Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 137

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорж, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1569 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, Э.А-д холбогдох 201625010328 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ш овогт Э-ийн А нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-ыг бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.А-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.А-ын урьд нь цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.А-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ын урьд цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалд “Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тохирсон байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасанчлан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан нөхцөл байдлууд тогтоогдвол ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоор заасан, мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэсэн бол шүүгдэгч Э.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “...гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хорих ял оногдуулж, ялыг тэнсэх” нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна”, 6.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.А-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзахаар тогтоож энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь 2 жил 06 сарын хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан байдаг. Хохирол төлөхөд Э.А-ын оролцоо байхгүй. Тэнсэх хуулийн заалтыг заавал хэрэглэхээр хуульд тусгаагүй. Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн эсэх зэрэг олон зүйлийг харгалзан шүүх шийдэх асуудал юм. Давж заалдах шатны шүүх Э.А-д тэнсэх заалтыг заавал хэрэглэх шаардлагатай биш байна гэсэн дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн гаргасан гомдлыг үндэслэн Э.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.А нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ эйшиан цемент” ХХК-ийн агуулахад нэвтэрч Н.Ц-ийн эзэмшлийн автомашины гоёлын никель обудтай 4 ширхэг зуны дугуйг хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан” гэмт хэргээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог бөгөөд шүүхээс Э.А-д холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан хууль буцаан хэрэглэхтэй холбогдох зохицуулалтыг журамласан нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог ба ийм зүйл, хэсгүүдийн нэг бол 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551, 61 дүгээр зүйлүүд бөгөөд уг зүйлийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүхээс Э.А-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний удаа дараагийн гэмт зан үйл, хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1569 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр магадлалын тогтоох хэсгээс “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдийг журамласан” хэсгүүдийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН