Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 05

 

Б.О-ы ажилласан байдал тогтоолгох тухай

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Отор ургийн овогтой Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.О 1966 онд төрсөн, 53 настай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамтаар Увс аймгийн Наранбулаг суманд мал маллаж амьдардаг. Б.О 8 дугаар анги төгсөөд Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд өөрийн эцэг, эхийн хамтаар малчнаар ажилласан бөгөөд нэгдэл хувьчлагдахад өөрт ногдох малаа авч, одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж, бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэртэй боловч зарим саруудыг засварласан, мөн аймгийн Архивын тасгаас баримт шүүлгэхэд Б.О-ы нэртэй баримт байхгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Б.О-ы Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.  

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан “Б.О-ы 1985 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа : Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээгдсэн гэх улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэрт “О” гэсэн нэрийн арын хэсгийг хусаж арилгасан, нэхэмжлэгч “Б.О-ыг 8 дугаар анги төгсөөд малчин болсон” гэх боловч хөдөлмөрийн дэвтэрт “Бүрэн дунд боловсролтой” гэсэн тэмдэглэгээ хийсэн, 1985-1987 онд ажилласан хоног, авсан хөлс” гэсэн хэсэгт засвар хийгдсэн, 16-17 дугаар хуудаст “Улсад 5 жил, 8 сар ажилласнаар тооцов” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн атал Б.О-ны авсан хөдөлмөрийн хөлс нь 5 жил 6 сарын хугацааг тэмдэглэсэн, өөрөөр хэлбэл, тухайн хөдөлмөрийн дэвтрийг зүүсэн, тохируулсан, дээр нь бичигдсэн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл шүүгч энгийн нүдээр хараад тухайн хөдөлмөрийн дэвтрийг зүүсэн, тохируулсан, нэрний арын хэсгийг хусаж арилгасан, бичилт зөрүүтэй гэх мэтээр дүгнэх боломжгүй ба үүнийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох ёстой байсан гэж үзэж байна. Тусгай мэдлэг гэж нийтэд түгээмэл бус, хүн бүр эзэмшсэн байх боломжгүй, шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын тодорхой салбарт зөвхөн тусгай бэлтгэл хийсний дүнд эзэмшсэн, эсвэл эдгээр салбарт мэргэшсэн туршлага хуримтлуулсны дүнд суусан тийм мэдлэгийг хэлдэг.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо,тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх нь уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гараагүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийг ямар тусгай мэдлэгийн хүрээнд бичилт зөрүүтэй, зүүсэн, тохируулсан гэж үнэлсэн нь тодорхойгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Түүнчлэн 1988 оны 7 дугаар сард авахуулсан зураг болон Наранбулаг сумын Засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Б.О-ы ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хүсэлтийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

    Анхан шатны шүүх “ Б.О-ы Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажилласан байдлаа тогтоолгох тухай”  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Б.О гэсэн нэртэй, улаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийг анхан шатны шүүх үнэлэхдээ  “О гэх нэрний арын хэсгийг хусаж арилгасан, 1985-1987 онд ажилласан хоног, авсан хөлс гэсэн хэсэгт засвар хийгдсэн,  зургийн хэсэгт Пионер нэгдлийн тамга дарагдаагүй, өөрөөр хэлбэл, тухайн хөдөлмөрийн дэвтрийг зүүсэн, тохируулсан, дээр нь бичигдсэн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй ...гэж, мөн Б.О ямаа сааж байгаа гэх гэрэл зургийг 1988 онд авахуулсан эсэх нь эргэлзээтэй, зурагт дүрслэгдсэн хүмүүсийн царай тод биш байна гэж тус тус дүгнэсэн нь эргэлзээтэй, уг дүгнэлтийг ямар баримт, нотолгоонд үндэслэсэн нь тодорхойгүй, тухайлбал: тухайн хөдөлмөрийн дэвтрийг зүүсэн, тохируулсан гэх дүгнэлтийн хуульзүйн үндэслэл болсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна.   

         Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”,  мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй” гэж тус тус зааснаас үзэхэд шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд энэ тохиолдолд  нотлох баримт цуглуулах үүргийг нэхэмжлэгч дангаар хүлээх бус шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, мөн  өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байна.

Т           үүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан  шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тодорхой цаг хугацааны өмнө болж  байсан болон  болж өнгөрсөн үйл явдлыг гэрчлэх, батлах эрх бүхий этгээдээс олгосон бичгийн баримт нотолгоо байхгүй, эсхүл байгаа баримт бичиг нь нотолгооны шаардлага хангахгүй болсон, үрэгдсэн, сэргээх боломжгүй тохиолдолд  сонирхогч этгээд шүүхэд ханддаг.  Энэ тохиолдолд хүсэлт гаргагч этгээд үйл явдлыг нотлох, гэрчлэх баримт сэлт цуглуулах үүрэгтэй эсэхээс үл хамаарч шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, өөрөөр хэлбэл тухайн үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт цуглуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг санаачилгаараа хийх шаардлага бий болдог. Хууль тогтоогч онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй гэж заасны  агуулгыг шүүх анхаарч хэрэгжүүлэх учиртай. 

         Б.О-ы ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх дээрхи хуулийн  шаардлагыг хангаагүй буюу нотлох  баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийгээгүй байна. Тухайлбал :  хэрэгт авагдсан Б.Отгон гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн нэр болон цалин хөлс бичигдсэн хэсэг засвартай эсэх, зурагны хэсэгт тамга дарагдсан эсэхийг тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжилгээ хийлгэж тодруулах байтал шүүгч засварласан, зүүсэн, тохируулсан гэх дүгнэлт хийсэн нь хуульзүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.          

        Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ Б.О 8 дугаар анги төгсөөд малчин болсон” гэх тайлбарын үндэслэлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх, шаардлагатай тохиолдолд холбогдох бусад баримт, лавлагааг төрийн байгууллагаас гаргуулах боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй байна. Тодруулбал: Б.О нь  хэдэн онд нэгдүгээр ангид суралцсан, хэдэн онд наймдугаар анги төгссөн, наймдугаар анги төгсөхөд олгосон суурь боловсролын гэрчилгээ болон бусад нотлох баримт байгаа эсэхийг тодруулах зэргээр нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэлийг нотлох, үгүйсгэх баримтуудыг цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй, түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга  Ц.З-ын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар тодорхойлолтын эх сурвалжийг түүнээс гэрчийн мэдүүлэг авах байдлаар тодруулах боломжтой байна.

           Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.  

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.