| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03134/И |
| Дугаар | 181/ШШ2024/02573 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02573
2024 06 26 181/ШШ2024/02573
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ТА ХХК /... тоотод оршин байх РД:... /-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Ө/РД:.../-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
Нэхэмжлэгч: ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТА ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ТА ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр СИ ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч О.Ө нь Талакси S23 загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хууг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн уйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү Зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт Зээлийн жилийн хүү: 42 %, 3.1.4 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа: 12 cap , 3.1.5 дахь хэсэгт Нэмэгдүүлсэн хүү: Төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20/хорин/ хувь байна гэж тус тус заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 119 хоногт үндсэн зээл 4,295,395 төгрөг, зээлийн хүү 589,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,403 төгрөг нийт 4,958,581 төгрөгийг төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч болон СИ ХХК-ийн хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу СИ ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 4,295,395 төгрөг, зээлийн хүү 589,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,403 төгрөг нийт 4,958,581 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 184/Ш32024/07236 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би хариуцагч О.Ө РД:... /Сонгинохайрхан дүүрэг, 41 хороо, Зээл 15 дугаар гудамж, 6 тоот/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТА ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Өг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
О.Ө нь 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, маягт зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
О.Ө нь Сонгинохайрхан дүүрэг, 41 хороо, Зээл 15 дугаар гудамж, 6 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 184/Ш32024/0... дугаартай захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу О.Ө/РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Ө/РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Өг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У/утас:.../-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА