| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02815/И |
| Дугаар | 181/ШШ2024/02113 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02113
2021 05 21 181/ШШ2024/02113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... байрлах, "М ББСБ" ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.О /РД:.../-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ... регистрийн дугаартай Л.О нь "М ББСБ" ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 140000796623 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Л.О нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 510,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 50,000 төгрөгийг 3,4%-ийн хүүтэй, 2023 оын 01 дүгээр сарын 13-ны өдөр 220,000 төгрөгийг 3,3%-ийн хүүтэйгээр тус тус зээлсэн ба хугацаанд нь төлж барагдуулаагүй болно.
"М ББСБ" ХХК нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон ... тоот хаягаар шүүхэд хандсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/132023/00982 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. "М ББСБ" ХХК нь Л.Оын зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг телүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. Л.Оын зээлийн гэрээний үүрэг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 353,652 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,691 нийт 1,417,343 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс "М ББСБ" ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ... регистрийн дугаартай Л.Оыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Оыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Л.Отай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Зээл, Зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Зээлийн дансны хуулга зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Л.О нь ... тоот хаягт оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШЗ2023/00... дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Л.О /РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.О /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Оыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сд // мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА