| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 152/2019/00546/и |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 06
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.А-т холбогдох, нэр төр сэргээлгэж, 5.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Миний бие 1971-2002 оныг дуустал Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа системийн байгууллагуудад тасралтгүй 31 жил ажиллаж цэргийн тэтгэвэрт гарсан. Одоо амьдрал хэвийн, төр засаг, ах дүү, үр хүүхдүүдээс зээл, тусламж авах шаардлагагүй. Манай хүүхдүүд 1998, 2000 онуудад өрх тусгаарласан, хуулийн дагуу эрх, үүргээ хүлээх чадвартай, бие даасан иргэд болсон. Хүү Б.Ц, бэр Т.Б нар зах зээлийн тогтолцоо, улс орны хөгжлийн бодлогыг дагаж бусад иргэдийн адил үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар санал нэгдэж, цэвэр ус үйлдвэрлэн борлуулах чиглэлийн “Эрчис баялаг” ХХК байгуулахаар зорьж ажилдаа орсон. Ингээд гэрийн хашаанд ажлын байр барьж, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байсан учраас төр засгаас явуулж байсан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын ачаар 2013 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас боловсруулсан төсөл, урьдах ажлаа танилцуулан хүсэлт гаргаж 50.000.000 төгрөгийн зээл авч үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техник, түүхий эд материал татан авч цэвэр ус үйлдвэрлэн иргэдэд гараас гарт хүргэх зарчмаар аймагт анх удаа эхлүүлж одоог хүртэл тасралтгүй ажиллуулж байна. Тус компани нь тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангаж, хууль тогтоомжийн дагуу татвар хурааажийг төлж ажиллаж ирсэн болно. Хөдөө аж ахуйн банкнаас олгосон 50.000.000 төгрөгийн зээлийг, 12.573.000 төгрөгийн зээлийн хүүгийн хамт банктай байгуулсан зээлийн гэрээнд заасан графикт хугацаандаа 2018 оны 5 дугаар сард төлж дуусгасан байдаг. Эдгээр бүх процессийг би мэдэж байсан нь үнэн, гэхдээ би тэр зээлээс мөнгө аваагүй, төлөлцөөгүй, зөвхөн эд нарын асуудал байсан.
Гэтэл С.А гэгч нь “Аймгийн дарга асан Д.Ц эхнэрийнхээ төрсөн ах Д.Б-д жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тавин сая төгрөгийн зээл өгч, ард түмний боломж хулгайлсан” гэж олон нийтийн сүлжээгээр цуурч /удаа дараа/ миний нэр төрд бүдүүлгээр халдаж, улс төрийн ашиг хонжоо эрэн ах дүүсийг хамтаар нь доромжилсон гэж үзэж маш их гомдолтой байна. Би төрийн алба 30 гаруй жил хашихдаа өмнөх ажлаа хариуцлагатай үнэнч шудрагаар гүйцэтгэж, өгсөн цол хэргэмийг эдэлж шагнал урамшууллыг хүртэж байснаас арга хэмжээ авахуулж, ял шийтгүүлж байгаагүй. Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж миний нэр төрийг сэргээж, гүтгэн доромжилсон хариуцагч С.А-аас 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Монгол ардын намын гишүүн биш. Би Увс аймгийн Засаг дарга байсан Д.Ц нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийг өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж Fаcebook хуудсандаа “Д.Ц нь ард түмний боломжийг хулгайлсан” гэдэг байдлаар сэтгэгдэл бичсэн. Уг сэтгэгдлийг Д.Ба-ийн нэр төрд халдах зорилгоор бичээгүй. Мөн Д.Б гуай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох зорилгоор М.Г гэх хүнийг гэрчээр асуулгасан. Гэрч М.Г нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Миний бие 2013 оны 5 дугаар сард Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийн сонгон шалгаруулалтын комиссын даргаар ажиллаж байсан” гэсэн байна. Гэтэл Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ирүүлсэн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/42 тоот тогтоолын хуулбарт Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын бүрэлдэхүүнийг баталсан байх ба үүнд М.Г гэж хүний нэр огт байхгүй байна. Үүнээс үзэхэд М.Г гэх гэрч нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Мөн гэрч Б.Ц нь “Эрчис баялаг” ХХК-ийн нэр дээр зээл авсан гэсэн мэдүүлэг шүүхэд өгсөн байна. 2017 онд нэхэмжлэгч Д.Б нь “Эрчис баялаг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 81 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Хэдийгээр 2013 онд “Эрчис баялаг” ХХК нь Д.Б-ийн нэр дээр бүртгэлгүй байсан боловч түүний төрсөн хүү Б.Ц-ын нэр дээр бүртгэлтэй байж байгаад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийг авсны дараа, уг зээл төлөгдөж дуусаагүй байхад тус компанийг Д.Б нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа бөгөөд энэ нь Д.Б уг зээлийн хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Би иргэнийхээ хувьд өөрийн Facebook хуудсандаа үнэн зөв мэдээлэл оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн нэр төрийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч С.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Намайг иргэн Д.Б-ийн нэр төрд халдсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тухайн үеийн Аймгийн Засаг дарга Д.Ц-г хадам ахынхаа компанид жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгосон нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж бичсэн. Гэтэл Д.Б бус харин түүний хүү Б.Ц-ын нэр дээр бүртгэлтэй компани 2013 онд зээл авсан учраас гүтгэсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Д.Б нь 2017 онд "Эрчис баялаг" ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Би уг постоо 2019 онд бичсэн. Тэр үед энэ компанийг анхнаасаа хэний нэр дээр байсан хэрхэн шилжүүлснийг иргэний хувиар мэдэх боломжгүй байсан. Харин Засаг дарга асан Ц.Ц эхнэрийнхээ төрсөн ах Д.Б-ийн нэр дээр уг компани анхнаасаа байсан эсхүл түүний хүүгийн нэр дээр байгааг Д.Б-гийн нэр дээр бүртгэлтэй гэж ойлгох үндэслэлтэй байжээ.
Постын гол санаа бол Засаг дарга Ц өөрөө ЖДҮ төсөл шалгаруулах комисс ахалсан, үүнд шалгарсан компани нь хамаатан садных нь нэр дээр бүртгэлтэй байсан байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байна. Эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашигласан нь нотлогдсон эсэхээс үл хамааран өөрийн ахалсан комиссоос хамаатныхаа компанид зээл өгнө гэдэг бол давуу байдал олгосон, тал зассан гэж хардах хангалттай үндэслэл байна. Зүй нь хамаатныхаа компанийн шалгаруулалтад оролцохоос татгалзах байжээ. Хэрэв шүүгчийн шийдэж буй хэргийн нэг тал нь эхнэр юмуу, нөхрийнх нь ах, эсхүл тэр ахынх нь хүү байвал шүүгч татгалзан гардаг. Учир нь шүүгч шударгаар шийдсэн байсан ч нөгөө тал нь хамаатан садны талдаа шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр харддаг. Үүнтэй адил Засаг дарга Ц-ийн ахласан комисс шударга шийдсэн эсэхээс үл хамааран иргэд хардах үндэслэлтэй. Иймээс Ц эсхүл постод нэр нь дурдагдсан Д.Б нарыг гүтгэсэн гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжпэгч Д.Б-ийн хүсэлтээр тухайн үеийн Засаг даргын орлогч М.Г-аас мэдүүлэг авч ЖДҮ-ын комиссыг ахалж байсан мэтээр мэдүүлэг өгчээ. Гэтэл Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны А/42 тогтоолоор байгуулагдсан Аймгийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулах комиссын даргаар тухайн үеийн Аймгийн Засаг дарга Д.Цг томилсон нь баримтаар батлагдаж байгаа. Харин тухайн үеийн Засаг даргын орлогч М.Г-ыг комиссын даргаар томилсон тушаал шийдвэр байхгүй байна. Ингэхээр М.Г шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж хардах үндэслэлтэй байна.
Тухайн үеийн Засаг дарга Д.Ц нь хадам ахынхаа хүү болох Б.Ц-ын "Эрчис баялаг" ХХК-д ЖДҮ-ын зээл шалгаруулж олгосон нь үнэн. Энэ факт дээр үндэслээд “ард түмний боломжийг хулгайлсан” гэж хэлж буй нь үнэлэмжийн буюу үнэт зүйлийн шинжтэй илэрхийлэл тул нэр төрд халдаж гүтгэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь Фактын хувьд гүтгэлгийн тухай яригдах ба фактад үндэслэж хэлж буй үзэл бодлыг үнэн эсхүл худал гэх боломжгүй тул иргэн С.А миний бие бусдын нэр төрд халдаагүй, гүтгэлэг биш гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх хариуцагч С.А-т холбогдуулан гаргасан нэр төр сэргээж, 5.000.000 /тавин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.
Хариуцагч С.А 2019 оны 10 дугаар сард цахим мэдээллийн сүлжээнд өөрийн facebook хаягнаас “2013 онд АН-ын дарга, Засаг дарга Д.Цэндсүрэнгийн эхнэрийн төрсөн ах Д.Б ЖДҮ-ээс тавин сая төгрөгийн зээл авсан”, мөн “Д.Ц өөрөө ЖДҮ-ийн төсөл шалгаруулах комисс ахлаад Хадам ахдаа, хурлын төлөөлөгчиддөө ЖДҮ тараасан аймгийн ЖДҮ-ийн “Загалмайлсан эцэг мөртлөө бусдыг хээв нэг гэмт хэрэгт гүтгэж яллаж зогсох. Цайчихсан гар аа ха ха . Бусад нь ард түмний боломж хулгайлсан, манай хүний хадам ахдаа ЖДҮ өгдөг нь бол ариун явдал. Ам ажлын зөрүү гэж ха ха” гэж тус тус бичиж мэдээлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
Дээрх мэдээлэлд дурдагдсан Д.Б нь тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц-ийн эхнэрийн төрсөн ах буюу хадам ах мөн болох нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “Увс аймгийн Засаг дарга байсан Д.Ц-ийн эхнэр бол миний дүү байгаа юм. Миний хүү Б.Ц жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас зээл авсан нь үнэн. Гэхдээ миний дүү энэ асуудалд огт оролцоогүй. Миний хүү Б.Ц тодорхой болзол шаардлагуудыг хангаж уг зээлийг авсан, зээлээ хугацаанд нь төлж дуусгасан” гэх тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч “2013 онд “Эрчис Баялаг” ХХК аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авах үед би энэ компанитай ямар ч хамааралгүй байсан, гэтэл С.А нь миний нэрийг бичиж, хамаарал бүхий хүнээ ашиглан ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан гэж олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарааж, доромжилсонд гомдолтой байна” гэж тайлбарлан маргаж байгаа боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй буюу хариуцагчийн олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээллийн эх сурвалжийг үгүйсгэх үндэслэл бүхий нотолгоо баримт гаргаж мэтгэлцээгүй байна.
Хариуцагч С.А олон нийтийн мэдээллийн сүлжээнд дээрхи мэдээллийг нийтлэхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэсэн баримтыг мөн хамт тавьсан, уг баримтад “Эрчис баялаг” ХХК 2012 оны 6 дугаар сарын 19-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн, гүйцэтгэх захирлаар Салдангууд ургийн овогтой Дамбийн Батцэрэн гэж бүртгэгдсэн” талаар бичигдсэн, мөн “Эрчис баялаг “ХХК нь цэвэр усны үйлдвэрлэл явуулах зорилгоор 2013 онд тавин сая төгрөгийн зээл авсан, уг зээл төлөгдсөн талаар нийтэлснийг ор үндэслэлгүй, илт худал мэдээлэл байсан гэдгийг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй байна.
Тодруулбал: мэдээлэлд дурдагдсан, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, чацаргана боловсруулах, цэвэр ус, ундаа үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Эрчис баялаг“ ХХК /тухайн үед буюу 2013 онд захирлаар нэхэмжлэгч Б-ийн хүү Ц байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон/ нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас 50.000.000 төгрөгийн зээлийг ХААН банкны Увс аймгийн салбараар дамжуулан авсан, уг зээлийг 2018 онд төлж дуусгасан, “Эрчис Баялаг” ХХК-ийг 2013 онд аймгийн ЖДҮ-ийг дэмжих сангаас 50.0 сая төгрөгийн зээл авах үед Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц нь аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын даргаар ажиллаж байсан, түүнчлэн хариуцагчийг мэдээлэл нийтлэх үед буюу 2019 онд тус “Эрчис баялаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч Д.Батцэрэн ажиллаж байсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан “Эрчис баялаг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 8-р тал/, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар албан тоот /хх-ийн 51-р тал/, ХААН банкны Увс салбар болон “Эрчис баялаг” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь /хх-ийн 9-11/, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /хх-ийн 46-р тал/, Увс аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар дэмжигдсэн төслийн жагсаалт /хх-ийн 48-р тал, Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай албан бичиг /хх-ийн 47-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон.
Хэдийгээр 2013 оны 4 дүгээр сард “Эрчис баялаг” ХХК аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авах төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох үед нэхэмжлэгч Д.Б тухайн компанийн хувь эзэмшдэггүй, гүйцэтгэх удирдлагад байгаагүй, үйл ажиллагаанд оролцдоггүй байсан гэх боловч Д.Батцэрэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс мэдээлэл нийтэлсэн цаг хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь бодитой буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч мэдээлэл нийтлэхдээ энэ талаархи баримт нотолгоо болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг үндэслэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг няцааж, үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч С.А-ыг нэхэмжлэгчийн эсрэг, түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, эсхүл нэр төрд нь халдах зорилготой илт худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийн нэр төр сэргээлгэж, гэм хорын хохиролд 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Батцэрэнгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох зэрэг үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.А-т холбогдох, нэр төр сэргээлгэх, гэм хорын хохиролд 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.