Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

 

Төрийн банкны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэртэй, 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Ц.Н-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Н, С.Г нар нь Төрийн банкнаас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 162000133326 тоот зээлийн гэрээний дагуу 2.853.435 төгрөгийг 10 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Үндсэн зээлдэгч С.Г нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Улмаар Ц.Н нь уг зээлийг төлөх талаар өргөдөл гаргаж, зээлд 1.229.632 төгрөгийг төлсөн. Одоо хамтран зээлдэгч Ц.Н уг зээлийг төлөх чадваргүй болсон тул зээлийн гэрээний 2.1.4-р зүйлд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл, хүүний төлбөр болох 2.311.610 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 4,000 төгрөг, нийт 2.315.610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр С.Г нь 2005 онд элэгний хавдар гэж оношлогдон өрхийн болон хавдрын эмчийн хяналтад 10 жил болсон. 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах болсон тул нөхөр маань хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврээ барьцаалж, Төрийн банкнаас 2.866.600 төгрөгийн зээл авч, өөрөө гарын үсэг зурсан байсан. Би тэр зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Тухайн үед зээл авахдаа ганцаараа буюу хамтран зээлдэгчгүйгээр авсан. 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод очиж хавдар судлалын төвд шинжилгээ өгөөд ямар ч найдваргүй гэсэн хариу сонссон. Ингээд нөхрийн бие маш ихээр муудаж, байнгын эм тариа, уураг хийлгэх болсон. 2015 оны 10 дугаар сард нөхөр маань уураг хийлгэх шаардлагатай байна гээд мөнгө хэрэгтэй болсон тул банкнаас нэмж зээл авах болсон. Тухайн үед нөхөр маань бие нь дордсон байсан учир өөрөө банкинд очиж зээл авч чадахгүй болсон тул надад итгэмжлэл өгсөн. Ингээд итгэмжлэлээр нөхрийн өмнө нь авсан зээлийн үлдэгдэл дээр нэг сарын группийн мөнгө нэмж авахад л би гарын үсэг зурсан. Улмаар нөхөр маань зээл авсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Би боломжоороо нөхрийнхөө зээлийг төлж байсан. Нөхөр нас барсан тул зээлийн гэрээг цуцалж, шүүх рүү шилжүүлж өгөх талаар банкинд удаа дараа хэлж байсан. Гэтэл банк шүүх рүү шилжүүлж өгөлгүй байлгасаар хүүг ихэсгээд одоо нэхэмжилж байгааг гайхаж байна. Би 2007 онд бүдүүн шулуун гэдэсний далд хэлбэрийн идээт үрэвслээр 9 удаа хагалгаанд орсон бөгөөд одоо байнгын памперстай явдаг. Би одоо өөрөө цалин, тэтгэврийн зээлтэй хэцүү байгаа тул 2015 оны 10 дугаар сард нэмж авсан 1 сарын тэтгэврийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн зээлийг төлж чадахгүй. Учир нь 2015 оны 9 дүгээр сард авсан зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй тул тэр зээлийг банкны алдагдал гэж үзэж байна” гэжээ.

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Н-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.803.012,48 /нэг сая найман зуун гурван мянга арван хоёр / төгрөг, зээлийн хүү 508.597,52 /таван зуун найман мянга таван зуун ерэн долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг, нийт 2.311.610 /хоёр сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулж Төрийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай, нотариатын зардал 4000 /дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

       Хариуцагч Ц.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл нь:

       1. Миний бие зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй,

         2. Нөхөр С.Г-ын өвчин эцсийн шатанд орсон зовиур ихтэй байсан учраас 1 сарын группийн тэтгэвэр болох 268.200 төгрөгийг нөхрийн өөрийнх нь итгэмжлэлээр банкнаас авсан.

          3. Нөхөр С.Г нас бараад 4 жил болж байгаа.  Гэтэл Төрийн банк 2019 оны 9 дүгээр сард шүүхэд хандаж гомдол гаргасан байна. Миний бие итгэмжлэлээр авсан 268.200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нөхөр нас барсны дараа оршуулгын тэтгэмж 640000 төгрөг болон сүүлийн 1 сарын тэтгэврийн мөнгийг зээлэнд нь төлсөн, мөн би боломжоороо бас мөнгө төлж байсан. Харин үлдэх 2.043.410 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

         Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

            Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н хариуцагч Ц.Н-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу тэтгэврийн зээл, хүүний төлбөр 2,311,610 төгрөг, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 2,315,610 / хоёр сая гурван зуун арван таван мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч,  давж заалдах гомдол гаргажээ.          

            Төрийн банкны Увс салбар 2015 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 162000133326 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээгээр С.Г-ын тэтгэврийн орлогыг барьцаалж, түүнд 2,886,600 төгрөгийг  жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлээр олгосон, мөн уг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад  2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  нэмж  268,200 төгрөгийг зээлдэгчид олгохоор зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар талууд тохиролцсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

         Энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны  10 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч С.Ганбаатар нас барсан байх тул банк зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох зээл, хүүгийн төлбөрийг түүний эхнэр Ц.Н-аас нэхэмжилснийг тэрээр эс зөвшөөрч “  нөхөр С.Г-ын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр авсан тэтгэврийн зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй тул хариуцахгүй. Харин 2015 оны 10 дугаар сард нэмж авсан  1 сарын зээл буюу 268.200  төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Нөхөр нас барсны дараа оршуулгын тэтгэмж 640000 төгрөг болон сүүлийн 1 сарын тэтгэврийн мөнгийг зээлэнд нь төлсөн, мөн би боломжоороо бас мөнгө төлж байсан. Одоо үлдэгдэл зээлийг төлөх боломжгүй “ гэж маргасан нь үндэслэлтэй байна.   

         2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээл авах үед зээлдэгч С.Г хүнд өвчний учир банкинд очиж үйлчлүүлэх боломжгүй байсны учир эхнэр Ц.Н-д өөрийн нэрийн өмнөөс Төрийн банктай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн үндсэн дээр Ц.Н банктай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээний нэг тал болж оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

            Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсгүүдэд “ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус заасан ба зээлдэгч С.Г-аас Ц.Н-д 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэл / хх-ийн 6-р талд авагдсан/ нь  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагуудыг хангасан байх тул Ц.Н-г хуулийн дагуу хэлцэлд төлөөлөл хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

            Ц.Н нь хуульд заасны дагуу итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлүүлэгч буюу үндсэн зээлдэгч С.Г-ын нэрийн өмнөөс, түүний зөвшөөрлөөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч уг зээлийн гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлгүй болно.

            Учир нь:Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “ төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээний үүргийг, тодруулбал гэрээний 2.2.3-д заасан зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргийг  төлөөлүүлэгч буюу С.Г хүлээнэ.

            Төрийн банкны Увс салбар нь зээлдэгч С.Г-ын зээл хүссэн өргөдлийн дагуу түүний тухайн банкаар дамжин сар бүр олгогддог тэтгэврийг нь барьцаалж,  2 удаа зээл олгосон нь тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

            Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх, гэрээнд заасан бол  хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

           Зээлдэгч С.Г нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн байсан байх бөгөөд уг тэтгэврийг авах эрх нь зөвхөн тухайн иргэнд хамаарах, түүний хувийн / эрүүл мэндийн / байдалтай салшгүй холбоотой эрх тул уг орлогоо банкинд барьцаалж мөнгө зээлсэн нь мөн тухайн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг байна.  

         Зээлийн гэрээний 1.2.1-т “ Банк зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн 162000133326 дугаар тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ” , гэрээний 1.3-т : зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн Тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банкинд хадгалуулна”, 2.1.5-т “ зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ”, 2.1.6-т “ Зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд зээлийн гэрээнээс үүсэх үүрэг нь  ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан С.Г хамаарахаас бус зээлийн гэрээ байгуулах харилцаанд зөвхөн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн Ц.Н-д хамааралгүй болно.   

          Зээлдэгч С.Г нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “ үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно” гэж зааснаар зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч С.Ганбаатар нас барснаар түүний тэтгэврийн зээл, хүү төлөх гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу тэтгэврийн зээл, хүүний төлбөр 2,311,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангах хууль зүйн үндэслэлгүй болно.  

          Нөгөөтэйгүүр Төрийн банкны Увс салбар үндсэн зээлдэгч С.Г-ын итгэмжлэлээр Ц.Н-тай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулахдаа:   гэрээ байгуулсан зээлдэгч, хамтран  зээлдэгч гэсэн хэсэгт хоёуланд нь Ц.Нарантуяагаар гарын үсэг зуруулсан байх бөгөөд үүнийг үндэслэн анхан шатны шүүх Ц.Н-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон нь хуульзүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

          Ц.На дээрх тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээг байгуулахдаа тэтгэвэр авагчийн эрх ашгийн үүднээс, түүний нэрийн өмнөөс төлөөлөл хэрэгжүүлсэн болохоос өөрөө зээл авах, мөнгөн хөрөнгийг хамтран ашиглах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдөл, хүсэлт гаргаагүй, мөн зээлийн үүргийг хамтран хариуцахаар цалин, орлого, эд хөрөнгөө барьцаалсан,  эсхүл  хуульд заасан бусад арга хэрэгслээр /баталгаа, батлан даалтын хэлбэрээр/ зээлийн эрсдлийг хариуцахаар гэрээ, хэлцэл хийсэн гэх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй  байна.  Иймд зөвхөн  зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулснаар түүнээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрх үүсэхгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Н-г хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй болно.

            Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар 3-ны өдөр дууссан байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

          Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

           Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  52000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51934 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж Ц.Н-д олгох зэрэг үндэслэлтэй байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Н-д холбогдох, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу тэтгэврийн зээл, хүүний төлбөр 2,311,610 төгрөг, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 2,315,610 / хоёр сая гурван зуун арван таван мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51934 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж хариуцагч Ц.Н-д олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.