| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00541/И |
| Дугаар | 155/ШШ2024/00738 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00738
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00738 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: У.Б
Хариуцагч: *****ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, олгогдоогүй цалин олговорт 2,275,529 (хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуун хорин ес) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2024/00541/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *****ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс томилогдон ажилласан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд буюу ажлаас чөлөөлөгдөх хүртлээ жил гаруй хугацаанд ажиллажээ. Компанийн захирлын зүгээс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 тоот У.Бд жирэмсний амралт олгох тухай тушаалаар намайг Хөдөлмөрийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэг нь ажилтны ажлын байрыг эрүүл мэндийн шалтгаанаар хэвээр хадгалах, мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан заалт нь эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож олгоно гэсэн заалт байна. Дээрх хуулийн заалтууд нь намайг ажлаас халах чөлөөлөх тухай заалт биш ч байгууллагын зүгээс миний ажлыг хүлээлцэж ажлаас чөлөөлсөн, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох байтал бүр дээр нь 2024 оны 2 болон 3 дугаар сарын цалинг олгоогүй өдий хүрсэн.
Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан *****ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хянан үзэж, У.Б намайг *****ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.
Цалин олговорын талаар: Миний бие энэ байгууллагад ажиллах хугацаанд анх олгож байсан 1.500.000 төгрөгийн цалин хөлсийг нэг удаа нэмэгдүүлж, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1.700.000 төгрөг болгосон юм. Миний цалин хөлсийг 2024 он гарсаар 1 дүгээр сарын цалин хөлсийг бүрэн авч, 2 дугаар сар болон 3 дугаар сарын цалин хөлсийг аваагүй өдий хүрсэн. Энэ оны 2 дугаар сарын цалин нь 1.337.454 төгрөг байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгг заасан ажил олгогч цалин хөлс олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож төлнө гэсний дагуу 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөр хугацаа хэтэрсэн хоног нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөр тооцоход 59 хоног болж байх ба үүнд нэг өдөрт ногдох алданги 4.012 төгрөг, 59 хоногоор тооцоход 236.708 төгрөг, үүн дээр 1.337.454 төгрөгийг нэмэхээр 1.574.162 төгрөг болж байна. Гуравдугаар сарын 641.690 төгрөгийн хугацаа хэтэрсэн хоногийг тооцоход 31 хоног болж байх ба нэг өдрийн алданги нь 1.925 төгрөг байх ба ингэж тооцоход алданги нь 59.677 төгрөг, сарын цалин дээр нэмэхэд 701.367 төгрөг болж байна. Ингээд нийт олгогдоогүй цалин хөлс болох алдангийг тооцоход нийт 2.275.529 төгрөг болж байна. Иймд дээрх олгогдоогүй цалин хөлс нь байгууллагын буруутай үйл ажиллагаа бөгөөд олгогдоогүй цалин олговорт 2.275.529 төгрөгийг *****ХХК-иас гаргуулж, У.Б надад олгож өгнө үү. Түүнчлэн дээр хоёр сард нийгмийн даатгалын байгууллагад байгууллагын зүгээс төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус ажилтан нь 2023 онь 2 дугаар сарын 28-ны өдрөөс *****ХХК-д хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан ба 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Амралт авах үед 2024 оны 2 дугаар сарын цалин 1,337,453.50 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын цалин 641,690 төгрөг, нийт 1,979,143.50 төгрөг олгох ёстой байснаас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,679,143.50 төгрөг, нийт 2,179,143.50 төгрөгийг буюу олгох ёстой цалин 1,979,143.50 төгрөг дээр 200,000 төгрөгийн алданги нэмж байгууллагын зүгээс олгосон. Нийт ажилчдын цалин олгогдоогүй байгаа ба шалтгаан нь Олон улс, улсын чанартай авто зам замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ байгуулсан хувийн хэвшлийн 10 компанийн урьдчилгаа санхүүжилт оролгүй Сангийн яаманд хүлээгдэж байгаа болно. Нийгмийн даатгалын байгууллагад өглөгийн үлдэгдэлтэй байгаа ба ажиллаж байсан хугацааны шимтгэлийг 01 кодоор цалингийн цэсний дагуу, жирэмсний амралт авснаас хойш төрөх хүртэлх, төрсний дараах 2 сарын шимтгэлийг 17 кодоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 3 дахь сараас 06 кодоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнаж, шимтгэлийг төлж явна. Жирэмсний амралтын тушаалын зүйл заалтыг техник алдаанаас болоод буруу гаргасан ба зөв зүйл заалтаар шинэчилж нөхөж гаргаад ажилтанд өөрт нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэссэнжэр чатаар мэдэгдсэн гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу амралт авах үед 2024 оны 2 дугаар сарын цалин 1,337,453.50 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын цалин 641,690 төгрөг, нийт 1,979,143.50 төгрөг олгох ёстой байснаас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,679,143.50 төгрөг, нийт 1,979,143.50 төгрөгийг буюу олгох ёстой цалин хөлсийг олгож тооцоог дуусгавар болгосон. Нийгмийн даатгалын байгууллагад өглөгийн үлдэгдэлтэй байгаа ба ажиллаж байсан хугацааны шимтгэлийг 01 кодоор цалингийн цэсний дагуу, жирэмсний амралт авснаас хойш төрөх хүртэлх шимтгэлийг 17 кодоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнасан, шимтгэлийг урьдчилгаа санхүүжилт орохоор төлнө. Тус ажилтан нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ цахимаар өгч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн тушаал гарч, нийгмийн даатгал төлөлтийг 2024 оны 5 дугаар сараас зогсоов гэжээ.
4. Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *****ХХК-д гаргасан хүний нөөцийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. 2024 оны 5 дугаар сарын 16-нд *****ХХК-д өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул хүний нөөцийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин 2 дугаар сарын цалин 1,337,454 төгрөг, 3 дугаар сарын цалин 641,690 төгрөгийг *****ХХК-иас надад олгосон. 2 дугаар сарын цалингийн алданги 236,708 төгрөг, 3 дугаар сарын цалингийн алданги 59,677 төгрөгийг олгоогүй учраас 296,385 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу амралт авах үед 2024 оны 2 дугаар сарын цалин 1,337,453.50 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын цалин 641,690 төгрөг, нийт 1,979,143.50 төгрөг олгох ёстой байснаас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,679,143.50 төгрөг, нийт 1,979,143.50 төгрөгийг буюу олгох ёстой цалин хөлсийг олгож тооцоог дуусгавар болгосон. 2024 оны 2 дугаар сарын алданги 236,708 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын алданги 59,677 төгрөг, нийт 296,385 төгрөгийг олгоогүй байгаа ба Сангийн яамнаас А1101 зам засварын ажлын урьдчилгаа санхүүжилт орохоор олгоно гэжээ.
6. Нэхэмжлэгч У.Б 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа. 2. Олгогдоогүй цалин хөлсний олговорт 2,275,529 төгрөгөөс 1,979,143.50 төгрөг хүлээн авсан. Одоо хариуцагч байгууллага нь 296,385 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч байна. 3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 01 кодоор цалингийн цэсний дагуу төлнө гэснийг, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс жирэмсний амралт авсан ба үүнээс хойш 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг 17 кодоор төлнө гэснийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч *****ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, олгогдоогүй цалин олговорт 2,275,529 (хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуун хорин ес) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У.Б Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа...Олгогдоогүй цалин хөлсний олговорт 2,275,529 төгрөгөөс 1,979,143.50 төгрөг авсан. Хариуцагч байгууллага нь 296,385 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч байна...Нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 01 кодоор цалингийн цэсний дагуу төлнө гэснийг, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс жирэмсний амралт авсан ба үүнээс хойш 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг 17 кодоор төлнө гэснийг зөвшөөрч байна гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- ... *****ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас олгогдоогүй цалин хөлсний олговорт 1,979,143.50 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 296,385 төгрөгийг төлөхийг, У.Бгийн ажиллаж байсан хугацааны шимтгэлийг 01 кодоор цалингийн цэсний дагуу, жирэмсний амралт авснаас хойш төрөх хүртэлх шимтгэлийг 17 кодоор санхүүжилт орохоор төлнө гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч У.Б ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд түүний олгогдоогүй цалин олговорт 2,275,529 (хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуун хорин ес) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн.
Шүүхэд гаргасан зохигчийн дээрх тайлбарууд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэж заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч У.Б гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,358 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгох, хариуцагч *****ХХК-иас гомдлын шаардлагын дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 51,358 төгрөгийн тал хувь болох 25,679 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *****ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, олгогдоогүй цалин олговорт 2,275,529 (хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуун хорин ес) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг *****ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч У.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч У.Б ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч *****ХХК олгогдоогүй цалин олговор 2,275,529 (хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуун хорин ес) төгрөгөөс 1,979,143.50 (нэг сая есөн зуун далан есөн мянга нэг зуун дөчин гурав) төгрөг төлсөн, үлдэгдэл 296,385 (хоёр зуун ерэн зургаан мянга гурван зуун наян тав) төгрөгийг төлөх, ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 01 кодоор цалингийн цэсний дагуу, жирэмсний амралт авснаас хойш төрөх хүртэлх хугацааны шимтгэлийг 17 кодоор төлөхөөр талууд тохиролцон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,358 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч У.Бд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *****ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 25,679 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА