| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00613/И |
| Дугаар | 155/ШШ2024/00798 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч-ын Б-,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ННС
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2024/00613/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Хөвсгөл аймгийн ННС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,668,103 (нэг сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун гурав) төгрөг гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэхийг даалгахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Би Хөвсгөл аймгийн ННС-д анх 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн номын санчаар ажилд орж, 13 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд лавлагаа-мэдээлэл, арга зүйн тасгийн дарга, гэрээр ном олгох танхимын номын санч-соёл мэдээллийн ажилтан зэрэг ажлыг чөлөөлөгдөх хүртэл хугацаанд сайн хийж байсан. Гэтэл захирал Э.Д- намайг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үндэслэлгүйгээр ажлаас минь халсан. Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байх өөрийн малд тэжээл өгөх зорилгоор яваад машин саатаж, ажлын 1 өдрийн чөлөөг өөрийн төрсөн эгчээр дамжуулан, тухайн үед захирлын үүргийг түр орлон ажиллаж байсан ахлах номын санч Ц.А-гаас авсан. Чөлөөний хуудсаа нөхөж бичиж өгөөрэй гэсэн байсан. Тэр үед захирал Э.Д- 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байх хугацаандаа намайг ноцтой зөрчил гаргасан гээд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дахь хэсгийн 5.6 дахь заалтад ...Ажлын цагийг цагчилж бүртгэнэ. Хоцорсон цаг ажлын гурав хоногт хүрэх, шалтгаангүй 3 ба түүнээс дээш хоног тасалсан бол хууль болон журмын дагуу хариуцлагыг тооцож ажлаас чөлөөлнө гэж зохицуулсан юм. Гэтэл хамт олны хурлаас баталсан дээрх журмыг үл хэрэгсэн, хувийн сонирхлоор сонсгол хийхгүйгээр миний эрх ашгийг хохироож ажлаас чөлөөллөө. Намайг ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр захирал Э.Д-ыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд миний биеийг ННС-гийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. Шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би 2024 оны 1 дүгээр сард 1,674,770 төгрөг, 2024 оны 2 дугаар сард 1,664,770 төгрөг, 2024 оны 3 дугаар сард 1,664,770 төгрөгийн цалин авч байсан. Дээрхи 3 сарын дундаж цалин хөлс нь 1 сарын 1,668,103 төгрөг болж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн ННС-д номын санч-мэдээллийн ажилтанаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт 1,668,103 төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн ННС-д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.Д- хариу тайлбартаа: Номын санч мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан, одоо аймгийн ННС-гийн захирлаар ажиллаж байгаа Ч.Б-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Номын санч-мэдээллийн ажилтан Ч.Б- 2018 оны 2 дугаар сарын 02-ны Б/04 тушаалаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний Б/66 тушаалаар удаа дараа зөрчил гарган, сахилгын шийтгэл хүлээж байсан. Байгууллагын өмнөх захирал Н.О-н 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тушаалаар Ч.Б-ын ажлын байр өөрчлөгдөж, номын санч-мэдээллийн ажилтнаар томилогдсон боловч аймгийн ННС-гийн бүтэц орон тоонд байхгүй соёл олон нийтийн ажилтан гэсэн ажлын чиг үүрэгтэй халагдахад бэлэн байсныг өөрчлөн үндсэн орон тооны ажилтан болгон ажиллуулсан. Ч.Б- удаа дараа архи ууж, ажлаа тасалдаг, хордлогод орж дусал шингэн хийлгэж, эмчилгээ хийлгэж байж ажилдаа ирдэгийг байгууллагын албан хаагчид бүгд мэднэ. Аав, ээж, ах эгч нар нь Наадах хүнээ ажлаас нь битгий гаргаарай, танайхаас гарвал амьдралгүй гудамжинд гарах хүн шүү гэж удаа дараа гуйж, захисан учир тэр байдлыг харгалзан үзэж ажиллуулсаар ирсэн. Ингэснээр архи уух давтамж нь ойртож дуртай үедээ ажлаа таслаад худлаа хэлэх, өвчтөний акт авч ирэх, эгч Азжаргал нь Музейд үйлчлэгч хийдэг ба дүүгээ өмгөөлж архи уусаныг нь худлаа хэлдэгийг мэдсэн ч өнгөрөөсөөр ирсэн. Миний бие ээлжийн амралтаа 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор амралтын мэдэгдэлтэй зөвшөөрөлтэй амарсан. Ч.Б- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэсгийн 9.3.2, хөдөлмөрийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хавсралт 1-ээр чөлөө хүсэх өргөдөл гаргах загварыг баталсан ба үүний дагуу чөлөөг олгож ажилладаг байсан. Мөн чөлөө олгоогүй учир тасалсан ирцийг жижүүрийн бүртгэлд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ч.Б- тасалсан гэж бүртгэгдсэн байна. Аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны Б/41 захирамж гарч, намайг өвчтэй акттай байхад миний ажлын өрөөний хаалганы цоожийг эвдэн орж, Ч.Б- миний ажлыг булаан авсан. Ингэснээр ахлах номын санч Ц.А-г та захирлыг орлож, чөлөө олгохыг зөвшөөрсөн, чөлөөг олгосон гэж шүүхэд тайлбар гаргаж өгч мэдүүлээрэй гэж дарамталсан байна. Учир нь би Мөрөнд эмнэлэгт гадуур истор нээлгэж эмчилгээтэй байсан ба Улаанбаатар явж, хүзүүний IMRI хийлгэх давтан үзүүлэх хугацаа хэтэрсэн байсан учир өдөр тутмын ажлыг зохицуулж байхаар ахлах номын санч аргазүйч Ц.А-г эзгүйд орлож ажиллаарай гэж төлөвлөж шийдвэрлэсэн. Улаанбаатар явахаар төлөвлөсөн ажил ар гэрийн шалтгаанаар хойшлогдсон учир эмчилгээний дундуур ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Ч.Б- нэхэмжлэлээ ННС-д утас 70384723 гэж гаргачихаад, миний ажлыг булааж авсны дараа гараараа нэмж засаж, миний нэр утсыг бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
1. Би өөрөө Ч.Б-т ажлаа булаалгаж, ажилгүй болсон учир нэхэмжлэлийг хариуцахгүй.
2. Миний 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/15 ноцтой зөрчил гаргасан Ч.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, хууль болон журамд нийцэж байгаа гэж үзэж байна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн ННС-, Ч.Б- нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулагдсан. Хөдөлмөрийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээний 6.2-д тухайн сард ажлын нэг өдөр эсхүл хэд хэдэн ажлын өдрийн нийлбэрээр 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журмын 5.25-д Ажилтан удирдлагаас өгсөн чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно, 9.3.2-т тухайн сард ажлын нэг өдөр эсхүл хэд хэдэн ажлын өдрийн нийлбэрээр 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлана гэж заасан. Гэтэл Ч.Б- 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа ирээгүй тул ахлах номын санчаас асуутал эгч нь үдээс өмнөх чөлөө гуйгаад гарсан гэж хэлсэн боловч тэр өдөр ажилдаа ирээгүй, хэл чимээгүй болсон. Маргааш нь Ч.Б- чөлөөний хуудас өгөөгүй тул захирал Э.Д- ажил тасалснаар бүртгэ гэсэн. Тухайн үед захирал ээлжийн амралтаа эдэлж байсан. Ч.Б- хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа.
Иймд Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ноцтой зөрчил гаргасан Ч.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/15 дугаар тушаал, 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 01 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Д.Батцоож, Ч.Б-, Ч.Учралтбаясгалан нарыг ажилд томилох тухай 19 дүгээр, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ч.Б-, Ц.А- нарын ажлыг өөрчлөн ажиллуулах тухай Б/13 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Уншлагын танхим хариуцан ажиллуулах тухай Б/01 дугаар тушаалуудын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Ц.А-д ажил үүрэг зэрэг гүйцэтгүүлэх тухай Б/14 дүгээр тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг баримтууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-15, 92, 109-111 дэхь тал)
4. Хариуцагчаас: Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сануулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/66 дугаар, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ч.Б-ын ажлын байрыг өөрчлөн ажилуулах тухай Б/02 дугаар тушаалуудын хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ННС-гийн хөдөлмөрийн дотоод журам, Ч.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цаг бүртгэл зэрэг баримтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Э.Д-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/41 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Ч.Б-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/42 дугаар захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн ННС-гийн хөдөлмөрийн дотоод журам, Ч.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цаг ашиглалтын бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримт ирүүлсэн. (хавтаст хэргийн 37-67, 69-87 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.Б- ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,668,103 (нэг сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун гурав) төгрөг гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэхийг даалгахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Хөвсгөл аймгийн ННС-д анх 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орж, 13 жил тасралтгүй ажилласан. Гэтэл ээлжийн амралтаа эдэлж байсан захирал Э.Д- нь намайг 1 өдрийн ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байх өөрийн малд тэжээл өгөх зорилгоор яваад машин саатаж, ажлын 1 өдрийн чөлөөг өөрийн төрсөн эгчээр дамжуулан, тухайн үед захирлын үүргийг түр орлон ажиллаж байсан ахлах номын санч Ц.А-гаас авсан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дахь хэсгийн 5.6 дахь заалтад ...Ажлын цагийг цагчилж бүртгэнэ. Хоцорсон цаг ажлын гурав хоногт хүрэх, шалтгаангүй 3 ба түүнээс дээш хоног тасалсан бол хууль болон журмын дагуу хариуцлагыг тооцож ажлаас чөлөөлнө гэж зохицуулсан. Гэтэл хамт олны хурлаас баталсан дээрх журмыг үл хэрэгсэн, хувийн сонирхлоор сонсгол хийхгүйгээр миний эрх ашгийг хохироож ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр захирал Э.Д-ыг ээлжийн амралттай үед ажлаас нь чөлөөлж, түүний оронд миний бие ННС-гийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн ННС-д номын санч-мэдээллийн ажилтанаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт 1,668,103 төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн ННС-д даалгаж өгнө үү гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ч.Б- хөдөлмөрийн гэрээний 6.2-д тухайн сард ажлын нэг өдөр эсхүл хэд хэдэн ажлын өдрийн нийлбэрээр 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журмын 5.25-д Ажилтан удирдлагаас өгсөн чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно, 9.3.2-т тухайн сард ажлын нэг өдөр эсхүл хэд хэдэн ажлын өдрийн нийлбэрээр 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлана гэж заасныг зөрчиж, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ажил тасалсан. Чөлөөний хуудас өгөөгүй. Ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Захирал Э.Д- тухайн үед ээлжийн амралтаа эдэлж байсан. Захирлыг ажилдаа ороогүй байхад нь ажлаас чөлөөлж, оронд нь Ч.Б-ыг томилсон шийдвэр гарсан байсан. Иймд Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон.
а. Нэхэмжлэгч Ч.Б- Хөвсгөл аймгийн ННС-д 2011 оны 1 дүгээр сараас эхлэн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд номын санч, лавлагаа-мэдээлэл, арга зүйн тасгийн дарга, гэрээр ном олгох танхимын номын санч-соёл мэдээллийн ажилтан зэрэг ажилд томилогдон ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №А/03 тоот тушаалаар баталсан Хөвсгөл аймгийн ННС-гийн хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 69-78, 80-84, 9-15 дахь тал)
б. Нэхэмжлэгч Ч.Б-ыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил тасалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дэхь хэсгийн 9.3.2, хөдөлмөрийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтыг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ноцтой зөрчил гаргасан Ч.Б-ын хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай №Б/15 дугаар тушаал, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 4 дэхь тал)
в. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тус тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Ажилтан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, сахилгын дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэх бөгөөд ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна. Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байх ба сахилгын зөрчил гаргасан этгээд нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан байна.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-д ажилтанэсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу ажилтан Ч.Б-ыг дараахь үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн буюу 1 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан байна гэж дүгнэв. Үүнд:
а. Хөвсгөл аймгийн ННС-гийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын 5.20-д Байгууллагын ажилтнуудад ажлын 1-5 хоногийн чөлөө болон цагийн чөлөөг чөлөөний хуудсаар...олгоно, 5.20.1-д Ажилтанд олгох чөлөөг чөлөөний хуудсаар баталгаажуулснаар...олгогдсон гэж үзнэ. Тайлбар: Чөлөө хүссэн ажилтны хүсэлт шийдвэрлэгдэж, зохих ёсоор албажсаны дараа ажлын байрыг орхин явах эрхтэй болно, 5.20.3-д Ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 1-2 өдрийн чөлөөг ахлах номын санч аргазүйч чөлөөний хуудсаар....олгоно гэж заасны дагуу хувийн чөлөө авсан тухай баримт байхгүй, (хавтаст хэргийн 74 дэхь тал)
б. ННС-гийн 2024 оны 4 дүгээр сарын цаг ашиглалтын бүртгэлд Овог нэр: ...5. Ч.Б-, цагийн бүртгэл: ...16, 3 т, 4 т... гэх ажил тасалсан тухай бичилт хийгдсэн, (хавтаст хэргийн 85-87 дахь тал)
в. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ...Ч.Б- 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа ирээгүй тул ахлах номын санчаас асуутал эгч нь үдээс өмнөх чөлөө гуйгаад гарсан гэж хэлсэн боловч тэр өдөр ажилдаа ирээгүй...маргааш нь чөлөөний хуудас өгөөгүй... гэх тайлбар,
г. Хөвсгөл аймгийн ННС-гийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын 9.3-д заасан Дараахь зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална, 9.3.2-д тухайн сард ажлын нэг өдөр эсхүл хэд хэдэн ажлын өдрийн нийлбэрээр 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан гэх бичилт, (хавтаст хэргийн 76-77 дахь тал)
д. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6-д заасан Дараахь зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлгаар цуцална, 6.2-д заасан тухайн сард ажлын нэг өдөр эсхүл хэд хэдэн ажлын өдрийн нийлбэрээр 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан гэх бичилттэй баримтуудаар ажилтан Ч.Б- 1 өдрийн ажил тасалж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
5.2. Гэхдээ Хөвсгөл аймгийн ННС-гийн захирал Э.Д- 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ээлжийн амралттай байсан, өөрийн эзгүйд ахлах номын санч Ц.А-г 2024 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн албан тушаал хавсран гүйцэтгэх тушаал гаргасан тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн ННС-гийн захирал ажилтай Э.Д-д улсад 26 жил ажилласан тул 2024 оны ээлжийн амралтыг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс олгов. Ажилдаа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орсон байхыг мэдэгдье. Ажлын 26 хоног амарна гэх бичилттэй 01 дугаар Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 40 дэхь тал)
Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ...Тушаах нь: 1. Аймгийн Нийтийн номын захирал Энхсайханы Д-ыг эзгүй байгаа хугацаанд ахлах номын санч Цэрэннадмидын А-г албан тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн хавсран гүйцэтгүүлсүгэй. 2. Байгууллагын санхүүгээс бусад үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, сахилга хариуцлагатай, хуулийн дагуу ажиллахыг ахлах номын санч Ц.А-д үүрэг болгосугай... гэх бичилттэй Ц.А-д ажил үүрэг зэрэг гүйцэтгүүлэх тухай Б/14 дүгээр тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 92 дахь тал)
Гэрч Ц.А-гийн ...2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн...тушаал аваад 1 сар хүрэхгүй, Ч.Б-ыг ажилд томилогдох хүртэл хавсран гүйцэтгэсэн ...Э.Д- амралтаа эдэлж байгаад Соёл урлагийн газраас дуудсан гээд ажилдаа орж байгаад үргэлжлүүлэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдов. (хавтаст хэргийн 100 дахь тал)
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэххэлбэрээр ажиллуулж болно гэж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 1.7-д Байгууллагын захиргааны удирдлагыг ННС-гийн захирал хэрэгжүүлэх бөгөөд түүний эзгүйд ахлах номын санч-аргазүйч албан ёсоор төлөөлж, гарын үсэг зурна гэж заасныг баримтлан тус байгууллагын захирал Э.Д- нь ээлжийн амралттай, эзгүй байх хугацаандаа ахлах номын санч Ц.А-д захирлын албан тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлэх, байгууллагын санхүүгээс бусад үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгосон тушаал гаргажээ. Дээрх үндэслэлээр өөрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр Ц.А-д үүрэг болгосон мөртлөө тэрээр ээлжийн амралттай байх хугацаандаа Ч.Б-ыг ажлаас чөлөөлж, хуульд нийцээгүй тушаал гаргаж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 100 дахь тал)
Хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд ажилтан Ч.Б- 1 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа ч тус байгууллагын захирал Э.Д- ээлжийн амралтаа эдэлж, өөрийн албан тушаалыг бусдаар түр орлон гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан мөртлөө хууль зөрчиж, Ч.Б-ыг ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй болно.
5.3. Нэхэмжлэгч Ч.Б- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулахаар шаардах эрхтэй.
5.4. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор ажилтанд олгохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д "Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно", 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олговор... гэж заасныг баримтлан тооцно.
Нэхэмжлэгчийн сүүлийн бүтэн ажилласан 3 сарын цалингийн хэмжээгээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцсон ба тэрээр 2024 оны 1 дүгээр сард 1,674,770 төгрөг, 2 дугаар сард 1,664,770 төгрөг, 3 дугаар сард 1,664,770 төгрөг авч байсан нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Ч.Б-ын тодорхойлолт, түүний тайлбараар тогтоогдож байх тул сүүлийн бүтэн ажилласан 3 сарын нийт цалин 5,004,310 төгрөг : нэг сард 1,668,103 төгрөг, үүнийг ажлын 21 хоногт хуваахад нэг өдрийн цалин 79,433.47 төгрөг байна. (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Э.Д-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/41 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн ННС-гийн захирал Э.Д-ыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Ч.Б-ыг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Ч.Б-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/42 дугаар захирамжаар томилсон бөгөөд ажилгүй байсан хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 20 хоногийн цалин 1,588,669.4 төгрөг болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 1,668,103 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 79,434 (далан есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 1,588,669 (нэг сая таван зуун наян найман мянга зургаан зуун жаран ес) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. (хавтаст хэргийн 63, 28 дахь тал)
Иймд Ч.Б-ыг Хөвсгөл аймгийн ННС-д номын санч-мэдээллийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,588,669 (нэг сая таван зуун наян найман мянга зургаан зуун жаран ес) төгрөг гаргуулан Ч.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,434 (далан есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд түүний төлсөн 41,640 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж бүгд 110,568 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Зохигчоос ирүүлсэн 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 01 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Д.Батцоож, Ч.Б-, Ч.Учралтбаясгалан нарыг ажилд томилох тухай 19 дүгээр, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ч.Б-, Ц.А- нарын ажлыг өөрчлөн ажиллуулах тухай Б/13 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Уншлагын танхим хариуцан ажиллуулах тухай Б/01 дугаар тушаалуудын хуулбар, Хөвсгөл аймгийн ННС-гийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сануулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/66 дугаар, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ч.Б-ын ажлын байрыг өөрчлөн ажилуулах тухай Б/02 дугаар тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн дотоод журам, Ч.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цаг бүртгэл зэрэг баримтын хуулбарууд хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 5-8, 37-39, 41-62, 65-66 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Олхонууд овогт Ч-ын Б-ыг Хөвсгөл аймгийн ННС-д номын санч-мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ННС-гаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,588,669 (нэг сая таван зуун наян найман мянга зургаан зуун жаран ес) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,434 (далан есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн ННС-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,640 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 110,568 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА