| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00808/И |
| Дугаар | 155/ШШ2024/00836 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00836
| 2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00836 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн,
Хариуцагч: Н.Э
Үндсэн зээлийн төлбөр 5,284,761.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,752,555.12 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр 915,339.07 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 10,000 төгрөг, нийт төлбөр 7,962,655.91 (долоон сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин тав) төгрөг (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2024/00808/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н. овогтой Э. /РД: *********/ нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ/490814252 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн кредит картын зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болно. 2023 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар: Үндсэн зээлийн төлбөр 5,284,761.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,752,555.12 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөр 915,339.07 төгрөг, эрх хэтрүүлсэний хүү 10,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног 5 насжилттай, нийт төлбөр 7,962,655.91 (долоон сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин тав) төгрөг (ерэн нэг) мөнгийг Н.Э.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2018 онд 5,000,000 төгрөгийн зэс карт аваад 2024 оны 7 дугаар сар хүртэл хэрэглэж ашигласан. Энэ хугацаанд сар бүр 250,000 төгрөгийн хүү төлж ирсэн. Барагцаагаар 70 орчим сар бүр 250,000 төгрөг төлсөн гэхээр 17,500,000 төгрөгийг төлсөн. Миний бие хувиараа хөдөлмөр эрхлэгч бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар ажил зогсонги болж, картын төлбөрийг төлөх хугацаа хэтэрч өр үүссэн. Одоо нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү, нийт 7,962,655.91 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Миний хувьд энэ төлбөрийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа бөгөөд Голомт банк нь миний өмнөх зээлийн төлбөрийг төлж байсан байдлыг харгалзан үзэж, надад боломжит хугацаа олгох байх гэдэгт итгэж байна. Зээлийн төлбөрийг сар бүр тогтмол дүнгээр төлж дуусгахаар Голомт банк ХХК-ийн Хөвсгөл салбарын захиралтай ярилцаж тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Н.Э.т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 5,284,761.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,752,555.12 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр 915,339.07 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 10,000 төгрөг, нийт төлбөр 7,962,655.91 (долоон сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин тав) төгрөг (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,352.49 төгрөгийн тал хувь болох 71,176.24 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Э.ээс улсын тэмдэгтийн хураамж 71,176.24 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 5,284,761.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,752,555.12 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр 915,339.07 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 10,000 төгрөг, нийт төлбөр 7,962,655.91 (долоон сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин тав) төгрөг (ерэн нэг) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Н.Э. хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 100170000941 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,352.49 төгрөгөөс 71,176.24 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Э.ээс улсын тэмдэгтийн хураамж 71,176.24 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА