Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/2023/0800

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* /РД:*******/                                           

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга болон Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн ******* тус шүүхэд хандан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Мөн нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдуулан *******ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2 сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг тухайн газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг захиргааны хэрэг үүсгэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэрэгт нэгтгэснийг хянан хэлэлцсэн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч *******ийг Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалаар Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар томилжээ.[1][1]

2.2 Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар ажил тасалсан үндэслэлээр зэрэг дэвийг 6 сарын хугацаанд 4 шатлал бууруулах, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар ажлын хариуцлага алдсан үндэслэлээр *******ид дахин сахилгын шийтгэл оногдуулжээ.[2][2]

2.3 Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар Гаалийн хяналтын бүсүүдэд 2023.01.16-2023.01.31-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын байцаагч нарын хуваарийг баталжээ.[3][3]

2.4 Дээрх хуваарийн дагуу ******* нь Ложистикийн гаалийн хяналтын бүсэд хяналт тавьж ажиллах болсон. Харин тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалаар баталсан Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нарын ажлын хуваарьт *******ийг оруулаагүй байна.[4][4]

2.5 Гаалийн улсын байцаагч Ч.Энхжаргал 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******той утсаар холбогдоход Улаанбаатар хотод байгаа..., 2,3 хоног ажлаа хийгээгүй, маргааш гарч, нөгөөдөр ажилдаа очно.. гэх тайлбарыг өгчээ.[5][5]

2.6. Замын-Үүд дэх Гаалийн газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/130 дугаар Хариуцлага тооцуулах тухай албан бичгээр ...гаалийн улсын ахлах байцаагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 хоног хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан... тул арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ.[6][6]

2.7 Улмаар Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Лхагвадэлгэр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******оос тайлбар авахад ...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл ажилдаа яваагүй...аав нойр булчирхайн хавдартай болсныг мэдээд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот руу явсан...сэтгэл санааны хямралд ороод удирдлагадаа хэлээгүй...ар гэрийн гачигдал асуудал их байдаг..., орон сууц, автомашины, цалингийн зээлтэй байгааг минь ойлгож өгнө үү... гэжээ.[7][7]

2.8 Замын-Үүд дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны дарга *******, Захиргааны албаны дарга Э.Чулуунбаатар нараас Зарим албан хаагчдын 2 дугаар сарын цагийн бүртгэл цалин олголтын танилцуулга-д *******ийг 2023.01.27-2023.02.10 хүртэл ажил тасалсан бөгөөд 2 дугаар сарын хуваарьт оруулаагүй, өнөөдрийг хүртэл акт лист ирүүлээгүй, ирүүлсэн тохиолдолд цагийн тооцоог дахин нягталж, 3 дугаар сарын цалин дээр тооцоог хийж дуусгана... гэжээ.[8][8]

2.9. Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Амартүвшин 2023 оны 03 дугаар сарын 09, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулгадаа ...гаалийн улсын ахлах байцаагч *******ид холбогдох сахилга, ёс зүйн зөрчлийн асуудлыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай... гэжээ.

2.10. Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж олонхын саналаар *******ийг төрийн албанаас халах сахилгын шийдвэр оногдуулахаар шийдвэрлэж, сонсох ажиллагааг биечлэн явуулахад ******* ...би өөрийн хүсэлтээр байж болох уу...өргөдлөө одоо бичээд өгье гэсэн тайлбар гаргасан байна.[9][9]

2.11. Улмаар холбогдох хууль тогтоомж болон Сахилгын хорооны хуралдааны шийдвэрийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар *******ид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.[10][10]

2.12. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч маргахдаа ...ар гэрийн гачигдал, хүүхдийн эрүүл мэндийн байдал муудсан, аавын бие огцом муудаж хорт хавдраар оношлогдсон тул ажлын байраа гэнэт орхих үедээ удирдлагадаа мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авах боломжгүй байсан...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлын байран дээрээ ирсэн ч ажиллах боломжоор хангаагүй..., хүндэтгэх шалтгаанаа хэлсэн боловч сахилгын хүнд шийтгэл оногдуулсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.13. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ...******* нь энэ хяналтын бүсийг ахалж ажиллаж байсан бөгөөд тухайн үед шуурхай удирдлагаар хангах, нэвтрэх бараа бүтээгдэхүүнд хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэгтэй ахлах байцаагч юм. Гэтэл 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үүрэгт ажлаа тасалж, ажлын байраа орхиж явсан. Энэ талаар удирдлагадаа мэдэгдээгүй. ахилгын хорооны хуралд ажил тасалсан хугацааг 5 хоног байна гэж тодорхойлсон. ******* нь сахилгын зөрчил, давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаалийн албанаас халсан... гэж тайлбарлаж байна.

2.14. Хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын зүгээс ...Улаанбаатар хотоос ирж ажилдаа ороход бэлэн байгаагаа мэдэгдээгүй тул хуваарьт оруулаагүй..., цагийн бүртгэлд 17 хоног буюу 136 цаг ажил тасалсан гэж бүртгэгдсэн тул цалинг олгоогүй..., хяналт тавьж, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй байтал өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж үүрэгт ажлаа тасалж, ажлын байрыг орхиж явсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалснаа хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр маргадаггүй. 01 дүгээр сарын 27-ний өдөр ээж над руу холбогдоод аавын чинь муу байна, хорт хавдраар оношлогдон тухай мэдээг хэлсэн. Тухайн үед маш хүнд туссан. Миний хувьд архи, согтууруулах ундаа ажлын байран дээр хэрэглэж байсан үйлдэл гаргаж байгаагүй. Тухайн үед ажлын байранд хамтарч ажиллаж байсан Дамбасүрэн ахлах байцаагчид хэлсэн бөгөөд ахлахын хувьд чөлөө, зөвшөөрөл олгох эрх, хэмжээтэй хүн биш болохыг ойлгож байна. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан бөгөөд холбогдох материалуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Манай хүүхэд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу саажилттай. Шинж тэмдгийн хувьд үе үе татдаг юм. Миний хувьд Гаалийн байгууллагат 12 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа татвартай холбоотой хяналт, шалгалтыг зохих түвшинд хийж, үүрэгт ажлаа биелүүлж байсан. Хариуцагч тал удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан гэж тайлбарлаж байна. Хамгийн анхны сахилгын зөрчлийн тухайд цар тахал дэгдсэн үе байсан бөгөөд Зам-Үүд рүү Улсын онцгой комиссын шийдвэрээр нэвтэрч орж байсан үе юм. Хөл хорионы үед гэртэй байх хугацаанд намайг цүтгүүр гэдэг хяналтын бүсэд ажиллуулахаар хуваарь гарсан байсан. Энэ талаарх мэдээллийг байгууллагын дотоод сүлжээний чатад үлдээснийг мэдээгүй. Тухайн үед Отгонсүх гэдэг Гаалийн албаны дарга ажил тасалсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хяналтын бүсэд 24/72 нийт 4 хүн ажиллах ёстой. Өмнөх ажиллаж байсан газарт 24/72 хуваарийн дагуу ажилладаг байсан бөгөөд энэ нь ажиллах ёстой хугацаа юм. Тухайн үед Баттөр байцаагч бид хоёрыг 24/24 гаргахаар хуваарь гарсан байсныг мэдээгүй. 2022 оны 09 дүгээр сард миний бие ганцаараа сахилгын шийтгэл авхуулаагүй бөгөөд 17, 18 хүн хамт сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. 02 дүгээр сарын 01-ний өдөр Ундрах даргатай очиж уулзан аавын бие тааруу байгаа учир ээлжийн амралтаа авах хүсэлтэй гаргасан. Тухайн үед чиний асуудлыг Гаалийн Ерөнхий газар луу илгээсэн. Үүнтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсний дараа ажилдаа ороорой гэдэг хариуг өгсөн. Тухайн үед би Зам-Үүд дэх ажлын байран дээрээ байсан бөгөөд 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэх, ажиллах нөхцөлөөр хангаагүй. 02 дугаар сарын 16-ний өдөр би хамрын таславч оноштойгоор төлөвлөгөөт хагалгаанд орох байсан. 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан ёсны чөлөөтэй, акттай байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг мөн хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ний хороонд тушаал үүрэгт ажлаа хийж байсан. Байгууллагын санхүүгийн албанаас нийгмийн даатгалаа хувиараа төлөөрэй гэсний дагуу би нийгмийн даатгалыг хувиараа төлдөг. тушаал гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах гэхэд нэг байгууллагад тасралтгүй 9 ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Тасралтгүй ажиллах хугацаа тасалдсан учир нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох тухайн нэхэмжлэл гаргасан. Ажилтны 2 сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг тухайн газрын даргад даалгуулах, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлсийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчийн албан тушаал эрхэлдэг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Тухайн өдөр *******ийн хүүхэд болоод эцгийнх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон. Тухайн үед ******* нь байгууллагын удирдлагад албан ёсоор мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авч чадалгүйгээр ажлын байрыг орхиж Улаанбаатар хот руу явсан. Буцаад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээрээ ирсэн. Цаг хугацааны хувьд 4 хоног өнгөрсөн бөгөөд 2 хоног нь хүүхэд болон эцгийн эрүүл мэндтэй холбоотой эмнэлэгт үзүүлэх, үлдсэн 2 хоног нь Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ирж, очих замдаа зарцуулагдсан байдаг. Үүний дараа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэхээр байгууллагын даргатай уулзах гэсэн боловч байгууллагын дарга ажил тасалсан шалтгаанаар хариуцлага тооцох үндэслэл бүрдсэн бөгөөд ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй эс үйлдэхүй буюу хууль бус үйлдлийг гаргасан. *******ийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд үүнтэй холбоотой хүсэлтэй холбогдох хэлтэс бөгөөд албаны дарга нарт удаа дараа илэрхийлж байсан. Замын-Үүд дэх Гаалийн газар нь ажилчдын ажил үүргийн хуваарийг 15 хоногийн хугацаатай баталдаг. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах ажилчдын жагсаалтад *******ийн нэрийг оруулаагүй учир ажиллуулах боломжгүй байна гэдэг хариу өгсөн байдаг. ******* нь өөрийн биед учирсан эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөвлөгөөт хагалгаанд орох шаардлагатай байсан тул 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдөр байгууллагын удирдлагад хандан албан ёсны чөлөө, зөвшөөрөл авах хүсэлтэй гаргасан бөгөөд 02 дугаар сарын 16-ний өдрөөс тухайн сарыг дуустал ажил үүргээ гүйцэтгээгүй. Маргаан бүхий акт гарах хүртэл *******ид ажил, албан үүргээ тасалсантай холбоотой сахилгын шийтгэл оногдуулах асуудал яригдаагүй учир 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэвч 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн дугаартай Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн байдаг. Төрийн албанаас чөлөөлөх үндэслэл нь Замын-Үүд дэх Гаалийн газрын хууль бус эс үйлдэхүйтэй хамааралтай юм. *******ийн гаргасан зөрчилтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа явуулсан танилцуулга, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 12 хоногийн хугацаанд ажил тасалсан бөгөөд *******ид хариуцлага оногдуулах тухай агуулгатай албан бичиг хүргүүлсэн юм. Үүний дагуу хяналт шалгалтын газар хяналт шалгалтын ажиллагаа явуулсны дагуу *******ид төрийн албанаас чөлөөлөх сахилгын шийтгэлийн оногдуулсан юм. Тушаалын холбогдох зохицуулалтад 12 хоногийн хугацаанд ажил тасалсан гэсэн агуулга дурдаагүй боловч үндэслэл нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, удаа дараа ажил, албан үүргээ тасалсан гэдэг агуулгыг тусгаж өгсөн байдаг. Тушаал гарах болсон хуралдааны тэмдэглэлд 12 хоногийн хугацааг дурдсан юм. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь 4 хоног ажил тасалсан байдаг. 4 хоногийн хугацаанд ажил, албан үүргээ тасалсантай холбоотой үйл баримттай нэхэмжлэгч маргадаггүй. ******* ажил, албан үүргээ тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнуудад илэрхийлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс *******ийн гаргасан зөрчилтэй холбоотой оногдуулсан сахилгын шийтгэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй мөн гаргасан зөрчилд тохирохгүй хүнд шийтгэлийг оногдуулсан байна гэж дүгнэж байна. Гаалийн ерөнхий газрын дарга маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл болон 48 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг баримталсан байдаг. Зохицуулалтын хувьд төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой зохицуулалтууд байдаг. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа аль эрх зүйн үндэслэлд холбогдуулан гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхолбоо, ******* нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байх хугацаандаа ******* нь сахилгын зөрчил давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 21.4, 4.1.4 дэх заалт, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1 дэх заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан "Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2022 оны А/226 дугаар тушаалаар баталсан "Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гаалийн албанаас халсан болно.Иймээс иргэн *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар *******ид сахилгын шийтгэл оногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ******* нь 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний хүртэлх хугацаанд бүс нутгийн хяналтын бүсэд хуваарьт гарч байсан. Замын-Үүд дэх Гаалийн газар нь Монгол улсын хэмжээнд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 80% орчмыг оруулж ирдэг хяналтын бүс юм. Хяналтын бүсийг тухай бүрчлэн хуваасан байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хяналтын бүсэд түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, ногоо, том ачааны машин гэх мэтчилэн бараа, бүтээгдэхүүн орж ирдэг. ******* нь энэ хяналтын бүсийг ахалж ажиллаж байсан бөгөөд тухайн үед шуурхай удирдлагаар хангах, нэвтрэх бараа бүтээгдэхүүнд хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэгтэй ахлах байцаагч юм. Гэтэл 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үүрэгт ажлаа тасалж, ажлын байраа орхиж явсан. Энэ талаар удирдлагадаа мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг тайлбарлаж байна. Хариуцагчийн зүгээс тухайн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Гэвч Монгол улсын хэмжээнд орж ирж байгаа иргэдийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн бүхий хяналтын бүсийг ахалж ажиллах үүрэгтэй албан тушаалтан удирдлагадаа мэдэгдэлгүйгээр ажлын байрыг орхиж явсан нь зүй бус үйлдэл юм. ******* нь хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлаа эрх бүхий албан тушаалтад мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч тайлбартаа Дамбасүрэн мэдэгдсэн гэдэг тайлбарыг ирүүлдэг. Дамбасүрэн нь тухайн үед хяналтын бүсэд хамт ажиллаж байсан ахлах байцаагч бөгөөд албан тушаалын хувьд ижил статустай юм. Хамт ажилладаг Давагцэрэн нь *******ид чөлөө, зөвшөөрөл олгох эрх бүхий субъект биш юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ид сахилгын шийтгэлийг хүндрүүлэн оногдуулсан гэж тайлбарлаж байна. *******ийн хувьд 2021 онд ажил тасалсан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байсан. 2022 оны 09 дүгээр сард хяналт, шалгалт дутуу хийснээр татвараас зайлсхийх боломж олгосон үндэслэлээр Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж байсан. 2023 оны 01 дүгээр сард ажил таслан дахин зөрчил гаргасан. Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор батлагдсан гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэмд удаа дараа сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хүндрүүлэн авч үзнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан уу?, эсхүл ажлаас нь чөлөөлсөн үү? гэдэг тайлбарыг гаргаж байна. 2022 оны А/226 дугаартай Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам байдаг. Үүнд 3 ба түүнээс удаа ажил тасалсан тохиолдолд сахилгын арга хэмжээ авна гэж заасан. Дээрх үндэслэлээр сахилгын хороо хуралдсан юм. Нэхэмжлэгч тал 12 хоногийн хугацаанд ажил тасалсан гэж үзсэн гэх тайлбарыг гаргаж байна. Сахилгын хорооны хуралд ажил тасалсан хугацааг 5 хоног байна гэж тодорхойлсон. Замын-Үүд дэх Гаалийн газраас 12 хоногийн хугацаатай ажил тасалсан гэх албан бичгийг ирүүлсэн боловч Гаалийн ерөнхий газрын дотоод хяналтыг хэрэгжүүлэх нэгжээс ажиллагаа явуулж нэхэмжлэгчээс болон холбогдох этгээдүүдээс эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбарыг авсан байдаг. Үүний дараа сахилгын хороо дахин хуралдаж *******оос дахин тайлбар авсан. Дээрх ажиллагаа хийгдэж байх хугацаанд нэхэмжлэгч тийм би удирдлагадаа мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхиж, үүрэгт ажлаа тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд *******ийн гаргасан зөрчилд оногдуулах сахилгын шийтгэлийг хүндрүүлэн авч үзэх үндэслэлтэй бөгөөд Гаалийн ерөнхий газрын Б/226 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн юм. Гаалийн ахлах байцаагч ******* нь төрийн албаны тухай хууль, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам нэх мэт холбогдох хууль тогтоомж зөрчсөн юм. ******* үүрэгт ажлын байраа орхиж явахдаа удирдлагадаа мэдэгдээгүй, хариуцлага өндөртэй ажил үүрэг гүйцэтгэж байгаагаа ухамсарлаагүй байна. Зам-Үүд дэх Гаалийн газраас 01 дүгээр сарын 30-ний өдөр нэхэмжлэгчтэй холбогдсон. Ажил тасалсантай холбоотой сахилгын шийтгэлийг хянан хэлэлцэж байх хугацаанд өмнөх сахилгын шийтгэл оногдуулж байсан асуудалтай холбоотой гомдол гаргаж байгаагүй. Үүнтэй холбоотой 2 тушаал хэрэгт авагдсан байгаа. Замын-Үүд дэх Гаалийн газрын ахлах байцаагч ******* нь төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх гаалийн улсын байцаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч юм. Нэхэмжлэгчийн хувьд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэмд захирагдаж ажиллах үүрэгтэй. Хуульд заасан үүргээ биелүүлэлгүй үүрэгт ажлын байраа орхиж явсан, өргөсөн тангаргаа зөрчсөн нь хуульд нийцэхгүй юм. 2023 оны Б/226 тушаал нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн, үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон захиргааны акт учир тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5. Хариуцагч О.Цэенрэгзэн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар болон тус гаалийн газрын даргад холбогдуулан Сосоржавын Ганцоожийн гаргасан Нэхэмжлэлийн хүрээнд дараах тайлбар, нотлох баримтыг хүргүүлж байна. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 15- ны өдрийн хүртэлх хугацаанд ажиллуулаагүй буюу ажиллах боломжоор хангаагүй үндэслэл: -Гаалийн улсын байцаагч ******* цаг бүртгэлийн цахим төхөөрөмжид бүртгүүлээгүй,- Улаанбаатараас ирж ажилдаа ороход бэлэн байгаагаа албан ёсооp удирдлагад мэдэгдээгүй тул Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 2023 оны "Хуваарь батлах тухай" ******* дугаар тушаалаар батлагдсан "Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцааг нарын хуваарь"-т оруулаагүй. Ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй үндэслэл: - Цагийн бүртгэлд 17 хоног буюу 136 цаг ажил тасалсан гэж бүртгэгдсэн. ГЕГ-ын даргын 2022 оны А/226 тушаалаар батлагдсан "Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.4.3-т "Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга/харьяа гаалийн газар, хорооны дарга/-ын баталсан цагийн тооцооны мэдээлэл нь тухайн албан хаагчийн хөдөлмөрийн хөлсийг тооцож олгох үндсэн баримт болно" гэж заасныг үндэслэн цалин олгоогүй. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилтийг хийгээгүй үндэслэл: - Цалин олгоогүй тохиолдолд нийгмийн даатгал бодогдохгүй, шимтгэл төлөгдөхгүй, бичилт хийгдэхгүй гэжээ.

3.6. Хариуцагчийн Замын-Үүд дэх гаалийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд *******ийг шууд удирдах албан тушаалтан биш бөгөөд журам, сахилга баттай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Ажилтныг 12 хоног ажил тасалсан болохыг Гаалийн Ерөнхий газарт албан бичгээр хүргүүлсэн. 12 хоногийн хугацаанд ажил тасалсан эсэх нь тогтоогдохгүй байна 5 хоног ажил тасалсан байна гэдэг дүгнэлт гарсан. Хөлдөж хайрагдах, температур алдагдахад бүтээгдэхүүн чанараа алдах, химийн тэсэрч дэлбэрэх онцгой ачаанууд цагдаагийн хяналттайгаар, хамгаалалт дор ордог. *******ийн хувьд мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхиж явсан. Ажлын хариуцлага байхгүй хүнд өндөр хяналттай, түргэн шуурхай ажиллах хэсгийг хариуцуулж болохгүй. Мөн хуваарь 02 дугаар сард эхлэхэд гарсан байдаг. Хуваарийн дагуу ажиллах ёстой. *******ийн ээж нь надтай ирж уулзаж байсан бөгөөд тухайн үед нөхцөл байдлын талаар тодорхой тайлбарлаж байсан. Төрийн албаны босго чанга, хариуцлага өндөр байдаг. Замын-Үүд дэх Гаалийн газарт амралтын өдөр байдаггүй. Монгол улсын эдийн засгийн 40% тухайн газар эргэлдэж, 80% борлуулалтын албаар татварын орлого бүрдэж байдаг. Өндөр хариуцлагатай ажил байдаг.... Миний хувьд ******* даргад 2 удаа анхааруулж байсан. 6-8 байцаагч ахалж гарахдаа үүрэгт ажилтай холбоотой санал, гомдлыг байнга ярьдаг байсан. Ахлах байцаагч ажлаа хийх итгэл үнэмшилгүй, байхад захирагдаж буй 10 байцаагч ямар хандлагатайгаар төрийн албаны үүрэгт ажлыг гүйцэтгэх нь эргэлзээтэй. *******той уулзахаас өмнө ээжтэй нь холбогдсон бөгөөд ******* нь төрийн албанд тэнцэхгүй хандлагатай хүн байна гэдгийг тайлбарлаж байсан. Тухайн үед холбогдох албан тушаалтанд хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаад холбогдох боломжтой байсан. Харилцах утас байнга нээлттэй байдаг бөгөөд салгах, таслах, холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсдэггүй. *******ийн хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх сахилга бат байхгүй байна. Гаалийн ахлах байцаагч сахилга, дэг журам алдахад нэвтрэх бараа бүтээгдэхүүн устах, муудах, тэсэрч дэлбэрэх гэх мэт аюултай нөхцөл байдал үүсэх магадлалтай бөгөөд үүнээс шалтгаалан их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал бүрддэг. Дотоод журамд тодорхой зааж өгсөн. Ажиллах хуваарийн хувьд тушаалын дагуу ажилладаг бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг зайлшгүй тохиолдолд албаны даргад хүсэлт гарган нэмэлтээр ажиллах боломжит газарт хүсэлт гарган шийдвэрлүүлдэг. Гаалийн улсын байцаагчийг ажлын нөхцөл байдлаас шалтгаалан солих, сэлгэх, зэрэг асуудлыг шийдэх боловч ахлах байцаагчийн солих, өөрчлөх асуудал байдаггүй. Замын-Үүд дэх Гаалийн газарт амралтын өдөр байдаггүй бөгөөд 01-15 хооронд, 16-31 хооронд гэсэн хуваарийн дагуу ажилладаг. Хурууны хээний төхөөрөмж эвдрэлтэй байсантай холбоотой хариуцагч тал 12 хоногийн хугацаанд ажил тасалсантай холбоотой үйл баримтыг нотолж чадаагүй мөн нэхэмжлэгчийг буруутгаагүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаар:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Маргаж буй Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь заалт байна.

4.3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: гээд мөн зүйлийн 37.1.7 дахь заалтад 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж, 37.1.16 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; гэж 47.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална гээд, 47.1.4-д энэ хуульд заасан бусад үндэслэл гэж тус тус заажээ.

4.4. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гээд мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад төрийн албанаас халах; гэж зохицуулжээ.

4.5. Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4 дэх хэсэгт Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангарагаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн тангаргийг гаалийн улсын байцаагчийн эрх авахад өргөнө гэж, 274 дүгээр зүйлийн 274.2дахь хэсэгт Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ: гээд 274.2.5-д гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах тус тус зохицуулжээ.

4.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулиар тогтоосон эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах явцдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчсөн зөрчил нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болохоор байна.

4.7.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Миний бие 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалснаа хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр маргадаггүй. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр н.Ундрах даргатай очиж уулзан аавын бие тааруу байгаа учир ээлжийн амралтаа авах хүсэлтээ гаргасан[11][11] гэж, хариуцагч нарын зүгээс хяналт шалгалтаар 5 өдрийн ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байх тул шүүх талуудын маргаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэлд дараах байдлаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

4.8.Гаалийн улсын байцаагч Ч.Энхжаргал 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******той утсаар холбогдоход Улаанбаатар хотод байгаа..., 2,3 хоног ажлаа хийгээгүй, маргааш гарч, нөгөөдөр ажилдаа очно.. гэх тайлбараас[12][12] үзвэл *******ийг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар Гаалийн хяналтын бүсүүдэд 2023.01.16-2023.01.31-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын байцаагч нарын хуваарийг баталсан[13][13] хуваарийн дагуу Ложистикийн гаалийн хяналтын бүсэд хяналт тавьж ажиллаж байх хугацаандаа ажлын байраа орхиж явсан болох нь тогтоогдож байна.

4.9. Тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын байраа орхиж явсан, шалтгаан нөхцөл, цаашид ажиллах боломжийн талаар удирдлагадаа мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанд орох нөхцөл байдлыг илтгэх тодорхой нотлох баримт болох акт лист ирүүлээгүй ба ирсэн өдрөө ээлжийн амралт авах хүсэлтээ гаргасан.

4.10.Энэ тохиолдолд тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалаар баталсан Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нарын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл ажлын хуваарьт *******ийг оруулаагүйг ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах боломжгүй.[14][14]

4.11.Хууль зүйн утгаараа Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

4.12. Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Лхагвадэлгэр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******оос тайлбар авахад ...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл ажилдаа яваагүй...аав нойр булчирхайн хавдартай болсныг мэдээд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот руу явсан...сэтгэл санааны хямралд ороод удирдлагадаа хэлээгүй...ар гэрийн гачигдал асуудал их байдаг..., орон сууц, автомашины, цалингийн зээлтэй байгааг минь ойлгож өгнө үү... гэжээ.[15][15]

4.13. Харин Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Амартүвшин 2023 оны 03 дугаар сарын 09, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулгадаа ...гаалийн улсын ахлах байцаагч *******ид холбогдох сахилга, ёс зүйн зөрчлийн асуудлыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх санал... гаргасан.

            4.14. Улмаар Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж олонхын саналаар *******ийг төрийн албанаас халах сахилгын шийдвэр оногдуулахаар шийдвэрлэхээр тогтож, сонсох ажиллагааг биечлэн явуулахад ******* ...би өөрийн хүсэлтээр байж болох уу...өргөдлөө одоо бичээд өгье гэсэн тайлбарыг гаргасан байна.[16][16]

4.15. Дээрх үйл баримтаас үзвэл, ******* нь гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа ажлын байраа 5 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр орхиж, ажил тасалсан, энэ талаар удирдлагадаа мэдэгдээгүй нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж, төрийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байх зарчмыг алдагдуулсан үйлдэл бөгөөд энэ зөрчил нь маргаж буй захиргааны актын үндэслэл болох Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад заасан Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчил болон зөрчлийн шинж байдалтай нийцсэн.

4.16. Тодруулбал, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 2.1.3-д хууль тогтоомжоор хориглосон үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх; гэж, 4.1.4-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, сэлгэн ажиллуулах гэрээ зөрчих, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих-ийг гаалийн улсын байцаагчид хориглохоор заасан бөгөөд гаалийн байгууллагын Сахилгын хороо сахилгын хэргийг зохих журмын дагуу шалгаж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэснийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар *******ид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан[17][17] нь үндэслэлтэй байна.

4.17. Товчхондоо шүүх төрийн тусгай албан хаагч болох *******ийг хяналт шалгалтын ажлын байрыг орхисон, ажил тасалсан үндэслэлээ тухай бүр мэдэгдэх, чөлөө зөвшөөрөл хүсэх боломж 5 хоногийн хугацаанд байсан гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн ... сэтгэл санааны хямралд орсон... гэх тайлбараар ажил тасалсан гэх зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

4.18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах болон *******ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2 сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг тухайн газрын даргад даалгуулах шаардлага бүхий

нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.16, 37.1.17, 48 дугаар зүйлийн 48.2 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******оос Гаалийн ерөнхий газрын дарга болон Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах болон *******ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2 сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг тухайн газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР