| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03043/И |
| Дугаар | 183/ШШ2024/02222 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02222
|
2024 оны 5 сарын 20 өдөр |
Дугаар 183/ШШ2024/02222 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:**** дүүргийн ** дүгээр хороо, **** гудамж, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, О*******ын Ц*******ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.О*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
Нэхэмжлэгч О.Ц*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.О*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.О*******т холбогдуулан 5.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байх тул Э.О*******ыг эрэн сурвилжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Ц******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.О*******т холбогдуулан гэм хорын хохирол шаардаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.О*******ын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байх тул Э.О*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.****** дүүргийн ** дүгээр хороо, ********, **** тоот хаяг нь дээрх хороонд байдаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.О******* одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч О.Ц******* хуульд заасан харьяаллын дагуу Э.О*******ыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
5.О.Ц*******ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай, Э*******гийн О*******ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э*******гийн О*******ыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН