Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Г.Чод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

         Прокурор                                    Ц.И

         Шүүгдэгч                                Г.Ч

          Нарийн бичгийн дарга         Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Чод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Чын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 “Б” овогт Г-н Ч,

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” кафены ажилчдын хувцас сольдог өрөөнөөс Ө.Н-н нөтбүүкийг, цүнх, цэнэглэгч, хулгана, түрүүвч, хоёр ширхэг виза карт, “Самсунг” маркийн андройд цэнэглэгч, хоёр ширхэг хар өнгийн бал “BB foundation” крем, сормуусны будаг, нүдний контур, уруулын будаг, нүдний тень, нүүрний багс, хөмсөгний харандаа, бэлэн 1800 төгрөг зэргийг хулгайлж 470.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт Г-н Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Г.Чыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Чод оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан шүүгдэгч Г.Чын цагдан хоригдсон 26 /хорих зургаан/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцон,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Г.Чоос 55,000 төгрөг гаргаж  иргэний нэхэмжлэгч Д.Х-т олгох,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Ч  давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Г.Ч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирогч Ө.Н-д 470.200 төгрөгний хохирол төлсөн. Давж заалдах арван дөрвөн хугацаанд иргэний нэхэмжлэгч Д.Х-н 55.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их ухамсарлан гэмшиж байна. Надад оногдуулах хоёр жил хорих ялаас хасч өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ:

Шүүгдэгч Г.Ч хувийн байдлын хувьд урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан.., Анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан.., шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” кафены ажилчдын хувцас сольдог өрөөнөөс Ө.Н-н нөтбүүк, цэнэглэгч, цүнх, хулгана, түрүүвч, хоёр ширхэг виза карт, самсунг маркийн андройд цэнэглэгч, хоёр ширхэг хар өнгийн бал “BB foundation” крем, сормуусны будаг, нүдний контур, уруулын будаг, нүдний тень, нүүрний багс, хөмсөгний харандаа, бэлэн 1800 төгрөг зэргийг хулгайлж 470.200 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

-.... шүүгдэгч Г.Чын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  ...Би ”Хаан бууз” кафед сууж байгаад нэг өрөө онгорхой байхаар нь шагайтал сандал дээр нь хар өнгийн цүнх байхаар нь авсан.., цүнхэнд нөтбүүк, цэнэглэгч, компьютерын хулгана, цэнхэр өнгийн түрийвч, түрийвчин дотор 1800 төгрөг, 2 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, гоо сайханы хэрэгсэл зэрэг эд зүйл байсан.., “Төгөл” дэлгүүрт нэг ахад 55000 төгрөгөөр зарсан …гэсэн мэдүүлэг.., хохирогч Ө.Н-н тэр өдөр дээрх эд зүйлээ алдсан нь үнэн .., хохиролоо төлүүлсэн ямар нэг гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.., иргэний нэхэмжлэгч Д.Х-н 2018 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед нэг залуугаас энэ нөтбүүкийг 55.000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн .., гэсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл..,  “Бан Хас” ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/Э-0177 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Чын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх түүний үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон ял оногдуулсан байх бөгөөд шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Чын гаргасан...оногдуулсан хорих ялаас хасч өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2 д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Чын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Шүүгдэгч Г.Ч нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Х-д хохирол болох 55.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР