Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00687

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00687

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч:  Чийн Лд холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 13,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,611.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233,167.77 төгрөг, нийт 17,312,779.41 (арван долоон сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун далан ес) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/00474 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Л нь ХААН банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №З************ тоот зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 750 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 722.65 төгрөг, нийт 1,472.65 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 13,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,611.64 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233,167.77 төгрөг хугацаа хэтрүүлээд 356 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр 13,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,611.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233,167.77 төгрөг, нийт 17,312,779.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Би ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би тус банкнаас 2022 онд 13,000,000 төгрөгийн малчны зээл авч, Түнэл сумын ХААН банкны эрхлэгч Т.Мт өгсөн юм. Намайг удаа дараа гуйгаад байсан тул уг зээлийг авч өгсөн. Гэтэл Т.М нь тус зээлээ төлөөгүй, би зээлийн төлбөрийг төлөөгүй гээд муу зээлдэгч гэх ангилалд орсон.

Нэгэнт би зээл авч Т.Мт өгсөн нь үнэн тул одоо банкнаас нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,312,779.41 төгрөгийг төлж барагдуулна. Харин Т.Мт холбогдуулан гомдол санал хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргаж шийдвэрлүүлэх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Лд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 13,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,611.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233,167.77 төгрөг, нийт 17,312,779.41 (арван долоон сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун далан ес) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...би зээл авч Т.Мт өгсөн нь үнэн тул одоо банкнаас нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,312,779.41 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,514 төгрөгийн тал хувь болох 122,257 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122,257 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 13,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,611.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233,167.77 төгрөг, нийт 17,312,779.41 (арван долоон сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун далан ес) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Л хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,514 төгрөгөөс 122,257 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Лгээс улсын тэмдэгтийн хураамж 122,257 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА