Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуульд бэлтгэгч/туслах тогоочоор/ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Би 1986-1994 онуудад Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор ажиллаж байсан.

Одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл анх ажилд томилсон тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Хөдөлмөрийн дэвтэр/*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 587 дугаар архивын лавлагаа

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар Туслах тогоочоор ажиллуулах тухай тушаал

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 10 жилийн сургуулийн захирлын 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр Ажилчдын ажлын байрны тухай тушаал

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 10 жилийн сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 18 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/3548 дугаар лавлагаа

-Баянхонгор аймгийн Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр албан бичиг

-Төрсний бүртгэлийн лавлагаа/*******,*******/

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч ******* мэдүүлэг

- Хөдөлмөрийн дэвтэр/*******/

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар архивын лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

1.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулиас ******* олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн ажлын мэдээ хэсэгт:

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалаар 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гал зууханд бэлтгэгчээр ажиллуулсан

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 255911 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр нээж, олгосон бичилт тус тус хийгджээ.

1.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 587 дугаар архивын лавлагаанд ******* нь Баацагаан сумын сургуульд 1986-1994 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1989-1994 онуудад нотлох баримт, 1988-1989, 1991-1994 онуудад цалин гарлаа.

Мөн 1986-1988 онуудад нотлох баримт, 1986-1987 онуудад, 1988 оны 01-03, 06-12 саруудад, 1989 оны 01-03, 07-09, 12 саруудад, 1990 онд, 1991 оны 04 сард, 1993 оны 01-02 саруудад, 1994 оны 02,09 саруудад цалингийн баримтгүй болно. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№131, Х№02, ХН№03-04 нэгжид хадгалагдаж байгаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар Туслах тогоочийн орон тоонд түр ажиллуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт Дотуур байрны хоолны газрын туслах тогооч *******ийн хүүхдийн бие өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул оронд нь туслах тогооч ажиллуулах хүсэлт гаргасан Ц.Энхцэцэгийг түр ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 10 жилийн сургуулийн 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт Тус сургуулийн гал зууханд тогооч ажилтай *******т ээлжийн амралтыг 1991 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн ажлын хоногоор бодож олгосугай,

Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт Тус сумын багш нарын ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар, ажилтны ээлжийн амралтыг 2 дугаар хавсралтаар баталсугай,

Уг тушаалын 2 дугаар хавсралтын 1 дэх заалтад ******* ажилласан жил 6, амрах хоног 24, эхлэх 06.29, дуусах 07.29 гэжээ.

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр Ажилчдын ажлын байрны тухай тушаалын 1 дэх хэсэгт Тус сургуулийн орон тооны нэр бүхий ажилчдыг дараах ажил үүргийн хуваариар ажиллуулсугай. Үүнд: *******-бэлтгэгч/гал зуух/,

- Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт Сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хавсралтад зааснаар олгосугай,

Уг тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтад Ажилтны нэр *******, ажилласан жил 9, амрах хоног 24, эхлэх 07.15, дуусах 08.14 гэж тус тус бичигджээ.

2.3. Хүн амын тооллогын лавлагаа:

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/3548 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвд оршин суух, өрхийн тэргүүлэгч 49 настай, эхнэр 49 настай, охин ******* 18 настай, тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.4. Ажил олгогчийн тодорхойлолт:

Баянхонгор аймгийн Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр албан бичигт Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт оршин суух, ******* нь 1970 онд төрсөн 54 настай, эмэгтэй. ******* нь тус сургуульд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл 38 жил тасралтгүй тогтвор суурьшилтай үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн. ******* нь 2025 онд гавьяаныхаа амралтад суухаар хүсэлт өгсөн гэжээ.

2.5. Хүүхдийн төрсний лавлагаа:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн овгийн эх нь ******* овгийн ******* гэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн ******* овгийн эх нь ******* овгийн ******* гэжээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, хүүхдийн төрсний лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуульд бэлтгэгч/туслах тогооч/-ээр ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

Гэрч ******* нь хүсэлт гаргагч *******ийг дээрх хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуульд ажиллаж байсныг гэрчилсэн боловч ажлын байрны нэрийг бэлтгэгч/туслах тогооч/ бус цэвэрлэгч гэж мэдүүлсэн нь цаасан суурьтай бичмэл нотлох баримтаар зөрүүтэй байх тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 587 дугаар архивын лавлагаанаас үзэхэд хүсэлт гаргагч *******ийг бэлтгэгчийн ажилд томилсон Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаал гараагүй байна.

Ажилд томилсон ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар зөвлөмжөөр ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч *******т зөвлөжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ийг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуульд бэлтгэгч/туслах тогооч/-ээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАТ