Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00707

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00707

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Жем трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн,

Хариуцагч: П.ын Бт холбогдох,

Барааны төлбөр 9,413,820 (есөн сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00510/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Жем трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.Б нэхэмжлэгч Жем трейд ХХК үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч, Цалгиун нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог. Хариуцагчид 2023-2024 оны хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 9,413,820 төгрөгийг төлбөртэй болохоо талууд 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж баталгаажуулсан. Хариуцагч П.Б нь дээрх төлбөр тооцоог төлж барагдуулалгүй нэхэмжлэгч талын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна.

Хариуцагч П.Бээс тооцоо нийлсэн актаар баталгаажсан, нийлүүлсэн барааны төлбөр болох 9,413,820 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Жем трейд ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие Цалгиун дэлгүүрийг ажиллуулж байх хугацаандаа Жем трейд ХХК-иас бараа бүтээгдэхүүн авч борлуулж байсан. 9,000,000 (есөн сая) төгрөг байтугай орлого хийж, бараа бүтээгдэхүүнийг нь борлуулж байсан. Тооцоо нийлэхэд үлдэгдэл тооцоо 9,413,820 төгрөг төлөхөөр байсан. Дэлгүүрийг бусдад түрээслүүлэх болсноор төлбөр тооцоо төлөгдөхгүй хугацаа алдсан.

Гэхдээ нэхэмжилж байгаа 9,413,820 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жем трейд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч П.Бт холбогдуулан барааны төлбөр 9,413,820 (есөн сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...нэхэмжилж байгаа 9,413,820 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвөшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,572 төгрөгийн тал хувь болох 82,786 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 82,786 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Жем трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн барааны төлбөр 9,413,820 (есөн сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,572 төгрөгөөс 82,786 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 82,786 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Жем трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА