Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 0043

 

                                                                                  Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Г.Э Шүүгдэгч Н.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Хохирогч С.Ж Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Э-д холбогдох, эрүүгийн хэргийн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Н.Э-н давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1

О овогтой, Н-н Э,

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Төгөл” их дэлгүүрийн ойролцоо хохирогч С.Ж-ны “нөте-2” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч О овгийн Н-н Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Э-г 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 23 хоног хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 23 хоногоор тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Н.Э-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 .д зааснаар шүүгдэгч Н.Э-н цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Н.Э-с 200.000 төгрөг гаргуулан хохирогч С.Ж -д олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолон, Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 07 сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Төгөл” их дэлгүүрийн ойролцоо хохирогч С.Ж-НЫ “поtө2” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймаг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Н.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Н.Э-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Н.Э нь 11 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 17.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъя Орхон аймаг дахь хорих 437 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байсан бөгөөд түүний удаа дараа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 1.1.д заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 17.1 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал болохоос өмнө 2 жил 6 сарын ял дээр 6 сарын хорих ял нэмүүлсэн. Би 5 сар 5 хоног цагдан хоригдсон гэтэл цагдан хоригдсон хугацааг 40 хоногоор бодсон. Иймд үлдсэн хоногийг минь эдлэх ялд оруулан тооцож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна..., шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 .д заасны дагуу дээд шатны прокурорын бичсэн : ...Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э нь 11 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд түүний удаа дараа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 1.1.д заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах...тухай эсэргүүцэл,

Мөн шүүгдэгч Н.Э-н гаргасан ... би хэргийн улмаас 5 сар 5 хоног цагдан хоригдсон гэтэл 40 хоног гэж буруу тооцсон тул зөв тооцож эдлэх ялд оруулан тооцож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Төгөл” их дэлгүүрийн ойролцоо хохирогч С.Ж-ны “Нөте-2” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Шүүгдэгч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ...Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..., хохирлыг нь ял эдэлж байх хугацаандаа цалингаараа төлж хохиролгүй болгоно ... гэсэн мэдүүлэг, -Хохирогч С.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ... 2017 оны 07 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед гэртээ харихаар “Төгөл” их дэлгүүрийн урд талын үзүүрт явж байтал үл таних эмэгтэй дуудаад ...ахаа утсаараа яриулаач... гэхээр өөрийнхөө “нөте-2” маркийн гар утсаа гаргаж өгсөн...,

Гэтэл тэр хүүхэн миний утсанд дугаар хийхгүй барьж зогсож байгаад та хаашаа явах юм бэ?.., би гэртээ ганцаараа байгаа манайд очиж хонох уу.., гэсэн юм яриад зогсож байтал хажуу талаас нь нэг эрэгтэй хүн нөгөө эмэгтэйн гарт байсан гар утсыг булаагаад аваад зугтахаар нь би араас нь хөөсөн боловч барьж чадаагүй..., хохирлоо барагдуулж авна ..., гэсэн мэдүүлэг, -

Гэрч Ч.О-н өгсөн : ...би эгчийнхээ гэрт очих гээд эгч рүүгээ залгах санаатай нэг ахын гар утсыг нь гуйгаад сандал дээр нөгөө утасны эзэн ахтай цуг сууж байгаад залгах гээд байж байхад Р /Э/ гэх залуу хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй, гарт байсан гар утсыг шүүрээд зугтаасан..., Яагаад миний барьж байсан гар утсыг булаасан талаар мэдэхгүй байна..., Тэр у ах араас нь хөөгөөд барьж авч чадаагүй..., гэсэн мэдүүлэг, - Гэрч С.Ж-ны: ...2017 оны 07 дугаар сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байх үед ажилчдын автобус хөдлөх гээд “Төгөл” төвийн хажууханд зогсож байтал миний зүс мэдэх Ж машинаас бууж ирсэн..,согтуу шинжтэй харагдаж байсан..., Гэтэл тэр үед ордны тэр хавиар бөөгнөрөөд салаад нийлээд байсан хэсэг согтуу хүмүүсийн нэг эмэгтэй нь Ж дээр очоод ахаа утсаа түр өгөөч гэж хэлээд гар утсыг нь аваад утсаар ярих шинжгүй оролдсон болоод байж байтал тэр эмэгтэйтэй цуг явсан нэг эрэгтэй нөгөө эмэгтэйн гараас утсыг булаагаад зугтаасан..., Гар утас булаан гүйсэн эрэгтэйгийн араас Ж хөөгөөд гүйцээгүй.., Тэгээд би Ж-д наадах эмэгтэй чинь утас булаадаг залуутай цуг явсан гэж хэлээд нөгөө эмэгтэйг цагдаа дээр хүргэж өгсөн..., гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Н.Э урьд нь 42 хоног цагдан хоригдож, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 370 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 88 хоног буюу 2 сар 26 хоног ял эдэлсэн., энэ өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хийх хүртэл 31 хоног цагдан хоригдсон байна. / х.хийн 50., 72.,96 дугаар хуудас/ /42цагдан хоригдсон +88 ял эдэлсэн= 130 хоног буюу 4 сар 10 хоног / Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь 370 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 130 хоног буюу 4 сар 10 хоног ял эдэлж, 2 жил 1 сар 20 хоногийн ял эдлээгүй үлдсэн байхад ялын тооцоог анхан шатны шүүх буруу тооцсон бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч Н.Энхтөрийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Мөн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.Э-н үйлдсэн хэргийн шинж байдал болон тэрээр урьд нь олон удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд тус, тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5. дугаар зүйлийн 1.2., 39. 7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4., 5., дугаар заалтыг : -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 20 хоног хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 20 хоногоор тогтоосугай.. гэж, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Н.Э-н эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.. гэж, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Э-н цагдан хоригдсон 31 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.., гэж тус тус өөрчлөн,тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Н.Э-н давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА

Ц.ТУЯА