| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00154/и |
| Дугаар | 141/ШШ2024/00156 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 141/ШШ2024/00156
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойрууд байрлах “С” ХХК-иас ирүүлсэн, хариуцагч Завхан аймгийн Т сумын Ц багт оршин суух Б овогт Д-ийн П-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 1,474,438.28 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Д-ийн Пүрэвдорж нь “С” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БЗГ22-0158 тоот зээлийн гэрээ байгуулж 1,799,910 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 908,047.71 төгрөг, үндсэн хүү 503,409.47 төгрөг, нэмэгдүүлсэн 56,181.10 төгрөг нотариатын зардал 6,800 төгрөг нийт 1,474,438.28 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 1,474,438.28 төгрөгийг Д-ийн П-оос шүүхийн журмаар гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч М.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие С ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болох 1,474,438.28 төгрөгийн зээлийг авсан үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.П-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,474,438.28 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.П нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,600 төгрөгийн тал хувь болох 19,300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 19,300 төгрөгийг, хариуцагч Д.П-оос 19,300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Д.П-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,474,438.28 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.П нь зээлийн гэрээний үүрэгт 1,474,438.28 төгрөгийг С ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,600 төгрөгийн тал хувь болох 19,300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 19,300 төгрөгийг, Д.П-оос 19,300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН