Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00144

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00144

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **********, ХААН банк ХК (*******)-ийн **********,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Г.А (***********),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Ч.Б (**********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 15,207,653.68 төгрөг, зээлийн хүү 1,078,348.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,392.12 төгрөг, нийт 16,413,394.79 (арван зургаан сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг далан есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2023/01320/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З ,

Хариуцагч Г.А, Ч.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь Г.А, Ч.Б  нарт холбогдуулан үндсэн зээл 15,207,653.68 төгрөг, зээлийн хүү 1,078,348.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,392.12 төгрөг, нийт 16,413,394.79 (арван зургаан сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг далан есөн мөнгө) төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.А, Ч.Б  нар нь ХААН банкны ********* дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,300,000 төгрөгийн зээл авсан бөгөөд ************** дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж өмнө нь авсан 8,300,000 төгрөгийн зээл дээр нэмж 21,500,000 төгрөгийн зээл авч, нийт 29,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар зээлж авсан. Уг зээлийг *************дугаартай малчны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 6 сараар сунгаж гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсан. Хариуцагч нар нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөр 18,920,902.75 төгрөг, зээлийн хүүд 5,219,783.38 төгрөг, нийт 24,140,686.13 төгрөг төлсөн.

Иймд ********** дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч Г.А, Ч.Б  нараас зээлийн үндсэн төлбөрт 15,207,653.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,078,348.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 127,392.12 төгрөг, нийт 16,413,394.9 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нараас хоёулангаас нь 16,413,394.9 төгрөгийг гаргуулна....гэв.

Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкнаас 29,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар зээл авсан нь үнэн. Гэрээний хугацааг 6 сараас сунгасан. Би зээл авсан гэдэг нь үнэн. Өмнөх 24,000,000 төгрөгийг би өөрөө төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг боломжтой байсан бол төлмөөр байгаа хэдий ч төлбөрийн чадваргүй байна. Миний хувьд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй байгаа учраас төлөхгүй. Бид гэрлэлтээ цуцлуулахад би гэрээсээ юу ч авахгүй гарсан. Мал, идээ, хөрөнгөө үлдээгээд ирсэн....гэв.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банк ХК-иас уг зээлийг авсан нь үнэн учраас зээлийн үлдэгдэл төлбөрийн тавин хувийг төлнө. Өмнөх төлсөн 24,000,000 төгрөгийг Г.А төлсөн гэж байгаа боловч бид хамтдаа мал, идээгээ зарж борлуулж төлсөн. Би өөрөө оюутан хүүхэдтэй учраас зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй. Бид гэрлэлтээ цуцлуулсан. Би одоо оюутан хүүхэдтэй. Би өөрт оногдсон 50 хувийг төлнө. Үлдсэн 50 хувийг Г.А төлөх боломжтой....гэв.

 

Нэхэмжлэгчээс ********* бүртгэлийн дугаартай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн *********** дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн ***********дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын ********** дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *********** дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ********дугаартай Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ********** дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ********** дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************* дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн өргөдөл гэх толгой бичвэр бүхий анкетийн хуулбарууд, Зээлийн өргөдөл хамтран үүрэг гүйцэтгэгч гэх толгой бичвэр бүхий маягтын хуулбар, зээлийн өргөдөл гэх толгой бичвэр бүхий маягтын хуулбар, зээлийн хүсэлт гэх маягтын хуулбарууд, ХААН банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудын хуулбарууд, Г.А, Ч.Б  нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, Г.А, Ч.Б  нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нарын хариу тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан *********** дугаартай Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.А, Ч.Б  нар нь ХААН банкны ******, ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,300,000 төгрөгийн зээл авсан бөгөөд ********** дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж өмнө нь авсан 8,300,000 төгрөгийн зээл дээр нэмж 21,500,000 төгрөгийн зээл авч, нийт 29,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар зээлж авсан. Уг зээлийг ******** дугаартай малчны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 6 сараар сунгаж гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсан. Хариуцагч нар нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөр 18,920,902.75 төгрөг, зээлийн хүүд 5,219,783.38 төгрөг, нийт 24,140,686.13 төгрөг төлсөн.

Иймд *********** дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч Г.А, Ч.Б  нараас зээлийн үндсэн төлбөрт 15,207,653.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,078,348.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 127,392.12 төгрөг, нийт 16,413,394.9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ХААН банкнаас 29,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар зээл авсан нь үнэн. Гэрээний хугацааг 6 сараас сунгасан. Бид гэрлэлтээ цуцлуулахад би гэрээсээ юу ч авахгүй гарсан. Мал, идээ, хөрөнгөө үлдээгээд ирсэн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй байгаа учраас төлөхгүй гэсэн байна.

4.Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ХААН банкнаас уг зээлийг авсан нь үнэн учраас зээлийн үлдэгдэл төлбөрийн тавин хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрнө. Бид гэрлэлтээ цуцлуулсан. Би өөрт оногдсон 50 хувийг төлнө. Үлдсэн 50 хувийг Г.А төлөх боломжтой гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

ХААН банк ХК-ийн гүйцэтгэх захирал ***** нь *********** дугаартай албан бичгээр ХААН банкны Хууль, эрх зүйн газрын захирал ****** нэхэмжлэл гаргах эрхийг олгожээ. (хх-ийн 4-дүгээр тал)

****** дугаартай албан бичгээр ХААН банк ХК-ийн ********** итгэмжлэл (хх-ийн 5 дугаар тал) олгосон байх ба уг итгэмжлэлээр ********** нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул ХААН банк ХК-ийн ********* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Г.А, Ч.Б  нар нь ХААН банкны ********** дугаартай зээлийн гэрээ, **** дугаартай барьцааны гэрээ зэргийг байгуулан 8,300,000 төгрөгийн зээлийг авч, уг зээл дээрээ нэмж ********* дугаартай зээлийн гэрээ, ******** дугаартай барьцааны гэрээ байгуулан 21,500,000 төгрөг, нийт 29,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгээр зээлж, зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт байрлах 808 толгой мал, гэр зэргийг барьцаалан авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******** дугаартай зээлийн гэрээ, *********** дугаартай зээлийн гэрээ, ************ дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 8-17 дугаар тал)

******** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 18 сараар сунгасан болох нь нотлогдлоо. (хх-ийн 18 дугаар тал)

Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан болох нь талуудын тайлбараар тогтоогдов.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 29,800,000 төгрөг авч, 24,140,686.13 төгрөгийг буцаан төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ******** нь хариуцагч Г.А, Ч.Б  нараас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу ХААН банк ХК нь шаардах эрхтэй.

Хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Г.А нь ...Би гэрлэлтээ цуцлуулахдаа Ч.Б* мал, эд хөрөнгөө үлдээсэн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй... гэх, хариуцагч Ч.Б нь ...Зээлийн үлдэгдэл төлбөрийн тавин хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрнө. Бид гэрлэлтээ цуцлуулсан. Үлдсэн 50 хувийг Г.А төлөх боломжтой... гэх тайлбарууд нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Иймд хариуцагч Г.А, Ч.Б  нараас үндсэн зээл 15,207,653.68 төгрөг, зээлийн хүү 1,078,348.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,392.12 төгрөг, нийт 16,413,394.79 (арван зургаан сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг далан есөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,017 (хоёр зуун дөчин мянга арван долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А, Ч.Б  нараас 16,413,394.79 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 240,017 (хоёр зуун дөчин мянга арван долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.А, Ч.Б  нараас үндсэн зээл 15,207,653.68 төгрөг, зээлийн хүү 1,078,348.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,392.12 төгрөг, нийт 16,413,394.79 (арван зургаан сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг далан есөн мөнгө) төгрөгийг гаргуулан ХААН банк ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,017 (хоёр зуун дөчин мянга арван долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А, Ч.Б  нараас улсын тэмдэгтийн хураамж 240,017 (хоёр зуун дөчин мянга арван долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ