Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00805

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00805

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Б.ийн П-гийн,

Хариуцагч: П.ийн Э.т холбогдох,

215,824 (хоёр зуун арван таван мянга найман зуун хорин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00800/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Б.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би П.ийн Э.тай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн 85-87 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нотариатаар худалдаж, худалдан авах гэрээгээр зарсан. Гэрээний дагуу авсан Э. нэр шилжүүлж аваагүйн улмаас тээврийн хэрэгслийн 2023, 2024 оны татвар, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны торгууль нэр шилжээгүйн улмаас миний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр НӨАТ-ын урамшууллаас 2024 оны татвар болох 65,912 төгрөгийг суутган авсан. Гэрээн дээрх дугаар холбогдохгүй байсан тул Facebook-ээр Хөвсгөлийн такси үйлчилгээ гэсэн ************* дугаарт холбогдож, 2024 оны 5 дугаар сарын 02-ны орой хаягаар нь явуулсан боловч хүн гарч ирээгүй, маргааш нь дахин явуулж эхнэрийн нь дугаарыг ээжээс нь авч, одоо барьж байгаа дугаарыг мэдэж холбогдсон. Гэвч хүнд зарсан, ажлаасаа буугаад аймаг ороод сураг гаргаад хэлнэ гээд удаа дараа залгахад утсаа авахдаа аваад, авахгүйдээ авахгүй, би сүүлдээ гуйж би торгууль төлье, нэг жилийн татвар төлье, надад нэг жилийн татвар төлчих тэгээд хасуулъя, 2 жил оношлогоонд ороогүй машин одоо явахгүй байгаа, надад дахин өр гараад надаас суутгаад байна гэж хэлэхэд за гэж хэлсэн өдрөөс хойш 2 хоног өнгөрч хагас бүтэн болоод ажлын өдөр залгахад одоохон гээд эргэж залгахаар ярьж байгаа дохио өгөөд байсан. Тэгсэн миний дугаарыг блоклосон байсан. Бүтэн сар шахуу хүлээлгэж, хүн итгэж байхад эхнэр лүү нь залгаж, би хүлээсэн, одоо явдаг газраар нь явж шийдүүлнэ гэж хэлсэн. Би БЗД-ийн цагдаа, циркийн авто тээвэр орж лавласан ба иргэний шүүхэд өг гэж зөвлөсөн. Мөн өөрийн биш өрөөлийн буруутай үйлдлээс болж, мөн итгэл алдсан тул өөрт нь үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх нь зөв байна.

П- би 2023 он 2024 оны татварууд, торгууль, тэмдэгтийн хураамж, сонинд зарлуулах зардал, тээврийн хэрэгсэл хасуулахад төлөх тэмдэгтийн хураамж гээд бүх зардлыг нэхэмжилж байна. Нийт 215,824 төгрөгийг хариуцагч П.ийн овогтой Э.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч П.Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.П-гийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилж байгаа 215,824 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П- нь хариуцагч Б.Э.т холбогдуулан 215,824 (хоёр зуун арван таван мянга найман зуун хорин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Э. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Нэхэмжилж байгаа 215,824 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,124.72 төгрөгийн тал хувь болох 3,562.36 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Э.аас улсын тэмдэгтийн хураамж 3,562.36 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.П-гийн нэхэмжилсэн 215,824 (хоёр зуун арван таван мянга найман зуун хорин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Э. хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,124.72 төгрөгөөс 3,562.36 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Э.аас улсын тэмдэгтийн хураамж 3,562.36 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б.П-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА