Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00014

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02578 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ч-т холбогдох 

 

6 535 329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Ч-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 сард unegui.mn болон Remax-д тавьсан зуслангийн өвлийн байшин зарна гэсэн зарын дагуу 88008000 гэсэн утсаар Б.Ч-той холбогдоход бүх юмаа шийдсэн өвлийн зориулалттай лагерийн байшин зарна гэж хэлж байсан. Ингээд Б.Ч-той 2018 оны 06 дугаар сарын 12-нд уулзахад шинэ барьсан байшин болохоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй байгаа, та нар өөрсдөө гаргуулаад авчих гэхээр нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ /14021/, 15 дугаар хэсэг 1511 хаягт байрлах зуслангийн газар, шинэ барьсан байшингийн хамт 48 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Б.Ч-ийн Хаан банкны 5024285992 тоот дансанд 48 600 000 төгрөгийг шилжүүлж худалдан авсан. Б.Ч- нь уг газар, байшинг зарах үедээ уг байшингаа өвлийн зориулалттай, дулаалгатай МАК-ын блокоор барьсан байшин гэж зарсан боловч 2018 оны 09 сард намар анхны цас ороход дээврээс хайлсан цасны ус гоожиж, таазны засал болон паркетан шалыг засварлах шаардлагатай болсон.

Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед Б.Ч- руу залгахад утас нь холбогдохгүй байсан, байшинг зарах үед зар дээр байсан 98118030 дугаар руу залгаж энэ тухай найз нь гэх залууд хэлэхэд засаад өгье гэж хэлээд түүнээс хойш утсаа авахгүй алга болсон.

Иймд өөрсдөө барилгын мэргэжлийн хүн авчирч дээврийн нүхийг дотроос нь хөөс шахаж арга хэмжээ аваад 2018 оны 11 дүгээр сарын 17-нд өвлийн зориулалттай болгоход хэдий хэмжээний зардал гарахыг тогтоолгохын тулд “Тод үнэлгээ” ХХК-иар уг байшинг өвлийн зориулалттай болгож засварлахад хэдэн төгрөгийн зардал гарах талаар үнэлгээ хийлгэсэн. Иймд хариуцагч Б.Ч-оос уг худалдаж авсан байшинг өвлийн болгож засварлахад 6 315 329 төгрөг, үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 160 000 төгрөг, засварын үеэр гарсан шатахууны 40 000 төгрөг, ажлын хөлс 20 000 төгрөг, нийт 6 535 329 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, М.Жамъянчойжил нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч- нь иргэн Б.М-тай харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ зусланд 700 м.кв газрыг шилжүүлсэн. Мөн газар дээр барьсан хувийн сууцыг Б.М-д шилжүүлсэн. Б.М- нь Б.Ч-оос тус амины сууцыг өвлийн болгож засварлахад шаардагдах 6 315 329 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 160 000 төгрөг, засварын үеэр шатахууны зардал 40 000 төгрөг, ажлын хөлс 20 000 төгрөг, нийт 6 535 329 төгрөгийг нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Ч-оос 6 535 329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч Б.М- болон хариуцагч Б.Ч- нар 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 15 дугаар хэсэг 1511 тоот хаягт байрлах газрыг, шинэ барьсан байшингийн хамт 48 600 000 төгрөгөөр худалдан авахаар болж тухайн өдрөө хариуцагч Б.Ч-ийн “Хаан банк” ХХК дах харилцах дансанд мөнгийг шилжүүлсэн. Талуудын тухайн газарт байрлах орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй тул байшинтай холбоотой гэрээ хийгдээгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд иргэн Б.М- нь үүргээ биелүүлж Б.Ч-т 48 600 000 төгрөг бүрэн төлсөн бөгөөд худалдагч нь эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдагч талд шилжүүлэх ёстой ба худалдаж байгаа эд хөрөнгийг зориулалт, хэрэглээний шинж чанар зэрэг холбогдох үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх ёстой байсан.

Харин нэхэмжлэгч нь тухайн байшинг өвлийн зориулалттай, шалнаас халах цахилгаан халаалттай, шинэ барьсан байшин гэж худалдсан байдаг. Гэвч хариуцагчийн зүгээс тухайн байшин нь хуучин бөгөөд хүнээс худалдаж аваад засварлан зарсан гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдан авсан гэх Б.Баясгаланг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан. Мөн хуучин байшин авч байсан талаарх фото зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байсан.

Дээрхээс үзвэл Б.Ч- нь анх хэлцэл хийгдэх үеэс нэхэмжлэгчид худал мэдээлэл өгч тухайн байшинг худалдсан болох нь тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Б.Ч-т холбогдуулан худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал болох байшинг өвлийн зориулалттай болгож засварласан 6 315 329 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 160 000 төгрөг, шатахуун 40 000 төгрөг, ажлын хөлс 20 000 төгрөг, нийт 6 535 329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, зохигчийн тайлбараас үзвэл, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Ч- нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байршилтай, нэгж талбарын 18649326073715, гэрчилгээний 000737185 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг эрх хүлээн авагч Б.М-д шилжүүлэн өгөх нөхцлийг тодорхойлсон байх ба мөн өдөр Б.М- нь 48 600 000 төгрөгийг хариуцагч Б.Ч-ийн Хаан банк ХХК-ийн 5024285992 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх3-4, 7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ, хариуцагчид шилжүүлсэн 48 600 000 төгрөгөөр газар эзэмших эрхээс гадна, өвлийн байшин худалдан авахаар тохиролцсон боловч худалдагч нь худалдаж буй эд хөрөнгө буюу байшингийн талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй, гэрээний зүйл нь эрхийн зөрчилтэй байсны улмаас доголдол үүссэн гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл нь зуслангийн зориулалттай газар, байшин байсан талаар хэн аль нь маргаагүй.

Харин хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд өвлийн байшин худалдах, худалдан авах тухай тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өвлийн байшин худалдаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүлээн авах үедээ маргааны  зүйл болох байшинг бүхэлд нь шалгаж, доголдолтой эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлйин 255.1.1-т заасныг баримталсан нь буруу гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад хамаарах, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН