Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Н.Бд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

            Шүүх хуралдаанд:    

 

                   Прокурор                                             Б.Ж

    Шүүгдэгч                                             Н.Б

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Х.О

                  Нарийн бичгийн дарга                      Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Бд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон  шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 “Б” овгийн Н-н Б.

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг багийн Зээлийн 3-275 тоотод хамтран амьдарч А.Э-н бөгсөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Н-н Б-г зэвсэг тусгайлан бэтлгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2.4.д зааснаар шүүгдэгч Н.Б-г 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Н.Б-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Б-ний цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Давж заалдах шатны шүүхэд гаргасан  эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүүх шүүх Н.Бд холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д  хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Шүүх шүүгдэгч Н.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэргийг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3.д “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.

 

Шүүдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч Н.Бд ял шийтгэлйг оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд ял хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлыг нэг бүрчлэн тусгасан ба анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон үндэслэл уг заалтад тусгагдаагүй байна. Иймд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдлыг буруу тодорхойлж хүндрүүлж ял оногдуулсан гэж үзэж байна.

 

Хэрэгт Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн байдлын талаар хохирогч шүүх хуралдаанд тайлбарласан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй талаар мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах заалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан. Мөн анхан шатны шүүх нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2.д учруулсан хохирлоо төлсөн байдал тогтоогдож байхад “ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 заалтыг хэрэглэн шийтгэх тогтоолын 2 дахь заалт дахь 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэх заалтад өөрчлөлт оруулж, уг ялын гурваны хоёроос хэтрэхгүй ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 3-275 тоотод оршин суух  амьдардаг Б.Э-н гэрт архидан согтуурсан үедээ А.Э-н бөгсөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

         Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заагаагүй нөхцөл байдлуудыг дурдаж тухайлбал  ....шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, хүнд гэмт хэрэг үйлдсэн... гэж тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор дүгнэлт хийсэн буруу боловч шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.д заасан хорих ялын доод хэмжээний буюу 5 жил хорих ял онгдуулсан нь түүний үйлдсэн хэргийн шинж байдал, түүний гэм бурууд тохирсон байна.

 

         Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт буруу боловч шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй.

 

         Иймд прокурорын эсэргүүцлийн  ...шүүхийн буруу дүгнэлт  хийсэн ...гэсэн хэсгийг хүлээн авч, харин шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн хэсгийг, мөн  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ... Н.Бд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялын гуравны хоёроос хэтрэхгүйгээр хорих ялыг оногдуулж өгнө үү...гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1., 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн зарим хэсэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА

 

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА