Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 146

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Г.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: М.Т

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тхолбогдох 1728000000031 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

М.Т нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг *******ы 7-12 тоот хашаанд Г.Т бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Тнь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг *******ы 7-12 тоот хашаанд байх өөрийн гэртээ хохирогч  Г.Т “ хүүхэд зарлаа” гэдгээр шалтаглан бие эрх чөлөөнд нь халдан зодож түүний биед дух ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины доргилт, зүүн 6,7 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээжний өмнөд хэсэг, зүүн далны доод хэсэг, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, бүсэлхий хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд... “...гэрийн үүдэнд очиход гэрийн хаалганаас зүүн урагш 70 сантиметрт цус мэт зүйл байх ба гэрийн хаалгаар орж цагийн зүүний дагуу үзлэгийг хийв. ...гэрийн хойморт дэвссэн шаргал өнгийн хивсний  зүүн талын хэсгийг цус мэт зүйлэр бохирдуулж усаар угаасан байдалтай байх ба гэрийн зүүн хаалганы баруун буланд байх шар тортой хаягдлыг задалж үзэхэд 0.75 граммын Ерөөл архины шил мөн 1.25 граммын коко кола ундааны сав байв” гэх тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

            Хохирогч Г.Т... “Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг болох *******ы 6-9 тоотод байдаг гэрээсээ ганцаараа гараад дэлгүүрээс тамхи, сүү авах гээд явж байтал *******тай гудамжинд таарсан. ******* нэг танихгүй эрэгтэй, бас нэг эмэгтэй хүнтэй гурвуулаа явж байсан. Тэгээд ******* нэг шил 0.75 граммын Ерөөл архийг гаргаж ирээд надад задлаад өгөхөд би тэр архинаас нь нэг удаа балгачихаад байж байтал ******* хэдүүлээ *******ийнд ороод энэ архийг хамтдаа ууцгаая гэж хэлэхээр би хамт яваад *******ы 7-12 тоот хашааны хаалган дээр очиход ******* ах согтуу хаалганы үүдэн дээр нь хэвтэж байхаар би ******* ахыг тэвэрч аваад *******ийн хашаанд оруулаад байшингийн довжоон дээр тавьчихаад *******ийн гэрт орхисон. Араас ******* тэр гурав *******ын гэрт орцгоосон. Тэгээд *******ын авчирсан 0.75 грамм архийг *******, ******* бид тавуул архийг тойруулаад ууж байтал гаднаас ******* ах орж бид нартай хамт тэр архийг хувааж ууцгаасан. Тэгээд бид нарын ууж байсан архи дууссан чинь ******* тэр танихгүй залуутай хамт гэрээс гараад нэг шил 0.75 граммын Ерөөл архи авчраад задлаад уусан. Тэгээд тэр архинаас 2-3 удаа татчихаад ******* ах *******, *******тай хамт явсан хүүхэн тэр хэд гэрт унтсан. Тэгээд ******* бид хоёр гэрийн хойд талд зэрэгцэж суучихаад хоорондоо юм яриад архиа тойруулаад сууж байгаад би *******аас танайд ус байгаа юу гэхэд ******* байхгүй гэхээр би энэ хойд айлд чинь ус байхгүй юм уу гэхэд би *******ын том хүү \5-6 насны орчим хүү\-г ахын дүү хойд айлаас ус аваад ир гэхэд ******* гэнэт пизда минь чи яахаараа хүүхэд зардаг юм гэж хэлсэн. Би *******ийг сүртэй муу банди вэ гэж хэлчихээд өөрөө явж ус авъя гэж бодоод бостол ******* босч ирээд миний толгойны зүүн, баруун тал руу ээлжлээд 2-3 удаа цохиод авахаар нь би *******ийг цааш нь гараараа түлхтэл цаашаа явж байгаад хоёр багананы голд байсан тогоо тавьдаг төмөр аваад над руу шидсэн. Тэгэхэд тэр төмөр миний баруун зузаан гуяыг шүргэсэн. ******* над руу хүрч ирээд миний зүүн гуя руу нэг удаа өшиглөөд цээж рүү нэг удаа цохиж авахаар би манараад доошоо сөхөрөөд хивсэн дээр хажуу талаар унасан. Тэгэхэд миний араас хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл миний хамарнаас цус гарахаар цусаа тогтоох гэж гараараа хаасан чинь гарын салаагаар цус гараад хивсэн дээр дуссан. ******* гэрт цус гоожууллаа гээд намайг гэрээс чирээд гэрийн үүдээр гаргах гэхэд би өөдөөс хэрэлдсэн. ******* над руу хүрч ирэхээр би хаалганы хатавчин дээр хаалгыг алдаж зогсож байснаа цаашаа явах гэтэл гэрийн хаалганы урд талд байсан усны тэргэн дээр таварцаглаад унасан. Би тэгээд босчихоод байж байтал ******* араас хүрч ирээд миний нүүр ам, цээж хавь руу цохиод байсан. Тэгтэл нэг залуу орж ирээд бид хоёрыг салгатал ******* намайг наад гар нүүрээ угаа гэж хэлээд өөрөө ус авчирахаар нь би гар нүүрээ угаачихаад би гэрлүүгээ харьсан. Тэгэхэд миний цээж рүү хатгаж өвдөөд амьсгаа авч болохгүй байсан. Тэгтэл гаднаас аав орж ирээд түргэн дуудсан. Би архи уусан байсан гэхдээ болсон зүйлийг санаж байна. ******* архи уусан согтуу байсан гэхдээ гайгүй байх шиг байсан. Би том хүүг нь байшингаас ус аваад ир гэж гуйсан байсан үүнээс болж ******* хүүгээ өмөөрөөд тэгээд бид хоёр маргалдаж ******* намайг цохиж зодсон. Тэгээд бид хоёрыг хэрэлдэж маргалдаад намайг зодож байхад нь тэр *******тай хамт явсан хүүхэн сэрээд босчихсон *******т болиочээ чи наад хүнээ аллаа шүү дээ гэж хэлж байсан. Миний нүүр ам, нүдний зүүн талын хөмсөг язарсан, хүзүү хөхөрсөн, цээжний хэсэгт хөхөрсөн, мөн зүүн талын хавирга хугарсан гэмтэл учирсан. ******* эхлээд миний толгой, зүүн талын эрүү, баруун талын хөмсөг, дух руу зөндөөн олон удаа хурдтай цохиод байсан яг хэдэн удаа цохиж байгааг нь анзаараагүй. *******тай маргалдахаас өмнө нь миний бие эв эрүүл байсан. Би усны тэргэн дээр урд талаараа тээглээд газар дээр зөөлхөн унасан. Гэрийн хаалганы урд талд тавиатай байсан. Тэргэнд таварцаглаад унасан дараа ******* хүрч ирээд намайг дахиад зодсон. Миний хамар л жаахан халцарсан байсан өөр гэмтэл аваагүй. Би *******т зодуулснаас болоод шоконд ороод зарим үйлдлийг мартаж санаад байгаа юм. Мэдүүлгийг буруу хэлсэн байна. Хүн орж ирээд салгаагүй дараа нь Батсүх орж ирсэн. Миний баруун гуяны хэсэгт оносон. Миний бие тухайн төмөр ирж оносноос болж гэмтэл учраагүй. 2009 онд Даланзадгад сумын *******ы 2 дугаар гудамжинд байдаг байсан шонгийн модны бетонон хөлийг мотоцикль жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн ослоос болж миний гавлын яс бяцарч гэмтсэн. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. ******* надад эмчилгээний зардал 750000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 55 дугаар хуудас/,

             Хохирогч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” Миний бие 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед дэлгүүр лүү явж сүү, шараа тайлах юм авах гээд хашааны өнцөг дээр зогсож байтал манай дүү ******* найзтайгаа ирсэн. Тэгээд бид нар шөнөжингөө уугаад явж байна. Одоо ч гэсэн уугаад явж байна гэсэн. Таны дотор ямар байна гэсэн. Муухан байна гэсэн чинь 100 татах юмуу гэхээр нь тэгье гээд амаар нь нэг балгаад гудамжинд муухай юмаа гэхэд тэгвэл ийшээ яваад *******ийнх руу очъё гэсэн. *******ийнх руу алхсан чинь үүдэнд нь хажуу хашааных нь ******* гээд залуу тасарчихсан таван хошуу болоод хэвтэж байсан. Ядаж хашаа руу нь оруулчихъя гээд байшингийнх нь үүдэнд аваачиж өгчихөөд *******ийнх руу орсон. Ороход ******* орондоо унтаж байсан. Тэгээд нэг шил архиа уугаад эхэлж байтал нөгөө тасарсан нөхөр босоод ирсэн. 0.75 грамм архиа уугаад дуусаж байтал Билгүүн, ******* хоёр дэлгүүр явсан. Дэлгүүрээс 0.5 грамм архи авч ирж уугаад эхэлж байгаад танайд ус байгаа юмуу гэсэн чинь байхгүй гэсэн. Хойд гэрт чинь ус байгаа юм уу гэсэн чинь байгаа гээд, би ус уух юмсан гэж хэлсэн. Тэгж байтал архи нэг тойроод над дээр ирсэн. Тэрийг нь уучихаад задрангуй ч гэж юу байхав хүмүүсийн шуугианаас давах гээд миний дүү ус аваад ир гээд хэлсэн чинь сонсоогүй. Тэгэхээр нь дахиад чангахан хэлсэн чинь бас сонсоогүй. Тэгсэн чинь ******* хажуунаас яагаад хүүхэд азаргалаад байгаа юм бэ? гэсэн. Би тэгэхээр нь яасан сүртэй юм пизда чинь гээд хэл амаар бие биенээ идэж эхэлсэн. Сүртэй юм би өөрөө явж авчрахаас гээд боссон чинь цохиод авсан. Энд, тэнд хэд цохьсон гэж хэлэх боломжгүй. Тухайн үед жаахан манарсан байсан. Гэхдээ биеэ хянах чадвартай байсан. Хэд цохьсныг багцаагаар л хэлж байгаа. Чирж байгааг бол санаж байгаа. Бос гэж хэлж байсан. Босох юм бол дахиад цохьчихно гээд нүүрээ хамгаалж байсан. Татаад босгосон. Хүүхдүүд нь айж уйлаад байсан учраас хүүхдүүдээсээ холдуулах гэсэн байлгүй. Хөмсөг хавьд цохиод цус гарсан. Хамраас цус гарсан. Нүд бүрэлзээд байсан. Цээж рүү, зузаан гуя руу цохьсон. Тогооны төмөр аваад шидсэн. Тэр нь шүргээд өнгөрсөн. Яг бүгдийг сайн санахгүй байгаа гэв.

Гэрч А.*******ын... “Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад найз охин *******гийн хамтаар Онги зочид буудлаас гараад Баялаг дэлгүүр орж 1 шил 0,75 грамын архи аваад баруун хашаанд байдаг Төмөрөөгийн гэрт орох гээд явж байхад манай аавын дүүгийн хүүхэд болох ахтай гудамжны үзүүрт таарсан. Тэгсэн ах шартаж үхлээ гэхээр нь би авч явсан 0,75 грамын Ерөөл архийг амсуулсан. Би тэр архиа бариад Төмөрөөгийн гэрт ороход ах дагаад орсон. Төмөрөөгийн гэрт ороход Төмөрөө 3-н жоохон хүүхдийн хамт байсан. Мөн хойд байшингийн эзэн болох ******* нэлээд согтуу байсан. Тэгээд би нөгөө архиа гаргаж задлаад , Төмөрөө, ******* бид 4 хувааж уусан. Хамт манай найз охин байсан. Тэгээд архиа ууж дуусаад би унтсан. Тэгээд орой манай ээж, том эгч нар сэрээсэн. Тэгэхэд би Төмөрөөгийн гэрийн орны хажууд унтаж байсан. Тэгээд гэртээ орсон ийм зүйл болсон. зүгээр байсан. Намайг унтсан дараа Төмөрөө ахыг зодсон гэж манай найз охин хэлсэн ямар шалтгаанаас болж зодолдсон талаар мэдээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Б.*******ын... “2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө *******ы гудамжаар архи уудаг Баттөр, Хуяг, Батхүү, Баатар нартай таараад архи уухуу гэхээр нь 2 шил 0,75 грамын ерөөл архи уугаад гэртээ ирээд байж байхад манай хашаанд байдаг *******ийн гэрт хажуу хашааны ******* найз охины хамтаар мөн урьд хашааны Тэгшээ нар 1 шил 0,75 грамын ерөөл архитай ирсэн. Тэгээд тэр архийг ууж байгаад тасраад унасан байсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн явъя гэсэн. Тэгээд Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд ирсэн юм. Маргалдсан асуудал гараагүй би тэр архинаас ууж байгаад тасарсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Э.*******гийн... “2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Онги зочид буудлаас найз залуу ******* болон түүний таньдаг дүү нэрийг нь мэдэхгүй бид 3 хамт гараад ******* руу явж байхдаа *******ы 7-р гудамжны эхэнд байх Баялаг нэртэй хүнсний дэлгүүрээс ******* 1 шил 0,75 грамын Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд дээшээ 7-р гудамжаар явж байхад нэг танихгүй хүн таарсан. ******* авч явсан архинаасаа нэг удаа хийж өгсөн. Тэр хүн угаасаа архи уучихсан явж байсан. Тэгээд *******ы 7-12 тоотод орсон. Тэгэхэд нөгөө гудамжинд таардаг хүн орж ирсэн. Гэрт орж ирэхэд Төмөрөө гэх залуу 3 хүүхдийн хамт байсан. Хойд байшингийн ******* гэх хүн орж ирсэн. Тэгээд нийлээд нөгөө архиа уусан. Хамт очсон *******ын дүү бол архи уухгүй байсан. Төмөрөө гэх залуу гараад 1 шил 0,75 грамын Ерөөл архи авч ирсэн. Түүнээс ******* нэг уугаад тэгээд унтаад өгсөн. Тэгж байхад хойд айлын ******* гэх хүн мөн унтаад өгсөн. *******ыг унтсан чинь дүү нь гэх залуу яваад өгсөн. Тэгээд би *******ыг сэрэхээр нь гаръя гэж бодоод хажуугаар нь хэвтэж байсан чинь унтсан байсан. Тэгж байхад миний гар луу хүчтэй цохихоор нь сэрэхэд тэр гудамжинд таардаг ахыг Төмөрөө гэх залуу зодож байсан. Тэгэхээр нь би босоод юу болоод байгаа юм бэ гээд асуусан. Төмөрөө энэ муу миний хүүхэд рүү хараад хутга аваад ир гэсэн тэгээд намайг өдөөд байхаар нь зодсон юм гэж хэлсэн. Тэгээд намайг харж байхад чи миний хүүхдээр хутга авч ирүүлж намайг алдаг хэн бэ гээд нүүр лүү нь гараараа цохиод байсан. Мөн тэр ахыг хэвтэж байхад нь хавирга, цээж рүү нь тохойлдоод байсан. Тэгэхээр нь би чи болиоч ээ наад хүнээ аллаа шдээ гэж хэлээд уйлсан. Тэгэхэд найз нь одоо тайвширлаа гээд түр больсон. Нөгөө зодуулдаг ахын хамраас нь цус гараад хивсэн дээр их гоожсон чинь чи муу хивч бузарлчихлаа гээд дахиад гэрт нь тогоо тавидаг төмөр аваад шидсэн. Төмөрөө нөгөө ахыг гэрээсээ чирээд гаргасан. Тэгээд би гэрлүүгээ явсан юм. Тэгээд гэртээ байж байхад ******* 17 цагийн үед залгаад гар утас аваад ир гэж хэлэхээр нь би аваад нөгөө Төмөрөөгийн гэрт очиход Төмөрөө гэрийн цусаа угаачихсан өөрөө унтаж байсан. Тэр зодуулдаг хүнийг ******* Тэгшээ ах гэж дуудаад байсан. Тэгшээ ах бол ямар ч эсэргүүцэл үзүүлэх өөрөө босох чадваргүй байсан. Төмөрөө бас согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Б.Батсүхийн... “2017 оны 08 дугаар сарын 22-ны үдээс өмнө одоо цагийг сайн санахгүй байна, би гэрээс хүүхдээ тэврээд дэлгүүрээс талх авахаар явж байтал *******ын хашаанд дотор манай урд талын хашааны нүүр ам нь цус болчихсон сууж байсан. *******ын хашаа намхан болохоор би дээгүүр нь харсан. Би хашаа руу нь яваад орсон чинь надтай нэг хүүхэн хашааны хаалган дээр зөрсөн. Тэгээд дээр явж очоод юу болсон яасан юм бэ гэхэд надад юу ч хэлээгүй нилээд согтуу байсан. Би Төмөрөө гэдэг залуугаас яагаад ийм болчихсон юм бэ гэж асуухад гэрээс гарахдаа үүдэнд бүдэрч унасан гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ бүдэрч унасан хүний нүүр ам ийм болдог юм уу гэж хэлсэн чинь өөдөөс юм хэлээгүй. Тэгээд би тэр гэрээс гарааа дэлгүүр лүү яваад талх, ундаа аваад гэрлүүгээ буцаад явж байхдаа дахиад тэр айлын хашаа руу яваад ороход хашаанд байхгүй байхаар нь Төмөрөөгөөс Тэгшээ хаана байгаа юм бэ гэж асуусан чинь хойд байшинд байгаа гэж хэлсэн. Тэгээд би байшинд яваад орсон чинь ын нүүр амны цус арилчихсан угаасан бололтой байж байсан. Би цагдаагийн газрын 102 дугаарын утас руу залгаж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

Шинжээч эмч Б.*******гийн... “Г.ын биед учирсан хүнд гэмтлүүд нь дух ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа нь хүнд гэмтэлд ордог харин зүүн 6, 7-р хавирга, баруун 8-р хавирганы хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарна, баруун, зүүн дээд, доод зовхинь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний язрал, цээжний өмнөд хэсэг, зүүн далны доод хэсэг, хүзүүний баруун хэсгийн зулгаралт , тархины доргилт бүхий гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ын дух ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл болон дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд бүгд шинээр үүссэн гэмтлүүд байгаа юм. Хуучин байсан тархины гэмтлийг тусгаагүй болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.******* шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... “Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн өглөө гэртээ 3 хүүхэдтэйгээ унтаж байсан. Манай баруун хашааны Баагий гээд залуу найз охинтойгоо *******, Билгүүн, *******, нар манай гэрт орж ирээд сууж байсан. Намайг дуудаж сэрээсэн. Босоод ирэхэд дээрээс  нь жаахан уусан 0.75 грамм архи гаргаж ирсэн. Тэгээд тэрнээс ууцгаасан. Уугаад дуусаж байтал Билгүүн  “би явлаа баруун дэлгүүрээс нэг шил архи аваад өгье. Чи хамт гараад аваад ороод ир” гэсэн. Билгүүн бид 2 хамт гараад баруун “Цогт хан” дэлгүүрээс нэг шил архи аваад орж ирсэн. Эргээд ороод ирэхэд ******* унтсан байсан. *******, ******* 2 сэрүүн сууж байсан. Манай хүүхдүүд орон дээр тоглож байсан. Тэгшээ, ******* бид 3 архиа ууж эхэлсэн. Уугаад талдаа орж байсан чинь ******* унтаад өгсөн. ******* бас хажуугаар нь хэвтээд унтаад өгсөн. Тэгшээ бид 2 юм яриад сууж байтал Тэгшээ манай том хүүг захирангуй маягаар зарсан. Тэгэхээр нь би битгий миний хүүг зараад бай гээд уурласан. Тэгээд бид 2 муудалцсан” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №405 дугаар дүгнэлт:

1. Г.Т биед дух ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины доргилт, зүүн 6,7 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээжний өмнөд хэсэг, зүүн далны доод хэсэг, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, бүсэлхий хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Т өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ... “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх зүйл ангийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүнд хохирол санаатай учруулсан гэдэгт гэм буруу байхгүй байна. Харин хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх эргэлзээ төрөхүйц нотлох байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүнд саналаа оруулмаар байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд мөрдөгч прокурорууд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн үндсэн заалтыг баримтлан өмгөөллөө явуулна. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдалд гэмт хэрэг гарсан байдал гэж байгаа.

Яллах дүгнэлтэнд гэм буруугийн байдлыг нотлох гээд байгаа гэрчийн мэдүүлэг байдаг. Тэр дундаа Э.*******гийн мэдүүлэг. Уг мэдүүлэг хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ хүн М.Т хохирогч Г.Т духны хэсэг рүү, духны зүүн талруу, эсвэл духны орой хэсэг рүү, духтай холбогдуулсан хэсэг рүү цохьсон гэдгийг нэг ч хэлдэггүй. Энэ хүний мэдүүлэг толгой руу нь л цохиод байсан гэдэг мэдүүлгийг л өгдөг болохоос нэг талдаа гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа. Тиймээс өнөөдөр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, гэрч Э.*******гийн мэдүүлгээр хүнд гэмтэл учруулжээ гэж үзэх хүнд гэмтэл тогтоогдохгүй байна. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжаа хэрхэн зааж хэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ хэргийн үнэн байдалд дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг оруулмаар байна.

Дараагийн дугаарт шинжээч эмчийн дүгнэлтийг хэрхэн яаж гаргасан гэдэг дээр тайлбар хэлье. Хавтаст хэрэгт шинжээч томилсон тогтоол байгаа. Уг тогтоолын 5 дахь заалтанд зөвхөн Г.ыг шинжээч эмчийн мэдэлд шилжүүлэв гэсэн байгаа. Гэтэл шинжээч эмч шилжүүлээгүй баримтын хүрээнд дүгнэлт гаргасан нь шинжээчийн дүгнэлт өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Ийм нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалт байгаа. 405 тоот шинжээчийн дүгнэлт байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтэнд өвчтөний түүх, тогтоолын хамт шинжээчийн мэдэлд ирсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт толгойн томографын зураг, цээжний томографын зургууд гээд илүү хэмжээнд гаргасан байгаа. Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд шинжээч эмч *******г байцаасан байцаалт байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч эмчийг байцаасан байцаалт байгаа. Тухайн үед мөрдөн байцаагчид энэ гэмтлүүд бүгд хүнд гэмтэл юм уу? Хүндэвтэр гэмтэл юмуу? Хөнгөн гэмтэл юм уу? гэдгийг ялгаж заавал гаргах ёстой гэж хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийг хангахаас татгалзсан. Шинжээч эмчийг байцааж байгаа учраас татгалзаж байна гэдэг хариу өгч байсан. 28 дугаар хуудсанд шинжээч эмчийг байцаасан байцаалт байгаа. Шинжээч эмчид тавьсан асуулт нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан дүгнэлттэй холбогдуулж асуусан байдаг. Энэ асуулт нь 405 дугаартай дүгнэлттэй холбогдуулж асуугаад байгаа юм болов уу гэж нэг талаар ойлгож байгаа. Он цаг хугацааны хувьд дахин залруулшгүй хэмжээнд шүүхийн шатанд ирсэн байгаа нь гэмтлүүдийг ялган заагласан гэдэг байдал энэ дүгнэлтээр нотлогдохгүй байна гэж хэлэх гээд байгаа. Хатуу мохоо зүйлд цохигдох үед олон тооны гэмтэл үүсэх боломжтой юу гэхэд боломжтой гэж хариулсан байдаг. Хатуу мохоо зүйлд цохигдох болон цохиулах үед гээд асуугаад байдаг. Шинжээч эмчийн байцаалт мэдүүлгээс харахад үүнийг хүчингүй болгосон зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл ******* эмчийн урьд өгсөн мэдүүлэг хүчингүй гэдэг байдлаар мэдүүлгийг няцаах нотлох баримтаар тооцохгүй байх хэмжээнд үнэлэгдэх асудал хэргийн хүрээнд байхгүй байгаа. Энэ мэдүүлгээс би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр цохиулах, цохигдох гэсэн 2 хүчний үйлчлэлийг тодорхой гаргаж ирсэн. Би түрүүнд хохирогчоос асуусан. Та тэр үед гэрээс гараад тэргэн дээр таварцаглаж ойчсон гэсэн. Нүүрээрээ газар ойчсон гэж байгаа бол хатуу зүйл дээр ойчиход 2 хатуу биет шүргэлцэж мөргөлцөж байгаа үед аль нэгэнд нь л гэмтэл учирдаг. Газарт гэмтэл учирна гэж юу байхав. Нүүрээрээ ойчсон гэдгээ тодорхой хэлээд байдаг. Нүүрээрээ ойчиж байна гэдгээс харахад хүний тэгш хэмийн байдлаас харахад бусад эд эрхтэнүүдээс хамар хамгийн өндөр байдаг. Хамгийн эхэлж газартай шүргэлцсэн байгаа. Хамар шүргэлцэж байна гэдэг бол тас хатуу эд бол биш. Мэдээж хамар хатуу мохоо зүйлд цаашаа нэдрэгдэж нүүрээрээ ойчиж байна гэдэг бол дух хэсэг ойчсон байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

 Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлуудыг хавтаст хэргийн хүрээнд тодорхой баримттай ярьлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсэн гэм буруугүй байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ төрж байгаа учраас миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна” гэснийг тус тус шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч М.Т гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Т эрүүл мэндэд дух ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины доргилт, зүүн 6,7 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээжний өмнөд хэсэг, зүүн далны доод хэсэг, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, бүсэлхий хэсгийн зулгаралт гэмтэл учирсныг Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 405 дугаар дүгнэлтээр тогтоосон байна.

Хохирогчийн биед учирсан дух ясны хугарал, хатуу хальсан бүрхүүл доорх цусан хураа нь хүнд гэмтэл буюу Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, зүүн 6, 7 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы хугарал нь хүндэвтэр гэмтэл, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  баруун зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний язрал, цээжний өмнөд хэсэг, зүүн далны доод хэсэг, хүзүүний баруун хэсгийн зулгаралт, тархины доргилт гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28 дугаар хуудас/, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой юм.  Шинжээчийн 405 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд бүгд шинэ гэмтэл байх ба хэрэг учралын үед үүсгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан шинжилгээ хийхэд баримтлах зарчмын 1.9.1-д шинжлүүлэгч өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухай үед авсан гэмтлийг тогтоох, 1.9.2-д шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж ...гэмтлийн зэргийг тогтоох гэсэн зарчимд үндэслэсэн байх тул хохирогч Г.ын 2007 онд авсан гэмтлийн үлдэц урхаг гэж үзэхгүй юм.

Шинжээч томилсон тогтоолд хохирогч Г.Т шилжүүлсэн байхад тогтоолд дурьдагдаагүй обьектоор дүгнэлт гаргасан гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Шинжээч дараах эрхийг эдэлнэ.  13.1.2. шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах эрхтэй байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.4-д шинжилгээний обьект гэж хүн болон хэргийн материал, эмнэлэгийн бичиг баримтыг нэрлэн заажээ. Мөн журмын 1.3-д эмнэлэгийн бичиг баримт /өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг/ эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байхаар тодорхойлсон байна. Хохирогч Г. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 30 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан байх ба эмчилгээний журмын дагуу тухайн өдөрт нь компьютер томографикийн шинжилгээгээр цээжний хөндийн шинжилгээ, гавал тархины шинжилгээ хийснийг шинжээч эмч хуулиар олгогдсон эрхийн дагуу танилцаж шинжээчийн дүгнэлтэд тусгасныг мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд заагдаагүй обьект гэж үзэх боломжгүй юм.

Хохирогч Г. гэрийн гадаа байсан усны тэргэнд тээглэж унасан гэж мэдүүлдэг ба тухай үед хамар халцарсан өөр гэмтэл аваагүй гэдэг ба шүүгдэгчийн өмгөөлөгч “хамар хатуу мохоо зүйлд цаашаа нэдрэгдэж нүүрээрээ ойчиж байна гэдэг бол дух хэсэг ойчсон байх боломжтой” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Г. усны тэргэнд бүдрэн унахад түүний дух, нүүр хэсэгт ямар нэгэн зулгаралт бүхий гэмтэл үүсээгүй байгаа нь хамар нэдрэгдэж духаараа газар цохьсон гэх шинжийг үгүйсгэж байна.  

Шинжээч эмч Б.*******г мөрдөн байцаалтын шатанд гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг тайлбар авсан байх ба мөрдөгч Ц.Мөнхдэлгэр шинжээчид тавьсан асуултдаа “та 2017 оны 06 сарын 16-ны өдөр гаргасан Галбадрах овогтой ын биед дух ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины доргилт, зүүн 6,7 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний ядрал, цээжний өмнөд хэсэг, зүүн далны доод хэсэг, хүзүүний баруун хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэсэн байна. Энэ дүгнэлтийн талаар тодорхой ярина уу” гэсэн байх ба шинжээчид тавигдсан асуултын агуулга нь хохирогч Г.ын биед учирсан гэмтлийг тогтоосон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаар Шинжээчийн дүгнэлттэй зөрүүгүй байна. Зөвхөн цаг хугацааг алдаатай бичигдсэн байдал нь техникийн шинжтэй алдаа буюу залруулж болох алдаа гэж үзлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дүгнэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалсан гэж шүүх дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч М.*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг *******ы 7-12 тоот хашаанд  өөрийн гэртээ хохирогч Г.ын халдашгүй байдалд халдан зодож  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

          Шүүгдэгч М.*******ийн үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх зорилготой юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д заасан...”юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”,  9 дүгээр зүйлийн 1-д Оролцогч улсууд хүүхдийн ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч М.*******ийн 2010 оны 04 сарын 05-нд төрсөн Анар,  2013 оны 12 сарын 09-нд төрсөн , 2015 оны 12 сарын 02-нд төрсөн нарын эрх ашиг, хүүхдийн сурах, хүмүүжих орчинд эцэг эхийн халамж нэн тэргүүнд байдаг тул шүүгдэгч М.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Т гэмт хэрэг холбогдох үедээ “Ижил гурван сайхан” ХХКомпанид туслах тогоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 10 000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд сар бүр 277.778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.6 өмгөөлөгчтэйгөө харилцах эрх, 7.7 дугаар зүйлийн гомдол гаргах эрх, 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн хүлээвэл зохих үүргийг танилцуулаагүй байна. Тухайн зөрчил нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй боловч шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Г.Тл гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг эмчлүүлэх, шинжилгээ оношилгоонд зарцуулсан 750000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан, биеийн эрүүл мэнд сайжирсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1728000000031 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013.03.25-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.19-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72 дугаар хуудас/

М.Т иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатоор батлуулсан хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.гийн тодорхойлолт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 34-41 дүгээр хуудас/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан М.Т иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн лавлагаа/хх-ийн 110, 112 дугаар хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /М.******* нь жолооны В, С ангилалтай/ /хх-ийн 111 дүгээр хуудас/,

Т., Т. нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 113 дугаар хуудас/,

М.*******ийн “Комьютерийн оператор бичиг хэрэг” гэрчилгээний хуулбар /хх-ийн 115 дугаар хуудас/

М.*******ийн “Суурь боловсролын гэрчилгээ”-ний хуулбар /хх-ийн 116 дугаар хуудас/,

Ижил гурван сайхан ХХК-ний “М.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 28-наас одоог хүртэл тогоочоор ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-ийн 117 дугаар хуудас/,

Хэрэг шүүхэд шилжин ирсэн үеэс хойш шүүгдэгч М.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.6, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.