| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00656/И |
| Дугаар | 155/ШШ2024/00782 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00782
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00782 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ****** ХХК-ийн,
Хариуцагч: Ц. М-д холбогдох,
Барааны үнэ 984,290 (есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00656/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас иргэн Ц.М- нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 984,290 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, 7 дугаар сардаа багтаж төлөх байсан боловч төлөлтийг огт хийхгүй болсон. Үүнээс хойш иргэн М-д зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд мөнгө байхгүй, боломжгүй байна гэж хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. М-тай холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй, очиж уулзахад удахгүй хийнэ, хугацаа хэрэгтэй байна гэж гуйна. Одоо утас руу нь залгахад утсаа авахгүй болсон.
Иймд **************** ХХК-ийн барааны нийт мөнгө болох 984,290 (есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөгийг Ц.М-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Би **** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би төрлийн эгчдээ 2023 оны 6 дугаар сард тус **** ХХК-иас 984,290 төгрөгийн бараа авч өгсөн ба эгч тус төлбөрийг төлнө гэсэн юм. Гэтэл эгчийн үйл ажиллагаа зогсож тус төлбөрийг төлөөгүй байна. Би нэгэнт бараа хүлээж авсан нь үнэн учир одоо нэхэмжилж байгаа нийт 984,290 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан барааны үнэ 984,290 (есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,173 төгрөгийн тал хувь болох 14,086.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.М-гаас улсын тэмдэгтийн хураамж 14,086.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжилсэн барааны үнэ 984,290 (есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.М- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,173 төгрөгөөс 14,086.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.М-гаас улсын тэмдэгтийн хураамж 14,086.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ****** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА