Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2024/00633

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие ******* 2006 онд танилцаж, үерхэж байгаад 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Улмаар 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин ******* төрүүлсэн.

Бид 2011 онд албан ёсоор хурим хийсэн. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү *******, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүү ******* нарыг төрүүлсэн.

Хамтран амьдрах хугацаанд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй байсан бөгөөд 2020 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн. Үснээс зулгааж чирэх, хоолой боож, өшиглөж, нүүр ам руу гараараа цохих зэргээр байнгын зодож, цохих болсон.

Намайг 2020 онд зодоод шүд хугалж, хиймэл шүд хийлгэж байсан. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байсан бөгөөд манай нөхөр төрийн албанд ажилладаг учир баривчлагддаг гэхээр нь ажилгүй болчих байх гээд гомдол гаргалгүй орхидог байсан.

Одоо бол архи дарс уухаар нь байнгын айдастай байдаг болсон. Архи уухаараа шөнө огт унтуулдаггүй. Элдвээр доромжилж, байнга юм асууж хариулахгүй дуугарахгүй бол уурлаж, зодон агсам тавьдаг.

Гадаа гарахаар намайг оруулах гээд чирдэг. Хүн дуудахаар тусламж хүсэхээр нөгөө хүнийг маань ч гэсэн зоддог. Маргааш нь хэлэхээр огт санахгүй байна гэж хэлдэг.

Байнгын сэтгэл зүйн дарамтад олон жил амьдарч байна. Хамт олонтойгоо зугаалга томилолт гээд явах гэхээр байнга араас сэтгэл зүйн дарамтад оруулахаас гадна өөрөө дандаа дагаж явна. Хамт явж ирчхээд хамт олны талаар юм ярьж элдвээр доромжилно.

Ийм хүчирхийлэлд олон жил байх нь хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэйгөөс гадна миний сэтгэцэд айдас түгшүүр бий болгож тайван амьдарч чадахгүй байна. Намайг өөрөөс нь салбал амиа хорлоно гэдэг бөгөөд хэрэлдчихээд буутай авхуулсан зураг хүртэл явуулж намайг сэтгэл зүйгээр дарамталдаг байсан.

******* дахин хамт амьдрах нь миний эрүүл мэндэд болон хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй байна. Гэр бүлээс гадуур харилцаа хэд хэдэн удаа үүсгэж байсан. Түүнийг нь хэлэхээр үхнэ гээд уурладаг тул би юу ч хэлж чаддаггүй. ******* цаашид хамт амьдрах үнэхээр хүндрэлтэй байна.

Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Б.Ариунжаргал, *******, ******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг аас тэтгэлэг гаргуулж өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд бид цаашдаа эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******ийн нэхэмжлэлтэй ад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    Б.МӨНХБАТ