| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03230/И |
| Дугаар | 181/ШШ2024/02568 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02568
2024 06 26 181/ШШ2024/02568
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: СБДХХҮХ /.... байрлах РД:... /-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Ч/РД:.../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СБДХХҮХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Чг эрэн сурвалжлуулах тухай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Н.Ч (...)-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2017 оны 07 дугаар сард №08 тоот гэрээ байгуулан олгосон.
Гэрээний дагуу Н.Чтай cap бүр утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 05 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Н.Ч нь 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.
Энэхүү асуудлаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/557 тоот албан бичгээр төр, нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт хүргүүлж, нэхэмжлэл гаргуулсан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32022/... тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус хэлтсийн талаас нэхэмжлэл гаргахаар хаягийн лавлагаа авахад Н.Ч гэрээ байгуулах үедээ амьдарч байсан гэх ... тоотод оршин суудаггүй болох нь хорооны лавлагаагаар тогтоогдсон.
Улмаар хариуцагчийн Улсын бүртгэлийн хаягийн дагуу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, эмнэлгийн 23 гудамж, 678 тоот хаягаар шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 14-нд нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэл гаргах үед оршин сүүж байсан гэх ...тоотод оршин суудаггүй, хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/Ш32024/0... тоот захирамж гарсан.
Одоогоор Н.Ч нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан гэх ... тоот, улсын бүртгэлд бүртгэлтэй ... тоотод оршин суухгүй байгаа, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй тул Н.Чг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СБДХХҮХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Чг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Н.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй Аж ахуй бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, маягт зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Н.Ч нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, эмнэлгийн 23 гудамж, 678 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/Ш32024/0... дугаартай захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Н.Ч /РД:.../-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Ч/РД:.../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Чинсанааг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч СБДХХҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д/утас:.../-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА