Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/02227

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/02227

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо,*******, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт С*******ийн Э*******ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б******* ХХК-тай байгуулсан үйлчилгээний талбай худалдан авах гэрээний дагуу Б******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *******3 тоот дансанд 5.000.000 шилжүүлэх гэж байгаад андуурч *******9 тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б******* ХХК-тай тооцоо нийлж буруу дансанд хийснээ мэдсэн. Мэдсэн даруйдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгээгүй иргэний журмаар шүүхэд ханд гэсэн. Данс андуурсан болохоор тухайн хүний хаяг болон хаана амьдардаг эсэхийг мэдэхгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 618 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Х*******ийн данс руу андуурч шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хариуцагчийн хаягийг мэдэхгүй тул С.Э*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х*******ийн оршин суух газрыг мэдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч С.Э******* хуульд заасан харьяаллын дагуу Д.Х*******ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суух газрын Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.С.Э*******ын хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

6.Хүсэлт гаргагч С.Э******* Д*******гийн Х*******ийн регистрийн дугаарыг мэдэхгүй гэх бөгөөд тэрээр Худалдаа хөгжлийн банкны *******9 тоот дансны дугаартай болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д*******гийн Х*******ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Х*******ийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийг гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН