| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00593/И |
| Дугаар | 155/ШШ2024/00824 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00824
| 2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00824 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Ж.Т
Хариуцагч: Хын О,
Хариуцагч: Хын Оь нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл болон бусад зардалд нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/00593/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт охины хамт хоёулаа мал маллаж амьдардаг. Хүүхэд маань сургуульд суралцдаг учир хөдөө малаа ганцаараа маллаж амьдардаг. 2023 оны 10 сард Х.Оь гэх залуутай танилцаж, бид хэн хэнээ таньдаг болж, хаяадаа утасаар ярьцгаадаг байсан. Мөн тэрээр 2023 оны 10 сарын сүүлээр утсаар ярихдаа би цэргийн ангийн мал харж байгаад өрөнд ороод 5,000,000 төгрөг зээлээч гэж гуйж байсан бөгөөд тухайн үед мөнгө байхгүй гэж хэлж байсан. Улмаар 2023 оны 12 сарын сүүлээр Оь нь надтай утсаар ярьж, миний ажилладаг мах маркет удахгүй зогсоно, тэр үед хоёлаа уулзья гэсэн. Удалгүй бид уулзахад тэрээр удахгүй байгууллагын шинэ жилд болох гэж байгаа мөнгө төгрөг, хувцас хунар байхгүй гэж ярьж байсан. Тэрээр надад хоёулаа хамтдаа амьдаръя, би эхнэрээсээ салаад жил гаран болж байгаа, би өөрийн гэсэн бүх хөрөнгөө эхнэр, хүүхдүүддээ өгөөд орох орон гэргүй, ах дүүгийн гэр орноор амьдарч байгаа, чамтай хамт л амьдармаар байна гэсэн. Миний нөхөр ч олон жилийн өмнө нас барсан, олон жил би ганцаараа амьдарч байгаа учир эрэгтэй хүний нөмөр нөөлөг дутагдаж байсан учир зөвшөөрч, тухайн үеэс эхэлж Оь манайд хамт амьдарч эхэлсэн. Ингээд удалгүй 2023 оны 12 сарын 21-ний өдөр Оь нь байгууллагын шинэ жилд орохоор сумаас хамт орж ирсэн бөгөөд энэ үед Оь байгууллагынхаа шинэ жилд ормоор байна хувцас хунар авмаар байна мөнгө зээлээч гэхээр нь түүнд өөрт байсан 1,000,000 төгрөгөө өгч, өвлийн дээл, гутал гээд өмсөх бүх хувцсаа авч өмссөн. Ингээд байж байтал түүний эгч Х.О нь Оьтай ярьж, чиний өр зээлийг надаас нэхээд байна, тэр өр зээлээ дараач, өгөөч гээд байсан бөгөөд эгч нь надтай ч утсаар ярихдаа Оь байгууллагын мал харж байгаад 5,000,000 төгрөгийн өрөнд ороод тэр өрийг нь надаас нэхээд байна, чамд мөнгө байвал зээлээч, эгч нь удахгүй тэтгэвэртээ орно, улсаас 36 сарын тэтгэмжээ аваад мөнгөтэй болчихно, тэр болтол мөнгө зээлээч гэж гуйсан учир би 2023 оны 12 сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөгийг Х.Оийн данс руу шилжүүлсэн. Ингээд бид хамт амьдарч байтал Оь нь 2024 оны 02 сарын сүүлээр миний машиныг надад хэлэлгүй авч зугтааж, миний эзэмшлийн машины урд гуперээр юм мөргөж эвдэн надад 500,000 төгрөгийн хохирол учруулсан. Түүнийг машины гупер янзалж өг, эсвэл шинэ гупер авч өг гэхээр уурлаж хэрэлдэх болсон. Оь 2024 оны 03 сарын 29-ний өдөр манайхаас өөрийн гэсэн бүх хувцсаа аваад хэлж ярилгүй яваад алга болсон.
Иймд Х.Оь болон түүний төрсөн эгч Х.О нараас хувцасны үнэ 1,000,000 төгрөг, зээлж авсан 2,500,000 төгрөг, ХӨА 5988 улсын дугаартай приус-20 маркын авто машины урд гупер эвдэж хохирол учруулсан хохирол 500,000 төгрөг, нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд Х.О, Х.Оь нараас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Х.О, Х.Оь нарт холбогдуулан зээл болон бусад зардалд, нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Тгийн нэхэмжилсэн зээл болон бусад зардалд, нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг хариуцагч Х.О, Х.Оь нар төлж барагдуулсан тухай тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийн тал хувь болох 39,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.О, Х.Оь нараас улсын тэмдэгтийн хураамж 39,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Ж.Тд олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Тгийн нэхэмжилсэн зээл болон бусад зардалд, нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.О, Х.Оь нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.О, Х.Оь нараас улсын тэмдэгтийн хураамж 39,475 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Ж.Тд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА