Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0076

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            О.Эад холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

            Шүүх хуралдаанд:    

 

                    Прокурор                                      Л.О

                    Хохирогч                                    Э.Н

                    Хохирогчийн өмгөөлөгч           Б.Г

     Шүүгдэгчийн өмгөөлөгч          Р.Ц

                   Нарийн бичгийн дарга            Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолтой О.Эад холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Э.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт О-н Э.

 

            Шүүгдэгч О.Э нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 9 тоот хашаанд  өөрийн гэртээ Ч-н А-н зүүн гуяны урд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч А овгийн О-н Эыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.д  заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 10 жил хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар О.Эын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч О.Эыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар О.Эын цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар О.Эаас 4.200.000 төгрөг гаргаж хохирогч Э.Н-д олгох, 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 26.022.905 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх замаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 .д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн “Нутаг” нэртэй архины шил 1, цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 2, шоо дүрс бүхий урт ханцуйтай цамц 1, хар өнгийн үдээстэй эрэгтэй гутал 1 хос, хар өнгийн табчик 1, бор өнгийн модон иштэй 26.7 см урттай хутга 1, шар өнгийн хуванцар иштэй 26.5 см урттай хутга 1, хуванцар шар өнгийн иштэй 1 19.2 см урттай хутга тус бүр 1, хар өнгийн дотоож 1, хар өнгийн оймс 1, саарал өнгийн юүдэнтэй цамц 1, бор өнгийн суран тэлээ 1 зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Н давж заалдах гомдолдоо:

Хохирогч Э.Н миний бие 282 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй  давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч О.Э хохирогчийн талд хохирлын төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байхад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг ялыг хөнгөдүүлсэн гэж хохирогч миний бие үзэж байна.

Мөн 7, 21, 49 хоногуудад хоног хураасан зардлын баримтыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.т заасан оршуулгатай холбоотой зайлшгүй зардал биш байна гэсэн нь ойлгомжгүй байна. Монгол хүмүүс талийгаачийн хойноос аль болохоор л их буян үйлддэг. Энэ нь оршуулгатай холбоотой зардал биш гэж үү. Бид олон удаа Орхон аймаг явсан. /Шүүх хуралд очих, бинзен тосны зардал гэх мэт/. Гэтэл яагаад түүнийг хасаад байгаа юм бэ?.  

Өмгөөлөгчид төлсөн хөлсийг хассаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч миний бие өмгөөлөгчтэй тохиролцож урьдчилгаа 2.5 сая төгрөг өгсөн байсан баримтаа хэрэгт 2.5 сая төгрөгийг өгөөгүй ба тодорхой хугацаанд өмгөөлөгчид төлөхөөр  тохиролцсон тухай шүүх хуралдаанд хэлсэн. Энэ зардал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дэх зардалд хамаарахгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогч бид бусдын гарт талийгаачийг алуулаагүй бол өмгөөлөгч авч хөлс төлөх шаардлагагүй.

Ээжийг нь, охиныг нь алуурчинтай нь уулзана гээд өдөр шөнөгүй уйлаад байхаар нь олны газар сэтгэл санааг нь дэмжихээр амралтанд амраасан. Бидний буруу байсан гэж үү. Шүүх төр энэрэнгүй байдаг гэж шүүгдэгч О.Эад үзүүлж байна. Тэгвэл хохирогч бидэнд яаж харуулж  байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх хуралдааны үеэр хохирлын тооцоог буруу хийсэн /30 саяыг нэхэмжилснээс 26 саяыг хэрэгсэхгүй болголоо гэх мэт/ Бид 30 саяыг нэхэмжилсэн түүнээс 5 саяыг О.Эаас авсан. 4.2 сая төгрөг төлүүлэх тухай тогтоолд дурдсан юм бол 21 орчим саяыг хэрэгсэхгүй болгомоор.

Иймд шүүгдэгч О.Эын эдлэх ялыг хүндрүүлэх, хохирлын тооцоог үндэслэлтэй зөв болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа :

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна..,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ:

  Мөрдөн шалгах ажиллагааны үед хийвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн.., анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн.., шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.  

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

           Шүүгдэгч О.Э, хохирогч  Ч.А нар нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 09 тоот хашаанд О.Эын гэрт, хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж О.Э нь Ч.А-н зүүн гуяны урд хэсэгт хутгалж, гуяны тараагуур судсыг гэмтээсний улмаас хохирогч хурц гадуур цус алдалт, цус алдалтын шокод орж нас барсан  байна.

      

          Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

             - шүүгдэгч О.Эын мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн : ...тэр өдөр  бид хоёр архи уусан.., тэгээд талийгаач  гэнэтхэн босч ирээд  ...Гоймон Б гуай миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ .., чамаас мөнгө өг гээд нэхээд байгаа юм уу... гээд баруун талын мөрнөөс татахаар нь  би “ чи ямар ядаргаатай юм бэ, цааш унталдаа” гэж хэлээд мах огтолж байсан хутгатай баруун гараа хойш савтал талийгаачийн хөлөнд хүрэх шиг болсон.., талийгаач юм хэлээгүй орон дээр очоод дуугүй хэвтсэн..,  нэг  хартал  түүний өмд гуя хэсэгтээ цус болчихсон байсан.., Би гарч нэг шил архи авчраад талийгаачийг дуудахад сэрээгүй бөгөөд түүний толгойг өндийлгөхөд нүд нь сонин болсон байсан..., Би Цагдаагийн хэсэгт очих гэснээ зүрх хүрэлгүй буцаад  харьсан.... дараа нь  би “Моольт” дэлгүүр рүү явахдаа  хувцас цус болчихсон байхаар нь  өмд цамцаа солиод явсан нь үнэн..,  бор модон иштэй мах идэж байсан хутгаар  хатгасан..,  гэсэн мэдүүлэг болон хэргийн талаар мэдүүлсэн гэрч М.Э, Ж.О, Б.О, Б.Х, Ж.Б нарын мэдүүлэг, / хх-ийн 187-190., 191-192., 212-213., 218-219.,  222-223., -р хуудас/

 

           -Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 127., 2018 оны дугаар сарын 28-ны өдрийн 123., мөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5701.., 2108 оны 06 дугаар сарын 14-ны 109 дугаар дүгнэлт болон 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай:

 

       ...Талийгаачийн биед зүүн гуяны тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн хөмсөгт 1 тооны зүсэгдсэн шарх, баруун шилбэний урд дээд хэсэг, баруун шилбэний гадна доод хэсэгт 3 тооны шалбархай, зүүн өвдөгний дор, зүүн гуяны гадна дээд хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо..,  шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 5 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн.., зөөлөн эдэд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэнг шинэ гэмтлүүд .., талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.., Талийгаачийн үхлийн шалтгаан нь зүүн гуяны тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц гадуур цус алдалт, цус алдалтын шок болно..., хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ.., цогцосноос авсан цусанд этилийн спирт 4,4 промиль процент илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.., талийгаач нь А/II/ бүлгийн цустай, эргийн газрын үзлэг эхлэхээс өмнө нас бараад 2 цаг болоогүй байжээ.., Зүүн гуянд үүссэн тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас хойш, зүүнээс баруун тийш, доороос дээш чиглэлтэй бөгөөд уг гэмтлийг хохирогчийг босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд байхад үүсгэгдэж болно..,  гэсэн дүгнэлт,

           /2-р хх-ийн  02-09.,  14-40., 49., 53-58., 62 -р хуудас/  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-20-р хуудас/, хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-70-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.       

 

            Шүүх хохирогч Э.Н болон түүний өмгөөлөгчийн гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол оршуулгын зардал болон 7, 21, 49 хоногийн хоног хураах зардал 10,572,400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 12,281,670 төгрөг, ээжийг нь амралтанд амруулсаны амралтын зардал 1,400,000 төгрөг, эхнэр Б-н цалин зэрэг нийт 30,222,905 төгрөг нэхэмжилснээс 1 дүгээр хавтаст хэргийн 105-183-р хуудасд авагдсан нотлох баримтаар  тогтоогдож байгаа 9,200,000 төгрөгнөөс шүүгдэгч нь 5,000,000 төгрөг төлж барагдуулсаныг хасч үлдэх 4,200,000 төгрөгийг О.Эаас гаргах, зарим  зардал нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.д заасан “...оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал...”д хамаарахгүй, хохирогчийн өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр тохиролцсон хөлс 5,000,000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

          Түүнчлэн хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдийн тэжээгчээ алдасны тэтгэмжийн зөрүү гэж 12,281,670 төгрөг нэхэмжилсэнээс хэргийн  185-р хуудаст авагдсан тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн дэвтэрийг үндэслэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2., 508.3.д заасны дагуу тооцож хохирогч Ч.А-н цалингийн дундажыг 2-р хавтаст хэргийн 194 дүгээр хуудаст авагдсан хөдөлмөрийн хөлс,төлсөн шимтгэлийн лавлагааг үндэслэн 2014 оны 8-10 дугаар сард ажилласан 3 сарын хугацааны дундаж цалин 201,333 төгрөгөөр тооцвол нас барагчид өөрт нь болон тэтгэвэр авах эрхгүй /хөдөлмөрийн чадвартай эхнэр/ оногдох хэсгийг хасаад, насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг  хасахад /201.333:4=50.333 ₮ ., 1хүүхдэд 50.333 төгрөг х 2= 100.666₮-243000= /зөрүү гарахгүй байгаа талаар., хэргийн 235 дугаар хуудаст авагдсан “Билэг зоос” ХХК-ний 1,400,000 төгрөгний кассын орлогын баримтыг хохирогч “сэтгэл санааны байдлыг дээрдүүлэхээр ээж Нямжав болон талийгаачийн эхнэр хүүхдүүдийг 1,400,000 төгрөгөөр амралтанд амраасан зардал” гэж тайлбарласан нь сэтгэл санаанд учирсан хохирлыг шууд нотлохгүй, бусад баримтаар шууд нотлогдохгүй байгаа, эхнэр Б-н цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гэм хорын хохиролд шууд хамаарахгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

         Давж заалдах шатны шүүх нотлох баримтанд үндэслэн хохирогчийн нэхэмжилсэн 30,222,905 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаар тогтоогдож байгаа 9.200.000 төгрөгнөөс хохирогчид өгсөн 5.0 сая төгрөгийг хасаж  4,200,000 төгрөгний хэсгийг хангасан хэсгийг хэвээр үлдээж,  харин   өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийн, тэжээгчээ алдасны тэтгэврийн зөрүү 12,281,670 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хохирогч нь  нотлох баримтаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байх тул хэлэлцэхгүй орхиж., мөн шүүгдэгч О.Эын үйлдсэн гэмт хэргийн шинж, хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          

 

          Шүүгдэгч О.Эад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

 

           Иймд хохирогчийн Э.Н-н гаргасан давж заалдах гомдлын ...анхан шатны шүүх  шүүгдэгч О.Э ял оногдуулахдаа хохирлын төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байхад ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ял хөнгөдсөн... гэсэн хэсгийг хүлээн авч, ... шүүх хохирлыг бүрэн гаргаагүй ...гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 7  дугаар заалтыг :

- Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч  О-н Эад оногдуулсан 10 жил хорих ялыг  хаалттай  хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэж.,  

 

        -Нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийн,  тэжээгчээ алдасны тэтгэврийн зөрүү 12,281,670 төгрөгийн нэхэмжлэлийг тус, тус  хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь  нотлох баримтаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай ... гэж  өөрчлөн, тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Хохирогч Э.Н-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

       

  3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА