Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0305

 

2023  03  30 

128/ШШ2023/0305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э х б у-н т ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т, О.Ч, Э.Э, А.Х, Ц.Г,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч:Нийслэлийн газар зохион байгуулалтын алба;

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л нарын хооронд үүссэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/**** дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар шийдвэрийг илт хууль бус, хүчингүй тооцуулах, нийслэлийн Засаг даргад ***,***,*** төгрөгийн нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг даалгуулах гэж тодорхойлсон.

1.2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар нэхэмжлэлийг буцаасан.

1.3.Нэхэмжлэгчээс шүүхийн шаардсаны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах  гэж тодорхойлсныг үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн.

1.4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан дагуу тодруулж ирээгүй, хуулийн нэр томъёог бүрэн ашиглаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй байсан тул ийнхүү захиргааны хэрэг үүсгэсэн болно.

1.5.Шүүхийн шаардсанаар нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үг томьёоллоор тодруулж чадахгүй байгаа ч түүний шаардлагын үндэслэлийг хянан хэлэлцэхэд шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар албан бичгээр албажуулж, энэ албан бичгийг эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж маргаж байгаа нь тогтоогдов.

1.6.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу тус компанийн автозамыг эвдсэний нөхөх олговор олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах-аар гаргаж гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хоёр:Шүүхэд ирүүлсэн итгэмжлэл, томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйн байдлын талаар:

2.1.Нэхэмжлэгч Э х б у-н т ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/088 дугаар албан бичгээр Д.Т-д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. /ХХ-1-4 дэх тал/

2.2.Э х б у-н т ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/016 дугаар албан бичгээр О.Ч-т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон /ХХ-1-н 172 дахь тал/ ба өмнө Д.Т-д олгосон итгэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу итгэмжлэлээ хүчингүй болгосон, төлөөлөгчөөсөө татгалзсан талаар мэдэгдээгүй тул Д.Түвшинтулгын итгэмжлэл хүчинтэй гэж үзсэн.

2.3.Э х б у-н т ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/022 дугаар албан бичгээр Э.Э-т итгэмжлэл олгосон /ХХ-2-н 34 дэх тал/ ба ингэхдээ өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, О.Ч нарт олгосон итгэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу итгэмжлэлээ хүчингүй болгосон, төлөөлөгчөөсөө татгалзсан талаар мэдэгдээгүй тул Д.Т, О.Ч нарын итгэмжлэл хүчинтэй байна.

2.4.Э х б у-н т ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/028 дугаар албан бичгээр А.Х, Ц.Г нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 1 жилийн хугацаагаар томилсон /ХХ-2-н 58 дахь тал/ ба өмнөх олгосон Д.Т, О.Ч, Э.Э нарын итгэмжлэлээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу итгэмжлэлээ хүчингүй болгосон, төлөөлөгчөөсөө татгалзсан талаар мэдэгдээгүй тул Д.Т, О.Ч, Э.Э нарын итгэмжлэл хүчинтэй байна.

2.5.Ийнхүү нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн итгэмжлэлээ харвал Д.Т, О.Ч, Э.Э, А.Х, Ц.Г гэсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон, итгэмжлэл нь хүчинтэй байна.

2.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд шүүхэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна заасан тул итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоотой гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцах болно.

 

Гурав.Шүүх хуралдаан хойшлуулсан шалтгаан, хуралдааны ирцийн талаар:

 

3.1.Шүүхээс шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр явуулахаар товлон зарласан. /ХХ-1-н 68 дахь тал/

3.2.Уг хуралдааныг нэхэмжлэгчээс Э х б у-н т хуулийн этгээдийг төрийн өмчөөс хувьчилсантай холбоотой нотлох баримтыг одоогоор хэрэгт өгөөгүй гэснийг /ХХ-1-н 95 дахь тал/ үндэслэн нэхэмжлэгчээс гаргуулахаар 01 дүгээр сарын 30-ны өдөр болгож хүртэл хойшлуулсан.

3.3.Нэхэмжлэгчээс өмч хувьчлалын баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх Үндэсний төв архиваас уг баримтыг гаргуулахаар ажиллагаа явуулж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг уг шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй үндэслэлээр 02 дугаар сарын 13-ны өдөр болгож хойшлуулсан. /ХХ-1-н 107 дахь тал/

3.4.Урьдчилан товлосон 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг шинээр нэмж томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч хэргийг материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 02 дугаар сарын 27-ны өдөр болгож хойшлуулсан. /ХХ-1-н 178 дахь тал/

3.5.Мөн түүнчлэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь өмнө ирсэн архивын баримтыг хуудас дутуу ирүүлсэн гэх үндэслэлээр нэмж нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болгож хойшлуулсан. /ХХ-1-н 230 дахь тал/

3.6.Урьдчилан товлосон 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, О.Ч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдаан дээр утсаар нь холбогдоход хэн аль нь утсаа авч хариу өгөөгүй боловч, шүүхээс нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг нь хангаж хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулахаар товлосон. /ХХ-2-н 42 дахь тал/

3.7.Урьдчилан товлосон 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн нэмж томилогдсон гэх итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь итгэмжлэлээ ирүүлсэн боловч өвчтэй гэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй, улмаар хэргийн материалтай танилцах хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болгож хойшлуулсан. /ХХ-2-н 47 дахь тал/

Энэ хугацаанд Э.Э-ийг ирж, эрх, үүрэгтэй болон хэргийн материалтай танилцахыг шаардсан боловч ирээгүй. Ер нь шүүхэд огт ирээгүй.

3.8.Урьдчилан товлосон 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг А.Х, Ц.Г нар нь хэргийн материалтай танилцах, шинжээч томилуулах, нэмж нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаснаас шүүх тэдгээрийг хэргийн материалтай танилцуулах хүсэлтийг хангаж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлосон. /ХХ-2-н 61 дэх тал/

3.9. Урьдчилан товлосон 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг 11.30 цагт эхлүүлэхээр шүүгч танхимд ороход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хүрэлцэн ирсэн байсан бөгөөд О.Ч, Э.Э, А.Х, Ц.Г нар ирээгүй атлаа Ц.Г нь шүүгчээс татгалзах татгалзал гэгчийг бичгээр ирүүлсэн байв.

3.10.Шүүх хуралдаанаас өмнө гаргасан уг хүсэлтийг нь татгалзагдсан шүүгч нэн даруй тус шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж, шийдвэрлүүлнэ, шийдвэрлүүлсэн шийдвэрээ шүүх хуралдаанд танилцуулна гэдгийг Д.Т-д мэдэгдсэн бөгөөд Ерөнхий шүүгч нь шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэсэн шийдвэр гарсны дараа шийдвэрийг танилцуулахаар хуралдаан эхлүүлэхээр орж ирэхэд Д.Т шүүх хуралдааныг орхиж явсан байв.

3.11.Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр 7 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, ирсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг орхиж явсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасны дагуу шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг зөвхөн хэрэгт цуглуулсан.

4.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-гоос Э х б у-н т ХХК-ийн хашаанаас гаднах 1.3 км урттай хучмал замыг зам засварын ажилд өртөх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах, яагаад хувийн өмчид халдаж тухайн замыг хуулах болсон, ямар шалтгааны улмаас халдаад нөхөн төлөлт хийхгүй байгаа зэргийг тодруулахаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас баримт гаргуулахаар гаргасан хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй.

4.3.Учир нь тус компани нь тухайн үед өөрийн өмчлөлийн гэж үзэж байгаа автозамыг хуучин хучаасыг хуулах авах ёстой болон хуулсныг мэдсэн, мэдэж байгаад хуулуулж, дээр шинэ авто замын хучаас тавиулсан байгааг мэдэж байгаа, мэдсэн гэдэг нь бичгийн нотлох баримтаар хэрэгт авагдаж, түүнийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлж болохоор байсан тул уг хүсэлтийг хангах үндэслэл байгаагүй.

4.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь манай компани хувийн компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч уг үнэлгээнд итгэхгүй байгаа гэх үндэслэлээр шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

4.5.Хариуцагч нь Э х б у-н т ХХК-ийн хашаанаас гаднах 1.3 км урттай хучмал замын хуучин хучилтад хийсэн Хөрөнгийн үнэлгээчний үнэлгээтэй огт маргаагүй байсан.

4.6.Нөгөө талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь 2023 оны 02 дугаар 13-ны өдрийн шүүх хуралдаанд Бид нар хувийн компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энийгээ зөвшөөрөхгүй тул шүүхээс албан ёсоор шинжээч томилуулах хүсэлтэй байна гэсэн хүсэлт гаргаад, уг хүсэлтээсээ өөрөө татгалзсан байна.

4.7.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Шинжилгээний объект дараах нийтлэг шаардлагыг хангасан байна гээд мөн зүйлийн 12.3.1-т шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх гэж, 12.3.2-т эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх гэж тус тус заасан байдаг.

4.8.Хуулийн энэ заалтын дагуу шинжилгээний объект нь шаардлага хангасан байх шалгуурыг тодорхойлж, хуульчилсан байна.

4.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь хуулж авсан замын үнэлгээг дахин хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргахдаа шинжилгээ хийлгэх объектоо нэрлэж зааж чадахгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.3.2-т заасан шаардлагыг хангахгүй буюу шинжилгээ хийлгэх объект нь устсан байсан тул Д.Т шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

4.10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, А.Х нар нь ижил агуулга, ижил үндэслэлээр хүсэлтийг өөр өөр цаг хугацаанд гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т гаргасан хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас уг асуудлаар дахин хүсэлт гаргах эрхгүй, мөн шүүх өмнө шийдвэрлэчихсэн асуудлаа дахин шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй, шүүхэд ийм эрх хуулиар олгоогүй байна.

4.11.Дахин тэмдэглэхэд Д.Т, А.Х нарын шинжээчээр шинжлүүлж дүгнэлт гаргах шинжилгээний объект нь устсан, хүсэлт гаргагч нараас объектоо нэрлэж зааж чадаагүй зэрэг, хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин хүсэлт гаргах эрхээ алддаг зэрэг эрх зүйн үндэслэлээр шинжээч шүүх нь А.Х-гийн анхан шатны томилуулах хүсэлтийг хангаагүй болно.

4.12.Эцэст нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн цуглуулах, үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулах, эрх үүрэг танилцуулах ажиллагааны талаар:

5.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, О.Ч нар нь хэргийн материалтай танилцаж, эрх, үүрэг танилцсан баримт дээр гарын үсэг зурсан.

5.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулсан бөгөөд хурлыг хойшлуулсан хугацаанд түүнийг ирж хэргийн материалтай танилцахыг 2023 оны 03 дугаар сарын 13, 20-ны өдрүүдэд түүний ********* дугаар утсаар мэдэгдэхэд /хэрэгт усаар ярьсан тэмдэглэл авагдсан/ ойлголоо, өвчтэй эмнэлэгт байна гэсэн боловч шүүхэд огт ирээгүй учраас шүүх түүнд эрх, үүрэг танилцуулахаар албадан авчрах боломжгүй бөгөөд шүүхээс зохих ажиллагаа явуулсан, хэргийн материалтай танилцах эрхийг нь хангасан гэж үзсэн.

5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Ц.Г нар нь нэмж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд А.Х шүүх хуралдаанд оролцсон, Ц.Г нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, А.Х-гоос шүүх хуралдааны ирцийн талаар санал байгаа эсэхийг асуухад Ц.Галбадрахыг хуралдаанд оролцуулах талаар санал байхгүй гэж тайлбарласан тул хуралдааныг түүнийг байлцуулахгүйгээр хийх боломжтой болох нь уг хуралдаанаас шийдвэрлэгдсэн байна. /ХХ-2-н 59-60 дахь тал/

5.4.Уг өдрийн шүүх хуралдааныг А.Х-г хэргийн материалтай танилцах эрхээр хангаж хойшлуулсан бөгөөд уг эрх нь Ц.Галбадрахад адил хамаарсан болно.

5.5.Хэргийн материалтай Ц.Г танилцсан болох нь тэрээр 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүгчээс татгалзаж гаргасан хүсэлтдээ ... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэснээр тогтоогдож байгаа бөгөөд тэрээр ийнхүү хэргийн материалтай танилцсан атлаа эрх, үүрэг, шүүгчид нөлөөлөхгүй байх үүргийг танилцуулсан баримт дээр гарын үсэг зураагүй шүүхийг үл хүндэтгэсэн, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас А.Х-д эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байгаа ба харин хэргийн материал танилцуулах эрхийг олгож, танилцах боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж товлосон байхад товлосон хугацаанд хэргийн материалтай танилцаагүй шүүхийг үл хүндэтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж, саад учруулсан бөгөөд түүнийг хэргийн материалтай танилцуулахаар шүүхээс ямар нэг албадлага хэрэглэх эрх хэмжээгүй тул шүүхээс олгосон боломжит хугацаанд хэргийн материалтай танилцаагүй тохиолдолд түүнийг эрхээ өөрөө зохих ёсоор эдлээгүй, шүүх энэ талаар зохих ажиллагаагаа хийсэн гэж үзсэн.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Маргаан анх эхлэхдээ бид нарын газрын төлбөр хэтэрхий өндөр болчихлоо гэж байсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн */***дугаар албан бичигт ойн тэлэн ургах газарт хамаарсан гэсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар эрх олгогдсоны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж хэм хэмжээний актыг баталсан. Уг хэм хэмжээний актыг бүртгүүлээд ямар хуулийн зөрчилгүй мөрдүүлж байгаа. Нэхэмжлэгч нар 2019 онд тухайн газрыг эзэмшиж эхэлсэн. Б дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол 2020 оны 13 тогтоолоор тухайн газрууд өмнө ч гэсэн 6-р бүсэд хамаарч байсан нэгж талбар бүхий газар байгаа. Гэнэт өөрчилсөн зүйл биш. Газар эзэмшүүлэх харилцааг гэрээгээр зохицуулдаг. С, Э нар нь Б дүүргийн Газрын албатай гэрээ байгуулсан. Гэрээний 2.4-т зэрэглэл, бүс, итгэлцүүр төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэ байдлыг хүлээн зөвшөөрнө гээд гарын үсгээ зурсан. Өнөөдөр биш гэхэд маргааш өөрчлөгдөхөд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн байна. Энэ байдлыг харахад ч гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нар 2 газартай байх үедээ нэхэмжлэл өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг газраа бусдад шилжүүлсэн. Тэгэхээр төлбөр нь **,*** төгрөг болж бууж байгаа. Энэ байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. *** *** ***/*** *** ***/ төгрөгийн Нөхөх олговор авахаар 2022.06.10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус хандсан боловч Нийслэлийн засаг дарга Д.С нь хариу өгөөгүй бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийтийн эзэмшлийн газар тул нөхөх олговор олгох боломжгүй гэсэн шийдвэр өгсөн. Захиргааны Ерөнхий хуулийн 100, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 85, 101, 498 дүгээр зүйлд заасны дагуу Бидний "өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх, төрөөс нөхөх олговор авах хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Бидний өмчлөгчийн эрх, нөхөх олговор авах эрхийг илт зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

 

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариу няцаалтаа: ...Тус Э х б у-н т компанид Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил нэр өөрчлөх тухай */**** захирамжаар Б дүүргийн 20-р хороонд байрлах ****** м.кв газрыг ****** м.кв болгон өөрчлөн эзэмшүүлсэн.

****** м.кв газраас 4262 м.кв газар болон эд хөрөнгө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны **/**дугаар тогтоолд шинээр өөрчлөлт орсон 1.2 м.кв авто замын трасст өртөж Нийслэлийн Засаг даргын нөхөн олговор олгох тухай 2022 оны 05 сарын 25-ны өдрийн */***дугаар захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, нөхөн олговрыг Э х б у-н т ХХК-д олгож шийдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** захирамжаар олгосон газарт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар хамааралгүй байх тул дахин нөхөн олговор олгох боломжгүй.

Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албаны зүгээс хуульд заасан үндэслэл журын дагуу Э х б у-н т ХХК-тай зөвшилцөж нөхөн олговрыг өгсөн. Ингэхдээ хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх бүрэн дүгнэх боломжтой.

...Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмнөх шүүх хуралдаанууд дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2, 3 удаа ирээгүй тохиолдол байсан. Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж, зориудаар шүүх хуралдааныг явуулахгүй байгаа үндэслэлтэй харагдаж байна гэдгийг анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны үйл баримтад:

1.1.Энэ хэргийн маргааны үйл баримтаар нөхөн олговор олгохоос татгалзсан эс үйлдэхүй-ийг хэлэлцсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн */***дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа Эрчим хүчний гудамжнаас М ф ХХК хүртэлх Т т т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто зам (Б дүүргийн 20 дугаар хороо) төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртсөн хуулийн этгээдэд олгох нөхөх олговорын хэмжээг баталж, Э х б у-н т ХХК-д 601,362,199 төгрөгийн нөхөн олговор олгохоор тогтоожээ. /ХХ-1-н 77-78 дахь тал/

2.3.Энэхүү авто замын ажлын нөлөөлөлд өртсөн газрыг чөлөөлөхөд зориулж газрыг нөхөн олговортойгоор авах ажиллагааг Нийслэлийн газрын албанаас явуулахдаа Э х б у-н т ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай 2022-А/721-1 дугаартай гэрээ байгуулж /ХХ-1-н 79-81 дэх тал/, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудас, Иргэн, хуулийн этгээдийн газар, хөрөнгийн нөхөх олговрын гүйцэтгэл гэх баримт бичгийг үйлджээ. /ХХ-1-н 82-83 дахь тал/

2.4.Энэ ажиллагааг хийхдээ Э х б у-н т ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагад сонсгох ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 02 болон 27-ны өдрүүдэд тус тус 2 удаа явуулж, тэмдэглэл хөтөлсөн байна. /ХХ-1-н 85-86 дахь тал/

2.5.Эрчим хүчний гудамжнаас М ф ХХК хүртэлх Т т т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто замын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дууссан, одоо уг авто замыг нийтээр ашиглаж байгаа, замыг шинээр болон шинэчлэн тавьсантай холбогдуулж Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай 2022-А/721-1 дугаартай гэрээний дагуу Э х б у-н т ХХК-д нөхөх олговрыг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан, талууд энэ талаар маргаагүй тул үүнд холбогдох нотлох баримт цуглуулаагүй болно.

2.6.Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж буй газраас авто замыг тавихад шаардлагатай газрыг буцаан өгсөн, мөн ажиллагааны нөлөөлөлд өртсөн эд хөрөнгөд холбогдох нөхөх олговорт 601,362,199 төгрөгийг авсан гэж талаар маргаагүй харин тус компани 1998 онд компанийн хашаанаас гадагшаа М ф ХХК-ийн авто замын уулзвар хүртэлх 1,3 км замыг хувьчлалаар өмчлөлд шилжиж ирсэн хувийн өмч байсан тул манай өмчлөлийн автозамын нөхөх олговорт ***,***,***төгрөгийг олгох ёстой гэж маргаж байна.

2.7. Э х б у-н т ХХК нь ийнхүү өөрийн өмчлөлийн гэх автозамын нөхөх олговорт ***,***,***төгрөгийг авах хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **/***дүгээр албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн **/** дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан тус тус гаргасан /ХХ-1-н 5, 7 дахь талууд/ байна.

2.8.Уг хүсэлтийн хариуг Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн */***дугаар албан бичгээр өөрийн чиг үүрэгт хамааралгүй тул зохих этгээдэд хандахыг мэдэгдсэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар албан бичгээр нөхөх олговор нэмж олгохоос татгалзсан байна. /ХХ-1-н 8 дахь тал/

2.9.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хянахад дараахь байдалд тогтоогдлоо.Үүнд:

2.10.Нэхэмжлэгч Э х б у-н т ХХК-ийг Төрийн өмчийн хорооны 1998 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Хувьчлалын тайлан батлах тухай *** дугаар тогтоолоор, битүүмжилсэн дуудлага худалдаагаар хувьчилж /ХХ-1-н 125 дахь тал/, хувьчлалын тайланд хавсарган Э х б у-н т хувьцаат компанид Э х б у-н т Улсын үйлдвэрийн газрыг хүлээлгэн өгсөн актыг 7 хавсралтын хамт үйлдсэний 4 дүгээр хавсралтаар Эзэмшил газрын зөвшөөрөл олгосон баримт, 5 дугаар хавсралтаар Хувьчлагдах хөрөнгийн бүрэлдэхүүнд орсон барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологитой техникийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн баримтыг үйлдсэн байна. /ХХ-1-н 144-145, ХХ-2-н 12-31 дэх талуудад/

2.11.Э х б у-н т хувьцаат компанид хүлээлгэн өгсөн Үндсэн хөрөнгийн судалгаа гэх жагсаалтын 16-д заасан гаднаас орох авто зам гэснийг /ХХ-2-н 16 дахь тал/ одоо нэхэмжлэгч Э х б у-н т ХХК-ийн хашаанаас гадагш 1,3 километр замыг гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь уг замыг өмч хувьчлалаар худалдан авсан гэдэг нь нотлогдоогүй гэж үзлээ.

2.12.Учир нь уг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Эрчим хүчний барилга угсралтын трест-ийн барилга байгууламжийн ашиглалтын одоогийн техникийн үндсэн тодорхойлолт гэх баримтад гаднаас орох талбайн автозам, 1,3 км гэх тэмдэглэгээ хийсэн байгаа боловч уг баримтыг хэн, хэзээ үйлдсэн талаар уг баримт дээр тэмдэглээгүй, нэхэмжлэгчээс өөрийн гаргаж өгсөн баримтынхаа эх сурвалжийг шүүхэд авч өгөөгүй, мөн түүнчлэн 1,3 гэх тоо нь завсартай, энэ баримт нь Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа өмч хувьчлалын хувийн хэрэгт байхгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

2.13.Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлд байсан гэх Э х б у-н т ХХК-ийн хашаанаас гадагш 1,3 километр замын доорхи газрыг эзэмшиж байгаагүй гэдгийг шүүхээс бичгийн нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах шатанд, мөн газар дээр үзлэг хийхэд зөвшөөрдөг бөгөөд болон тус компанийн газар эзэмшлийн хувийн хэргийн баримтаар нотлогдсон болно.

2.14.Шүүхээс явуулсан үзлэгээр Э х б у-н т ХХК-ийн өмч байсан гэх уг автозам нь тус компанийн хашаанаас гадагш М ф трейд ХХК хүртэлх 1,3 километр хүрэлх зайд маш олон тооны салаалсан автозамуудтай, маш олон тооны хашаагаар хашсан байгууламжууд руу шууд салж ордог, нийтээр эзэмшдэг, эзэмшиж ирсэн гэдэг нь тодорхой автозам болох нь тогтоогдлоо.

2.15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь дээрх 1.3 км замыг хуулах болсон шалтгаан, үндэслэлийг тодруулахаар нотлох баримт цуглуулах ёстой гэж шүүхэд маргасан.

2.16.Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээний 1.1-т Эрчим хүчний гудамжнаас М ф ХХК хүртэлх Т т т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто замын ажлын нөлөөлөлд өртсөн газрыг чөлөөлөх зорилгоор ... гэж зорилгыг тодорхойлсон, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудаст мөн энэ талаар дүгнэсэн, Э х б у-н т ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Д.Б-тай хийсэн 2022 оны 05 дугаар сарын 02, 27-ний өдрийн уулзалтуудын тэмдэглэлд мөн ... Эрчим хүчний гудамжнаас М ф ХХК хүртэлх Т т т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто замын ажлын нөлөөлөлд өртсөн Э х б у-н т ХХК-ийн эзэмшиж буй газрыг болон эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу хэрхэн чөлөөлөх талаар ... хэлэлцэв гэж тэмдэглэж, уг тэмдэглэлд Д.Бгарын үсэг зурсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмших газар болон эд хөрөнгийг чөлөөлөх, авто замыг хуулах болсон үндэслэл, шалтгааныг мэдсэн, мэдэх ёстой байсан нь нотлогдож байгаа тул энэ талаар нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй байна.

2.17.Э х б у-н т ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Д.Б-тай хийсэн 2022 оны 05 дугаар сарын 02, 27-ний өдрийн уулзалтуудын тэмдэглэлээс дүгнэвэл, тус компанийн эзэмшиж буй газар болон эд хөрөнгийг чөлөөлөх, нөхөх олговрын хэмжээг хэлэлцэн, түүнээс үнэ, үнэлгээний талаар саналыг асуухад Д.Б нь эд хөрөнгийн үнэлгээ болох 601,362,199 төгрөгийг хүлэн зөвшөөрч байгаагаа, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлж мэдэгдсэн, энэ тэмдэглэлд гарын үсэг зурсан болох нотлогдлоо. /ХХ-1-н 85-86 дахь тал/

2.18.Мөн тэмдэглэлээс үзвэл Э х б у-н т ХХК нь өөрийн өмчлөлийн гэх 1,3 км авто замыг хуулж шинээр тавих гэж байгаатай маргаагүй, уг замыг өөрийн хөрөнгө гэж тайлбарлаагүй, уг замын нөхөх олговорт мөнгө авахаар шаардаагүй тул энэ талаар шүүхэд шаардлага гаргах эрхгүй байна.

2.19.Нэхэмжлэгчээс Хөрөнгийн үнэлгээний Ф э ХХК-иар авто зам-ыг үнэлүүлэхэд ***,***,***төгрөгийг үнэлгээтэй гарсан гэх нотлох баримтыг гаргаж, уг хэмжээгээр нөхөх олговор авах ёстой гэж үзсэн байна.

2.20.Уг үнэлгээчин Улаанбаатар хот, Б дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүсийн 2-д байрлах1,3 км автозамд үнэлгээ хийсэн байна. /ХХ-1-н 16 дахь тал/

2.21.Ингэхдээ зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо зах зээлийн жишиг үнийг харьцуулж, Таван толгой Төмөр зам ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн техник эдийн засгийн үндэслэл, Барилга хот байгуулалтын сайдын 203 оны тушаалаар баталсан аргачлалаар бетон хучилттай авто замын нэгжийн үнэ 1 м.кв нь 68,000 төгрөг гэж тооцон, 2022 оны үнийн өсөлтийн индексийг 1,79 гэдгийг харгалзан, 2022 оны байдлаар 1 м.кв-ыг 121,720 төгрөг байхаар тооцож, зах зээлийн хандлагаар ***,***,***төгрөг гэж үнэлгээ хийжээ.

2.22.Нэхэмжлэгчээс Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 1998 онд Э х б у-н тУлсын үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар хувьчлан авахдаа уг авто замыг хамт хувьчлан авсан гэж тайлбарлаж, үүнээс гадна Ф э ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 18 дахь талд авагдсан нэхэмжлэгчээс үнэлгээчинд гаргаж өгсөн баримтад[1] уг замыг 1983 онд ашиглалтад орсон гэснээс үзвэл уг автозамд уг хугацаанаас хөрөнгийн элэгдэл тооцох ёстой.

2.23.Иймд Засгийн газрын ............. тогтоолоор баталсан ................ тул уг авто замын ашиглалтад орсон 1983 оноос 25 жилийн хугацаагаар элэгдэл тооход 2008 онд элдэгдэж дуусан, автозамын үнэ 0 болсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгчээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар албан бичгээр нөхөх олговор олгхо боломжгүй гэсэн хариуг эс зөвшөөрч, хууль бус захиргааны акт гэж үзэж маргасан.

3.2.Э х б у-н т ХХК-иас гаргасан Эрчим хүчний гудамжнаас М ф ХХК хүртэлх, Т т т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдсэн авто замаас өөрийн өмчлөлд байсан 1,3 км авто замыг хуулж авсны нөхөх олговор авах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар бичгээр мэдэгдсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гарснаа мэдэгдсэн үр дагавар бүхий баримт бичиг юм.

3.3.Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Э х б у-н т ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан захиргааны акт гарсан үйл баримт байгаа болох нь тогтоогдож байгаа тул уг захиргааны актад дүгнэлт хийх шаардлагатай байна.

3.4.Нийслэлийн Засаг дарга 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн */***дүгээр захирамжаараа газрыг нөхөх олговортой эгүүлэн авах шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасныг баримталсан байна.

3.5. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана гэж заажээ.

3.6.Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчтэй газрыг нөхөх олговортойгоор буцаан авах гэрээг байгуулахдаа газрыг ***,***,***төгрөг, эд хөрөнгийн үнэ ***,***,*** төгрөгөөр үнэлж харилцан тохиролцсон байна.

3.8.Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн гэж үзсэн автозамыг хуулж авсны нөхөх төлбөрийг авах ёстой гэж үзэж байсан бол тухайн үед нөхөх олговрын хэмжээ, үнийн талаар захиргааны байгууллагаас санал авах үед үүнийгээ илэрхийлэх ёстой байсан бөгөөд нөхөх олговрын талаар тохиролцож чадахгүй бол Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гээд мөн зүйлийн 60.1.4-т бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх гэж заасны дагуу тухайн үед буюу гэрээ байгуулахаас өмнө шүүхэд хандах эрхтэй байхад хандаагүй байгааг уг гэрээг зөвшөөрнө гэж үзнэ.

3.9.Нэхэмжлэгчийн эзэмшил газрын хашаанаас гадагш тавигдсан 1.3 к.м замыг тэрээр 1998 онд хувьчлан авсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, түүнчлэн 1998 онд тус хуулийн этгээдийг хувьчилж авахад тавигдсан байсан нийтийн эзэмшлийн газар дээр уг авто зам /1983 онд тавигдсан байх боломжтой/ нь элэгдэл тооцоход түүний үнэлгээ өнөөдрийн байдлаар 0 болсон, уг хуучин авто замын бетонон хучаасыг хуулж, шинээр хучаас тавьсан, уг шинээр тавьсан авто замаар нэхэмжлэгч чөлөөтэй орж гарч зорчиж байгаатай нэхэмжлэгч маргаагүй /шүүхийн үзлэгээр тогтоогдсон/ зэргээс үзвэл нэхэмжлэгч нь замын хучаасыг хуулсанд холбогдуулан нөхөх олговор шаардах эрхгүй, уг олговрыг олгохоос татгалзсан шийдвэр буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, аливаа байдлаар хууль зөрчөөгүй байна.

3.10.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь нотлогдсон тул Э х б у-н т ХХК-д авто замын хучаас хуулсны нөхөх олговор олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э х б у-н т ХХК-ийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **-**/****дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Э х б у-н т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 


[1] Энэ баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй талаар дээр дүгнэсэн бөгөөд энэ тохиолдолд ч нотлох баримтаар үнэлж байгаа явдал биш, харин Хөрөнгийн үнэлгээчнээс авто замыг ***,***,***төгрөгөөр үнэлэхдээ энэ талаар дүгнээгүй гэдэгт холбогдуулж дүгнэж байгаа болно.