| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00581/И |
| Дугаар | 155/ШШ2024/00758 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00758
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00758 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Мобифинанс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн,
Хариуцагч: Я-гийн Лд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 930,466 (есөн зуун гучин мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2022/00581/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Л нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 09 сарын 17-ны өдөр 140000580113 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Я.Л нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 03 сарын 10-ны өдөр сарын 2,2 хувийн хүүтэй 700,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Я.Лг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 06 сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 06 сарын 09-ний өдөр 50,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж, өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Я.Лгийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 600,794 төгрөг, зээлийн хүү 275,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,732 төгрөг, нийт 930,466 төгрөг гаргуулахаар байна.
Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Я.Лгээс зээлийн гэрээний үүрэгт 930,466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би Я.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэхэмжлэлийн хувь гардан авч танилцлаа. Я.Л нь Мобифинанс ББСБ ХХК-иас мэссэж зээлийн үйлчилгээ авсан нь үнэн гэсэн бөгөөд мобикомын дугаараа ашиглаагүй удсан учраас төлбөр гарсаныг мэдэлгүй хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа болно.
Я.Л нь одоо Мобифинанс ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 930,466 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Я.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 930,466 (есөн зуун гучин мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ...Я.Л нь одоо Мобифинанс ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 930,466 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,881 төгрөгийн тал хувь болох 13,440.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Я.Лгээс улсын тэмдэгтийн хураамж 13,440.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зээлийн гэрээний үүрэгт 930,466 (есөн зуун гучин мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг нэхэмжилснийг хариуцагч Я.Л хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,881 төгрөгөөс 13,440.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Я.Лгээс улсын тэмдэгтийн хураамж 13,440.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА