлбарлаж өгөхөд ойлгосноо мэдэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр мөн нотлогдож байна.

-Анхан шатны шүүхээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.Ууганбаяр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, гуравдагч этгээд Б.Алтангэрэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил нар хуралдаанд оролцсон шүүх хурал даргалагчаас хэргийн оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан өгөхөд ойлгосон болохоо илэрхийлсэн нь тус шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа болно. Ийм учраас хэргийн оролцогчид нь эрх үүргээ эдэлсэн эдлээгүй, мэдсэн мэдээгүй талаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байна.

Гэтэл Давж заалдах шатны шүүх хэргийн материалд авагдчихсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн буюу эрх үүрэг нь үүсээгүй байхад түүнийг нь эдлүүлэх гэсэн утга санаа бүхий дээрхи 2 үндэслэлийг дурьдаж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа асуудлыг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэн гомдол гаргаж байна. А.Уянга нар нь бусдаас онц их хэмжээний мөнгө зээлж авснаа буцааж төлөх нь хууль ёс, шударга ёсонд нийцэх бөгөөд хэрвээ зээлж авсан мөнгөө төлөхгүй гэж байгаа бол хариуцлага хүлээлгэдэг журам бас байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...Б.Ууганбаярыг хариуцагчаар татан оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй /хх-178/, ...гуравдагч этгээд Б.Ууганбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, “Мэргэн девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил нарт хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй...” гэсэн үндэслэлийг магадлалд заажээ.

“Кредит монгол” ББСБ-ын гүйцэтгэх захирал У.Барсболд тусгай активын ажилтан С.Чинзоригт хариуцагч А.Уянгад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон ба С.Чинзориг нь Б.Ууганбаярыг хариуцагчаар татах хүсэлт гаргажээ /хавтаст хэргийн 177-178 дугаар тал/.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүхэд гаргасан тайлбартаа “...итгэмжлэлд он, сар, өдрийг заагаагүй, ...хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус” тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэжээ /хавтаст хэргийн 204 дүгээр тал/.

Үүний дараа “Кредит монгол” ББСБ-ын гүйцэтгэх захирал У.Барсболд С.Чинзоригт өмнө олгосон итгэмжлэлээс татгалзаж, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Баднайсүрэн, С.Чинзориг нарт хуульд нийцүүлж дахин шинээр итгэмжлэл олгосон байна /хавтаст хэргийн 240-241 дүгээр тал/.

С.Чинзориг хэргийн оролцогч болсноос хойш өмнө гаргасан хүсэлтийг дахин гаргаагүй тул хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхгүй.

Б.Ууганбаяр болон “Мэргэн девелопмент” ХХК-ийн “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах”-ыг хүссэн хүсэлтийг шүүх 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26149, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 32213, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03622 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хангасан, Б.Ууганбаяр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Амартүвшинд итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай 3 удаа танилцаж, 6 удаагийн шүүх хуралдаанд оролцсон, “Мэргэн девелопмент” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ц.Оргилд итгэмжлэл олгосон, тэрээр хэргийн материалтай танилцсан байх ба өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байжээ /хэргийн 1 дүгээр хавтас 179, 183, 78, 2 дугаар хавтас 5, 15, 46, 65-66, 78 дугаар тал/.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх үүргийг танилцуулсан тухай баримт үйлдээгүй нь буруу боловч тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үеэс хойш болсон шүүх хуралдаанд /1-7 удаа/ эрх үүргийг тайлбарлан өгсөн, тэдний хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байжээ. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эрх, үүрэг танилцуулаагүй талаар гомдол гаргаж байгаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлтгүй болохыг шүүхэд мэдэгдэж байсан тул зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгч “Кредит монгол” ББСБ нь хариуцагч А.Уянгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.274.837.615 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан ба “...гэрээний 1.2 заалт хууль зөрчсөн болохыг тогтоолгох, 6 хувийн хүүг 4 хувь болгон багасгах” сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Б.Алтангэрэл “...зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй болохыг тогтоолгох, гэрээнд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 1000/13/08/185 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч А.Уянга нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 53 тоотод байрлах, 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалан, 511.000 ам долларыг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлэхээр тохирсны дагуу нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь тогтоогджээ /хэргийн 6-19 дүгээр тал/.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т заасан шаардлагад нийцжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог учир хариуцагчийн “...505.890 ам доллар бэлэн бусаар шилжүүлсэн, энэ хэмжээгээр зээл, хүү тооцогдоно” гэх тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн байна.  

Нэхэмжлэгч зээлийн хүүг гэрээнд заасан 6 хувиар тооцсоныг хариуцагч эс зөвшөөрч, 4 хувиар тооцох ёстой гэж маргажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 2 шаардлага гаргасан нь зээлийн хүүг 4 хувь болгон багасгах  агуулгатай байна.    

Нийт банк бус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн дундаж хүү 3.13 хувь, “Кредит монгол” ББСБ-ын зээлийн хүү 4 хувь байгаа талаарх баримт хэргийн 188-204 дүгээр талд авагджээ.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч гэрээгээр тохиролцсон 6 хувийн хүү зах зээлийн дунджаас өндөр байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг  нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, энэ байдлыг харгалзан сөрөг нэхэмжлэлийг хангаж зээлийн хүүг сарын 4 хувиар тооцох нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-г зөрчихгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч А.Уянга нь зээл 511.000 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 25 сарын хүү /1 сарын хүү 20.440 ам доллар/ 511.000 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 102.200 ам доллар нийт 1.124.200 ам.доллар төлөхөөс төлсөн 208.045 ам долларыг хасч үлдэх 916.155 ам доллар /1 ам доллар 1863 төгрөг/ буюу 1.706.796.765 төгрөгийг төлөх үүрэгтэй. 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Уянгаас 1.706.796.765 /нэг тэрбум долоон зуун зургаан сая долоон зуун ерэн зургаан мянга долоон зуун жаран таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Алтангэрэл зээлийн гэрээнд  хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй болохыг тогтоож, нэхэмжлэлээс 568.040.850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “11.531.940” гэснийг 8.691.934” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 11.533.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ