Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00584

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00584

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.О.бямба би

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын,

Хариуцагч: О.Н

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 12-10 тоотод оршин суух, РБ90050528 дугаар регистртэй, эмэгтэй, Боржигон овогт Мнийн С. нарт холбогдох

Үндсэн зээл 7,530,056 төгрөг, хүү 143,600 төгрөг, нийт 7,673,656 (долоон сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2024/00374 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.сүрэн овогтой Н., Мнэ овогтой С. нар нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс Эсгийний үйлдвэр чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 10,000,000 (арван сая) төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч О.Н., М.С. нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн 7.530.056 (долоон сая таван зуун гучин мянга тавин зургаа) төгрөг, түүний хүү 143,600 (нэг зуун дөчин гурван мянга зургаан зуу) төгрөгийн хамт нийт 7,673,656 (долоон сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийг хариуцагч О.Н., М.С. нараас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С., О.Н. нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж, 2019 онд 10,000,000 төгрөг зээл авсан. Зээлийн мөнгөөр тоног төхөөрөмж аваад үйл ажиллагаа явуулж, олсон орлогоос тодорхой хэмжээнд зээлээсээ төлсөн. Гэтэл Арбулаг сум нь үерт автаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үйлдвэр үйлчилгээний газар маань үерт автаж, техник тоног төхөөрөмж үерийн усны улмаас эвдрэл гэмтэлтэй болж, зарим эд анги нь ашиглах боломжгүй болж, үйл ажиллагаа зогссон. Сум орон нутгийн удирдлагууд үерийн гамшигийн талаар сайн мэдэж байгаа. Одоо нэхэмжилж байгаа нийт 7,673,656 төгрөгийг төлж барагдуулна. Сумын удирдлагуудтай ярилцаж зээлийн төлбөрийг төлж дуусгана гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга нь хариуцагч М.С., О.Н. нарт холбогдуулан үндсэн зээл 7,530,056 төгрөг, хүү 143,600 төгрөг, нийт 7,673,656 (долоон сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С., О.Н. нар ...2019 онд 10,000,000 төгрөг зээл авсан...Арбулаг сум нь үерт автаж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үйлдвэр үйлчилгээний газар маань үерт автаж, техник тоног төхөөрөмж үерийн усны улмаас эвдрэл гэмтэлтэй болж, зарим эд анги нь ашиглах боломжгүй болж үйл ажиллагаа зогссон. Сум орон нутгийн удирдлагууд үерийн гамшигийн талаар сайн мэдэж байгаа. Одоо нэхэмжилж байгаа нийт 7,673,656 төгрөгийг төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 7,673,656 (долоон сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 137,728 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.С., О.Н. нараас улсын тэмдэгтийн хураамж 137,728 төгрөгийн 50 хувь болох 68,864 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаас нэхэмжилсэн үндсэн зээл 7,530,056 төгрөг, хүү 143,600 төгрөг, нийт 7,673,656 (долоон сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргад төлж барагдуулахаар, хариуцагч М.С., О.Н. нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.С., О.Н. нараас улсын тэмдэгтийн хураамж 68,864 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.О.БЯМБА